Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Анагаахын залуу мэргэжилтнүүд нийгэмд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүллээ

Анагаахын залуу мэргэжилтнүүд нийгэмд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүллээ

Цар тахал улс орнуудыг бие биетэйгээ ямар их харилцан хамааралтай гэдгийг харуулсан энэ үед анагаахын мэргэжилтнүүд зөвхөн салбарын мэдлэгээс гадна “дэлхийн иргэн” байхад шаардлагатай мэдлэг, чадваруудаа хөгжүүлэх шаардлага тулгарав. Энэ асуудлын хүрээнд Монгол Улс дахь НҮБ-ын Нийгэмлэг нь Ази Номхон Далайн Харилцан Ойлголцлын Төлөөх Боловсролын Төв (UNESCO APCEIU)-ийн дэмжлэгтэйгээр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Сувилахуйн сургуультай хамтран “Дэлхийн Иргэний Боловсролд анагаахын залуу мэргэжилтнүүдийн манлайллыг дэмжих” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууслаа.

Анагаахын салбарын залуу мэргэжилтнүүдийн нийгмийн хариуцлагыг сайжруулж, эрүүл мэндийн тэгш хүртээмжтэй байдалд залуучуудын оролцоо идэвхийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрт Улаанбаатар хот, орон нутаг болон гадаад улсаас 400 гаруй залуу мэргэжилтэн бүртгүүлжээ.

Хөтөлбөрийн хүрээнд 200 гаруй оролцогчийг нэг сарын турш танхим болон цахим хосолсон сургалт, хэлэлцүүлгүүдэд хамруулж, хүсэлт гаргаж шалгарсан 30 оролцогчийг бичил төсөл хэрэгжүүлэх боломжоор хангасан байна. Ийнхүү хөтөлбөрийн оролцогчдын санаачлан хэрэгжүүлсэн төслүүдийг танилцуулж байна.

“Эерэг өсвөр үе – Дэлхийн иргэн”

Өсвөр насны сурагчдын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих зорилготой “Эерэг өсвөр үе – Дэлхийн иргэн” төслийн хүрээнд цахим нөлөөллийн ажил болон танхимын сургалтыг зохион байгуулжээ. “Өнөөдөр хэр байвдаа” нөлөөллийн ажлаар дамжуулан сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, сэтгэлзүйн хямрал болон сэтгэцийн тулгамдсан асуудалд өртсөн хүүхдүүдийг ойлгох, хүндэтгэх, хүлээн зөвшөөрөхийг уриалсан байна. Харин танхимаар орсон хичээлээр сурагчид хорлогдсон үзэгний аргаар сөрөг мэдрэмж, таагүй бодлоо нээх, Эверлийн амьсгалын дасгал, мандала будах зэрэг стресс тайлах энгийн аргуудыг туршиж үзжээ. Сургалтад хамрагдсан сурагчид стресс тайлах амьсгалын дасгал, мандала будах дасгалууд үр дүнтэй байсныг онцолсон ба цаашид эдгээр аргыг тогтмол хэрэглэж байхаа илэрхийлжээ.

“Электрон тамхи миний сонголт биш”

Электрон тамхины хэрэглээ өсвөр үе, залуусын дунд дэлгэрч буйтай холбогдуулан сурагч болон оюутан залууст электрон тамхи хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдэл, хор уршгийн талаар мэдээлэл хүргэх төслийг хэрэгжүүлжээ. Ингэхдээ “Электрон тамхи миний сонголт биш” хуудсаар дамжуулан мэргэжлийн судалгаа шинжилгээнд суурилсан тоон үзүүлэлт, мэдээлэл, инфографик, постерыг цахим хэлбэрээр олон нийтэд түгээсэн ба одоогоор 20,000 гаруй хүнд хүрсэн байна. Түүнчлэн ЕБС-ийн дунд ангийн 70 сурагч болон их сургуулийн 60 оюутанд танхимын сургалт оржээ.

“Та амьдралд нуруугаа авахуулаад байгаа юм биш биз?”

Олон нийтийн дунд тархсан сэргийлж болохуйц нурууны өвдөлтөөс урьдчилан сэргийлэх,   нуруугаа хамгаалах арга, техникт суралцах “Та амьдралд   нуруугаа   авахуулаад   байгаа   юм биш биз” төслийг гуравдугаар баг санаачилсан байна. Төслийн хүрээнд нуруу нугасны гэмтэлд өртөх өндөр эрсдэлтэй бүлэг болох барилгын болон үйлдвэрлэлийн салбарын 60 ажилтанд танхимын сургалт орж хэрхэн өдөр тутамдаа нурууны өвдөлтөөс урьдчилан сэргийлэх боломжтой талаар ойлголт өгснөөс гадна олон нийтэд зориулсан цуврал бичлэгүүдийг боловсруулсан байна.

“Хайраар тэвэрье”

Тэврэлт нь ялангуяа бага насны хүүхдийн сэтгэхүй, бие бялдрын хөгжилд ихээхэн ач холбогдолтой аж. Иймд “Хайраар тэвэрье” төсөл нь бага насны хүүхдийн эрүүл өсөлт, хөгжлийн талаарх ойлголтуудыг эцэг эх, асран хамгаалагч нарт олгож, зөв дадал зуршил бий болгох зорилтуудын хүрээнд хэрэгжсэн байна. Тэврэлт бэлэглэх аян Ховд аймгийн Жаргалант сумын 16-р цэцэрлэгээс эхэлсэн бөгөөд энэхүү аянд улс даяар олон цэцэрлэг нэгдэж одоогоор 900 гаруй хүүхдийг хамруулжээ. Түүнчлэн “Хайрын таван хэл” сэдэвтэй сургалтыг JCI Монгол академийн сургагч багш эцэг, эхчүүдэд зориулан орсон байна.

Дэлхийн Иргэний Боловсролын тухай илүү их мэдээллийг НҮБ-ын Нийгэмлэгийн Facebook page болон UNESCO APCEIU-ийн цахим сургалтын платформоор дамжуулан аваарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)