Сайд Б.Чойжилсүрэнгийн эрчим хүчний салбарт “ажилладаг” “ГАЛ ХАМУУД”
Монгол Улсад эрчим хүч, дулааны систем доголдож, улсын нийслэл Улаанбаатар хот нь цагийн хувиараар цахилгаан, дулааны хязгаарлалтад өртсөн хүндхэн өвлийг туулж байна.
2026 оноос хойш МАН тасралтгүй 10 жил төрийн эрх барьж, түүнээс 5 жил Увс аймагт МАН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдон, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн ажилласан.
Энэ хугацаанд эрчим хүчний салбарт олон ч төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, улс орны хэмжээнд эрчим хүчний тасалдал доголдолгүй байх талаар төсвөөс их хэмжээний зардал гаргаж ирсэн ч тусыг эс олжээ.
Харин энэ 5 жилийн хугацаанд нийслэл хотод Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн үүсгэн байгуулсан барилга орон сууцны “Хурд” компанийн өндөр барилгууд хотын хаа сайгүй сүндэрлэн босож, тэр бүртээ цахилгаан дулаанаар түргэн шуурхай хангуулж ирсэн гэдгийг хэлэх нь зөв байх.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нутагтаа нэн элэгтэй хүн гэдэг. Тэрбээр Увс аймагт төрж өссөн бөгөөд Үндэсний бөхөөр бол “Дархан аварга” цолтон гэмээр Увс аймгаас тасралтгүй 5 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон, 18 дах жилдээ УИХ-ын гишүүнээр ажиллаж буй, Увсчууддаа бол “ДАРХАН ТҮШЭЭ УЛС ТӨРЧ” нэгэн юм.
Түүний ингэж олон сонгогдох нууцын цаана түүнийг УИХ-д нэр дэвшихэд орон нутагт нь сонгуулийн менежерээр нь ажиллаж байсан итгэлтэй хүмүүсээ үргэлж “дэмжиж”, тэднийг хөдөө хот гэлтгүй удирдах албан тушаалд томилж, эргээд тэдэнтэйгээ нийлж, эрчим хүний тендер, төсөл хөтөлбөрүүдийг “хамчихдаг” бололтой гэж хэлэхэд буруудахгүй аж.

Саяхан АТГ-аас ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнгийн орон тооны бус зөвлөх Б.Нямааг баруун аймгийн Дулааны станцын авлигын хэргээр шалгаж байгаа, мөн Чойжоо сайдыг АТГ-т шалгагдаж буй зөвлөх Б.Нямаатайгаа хамтран Зайсангийн аманд хотхон, хувийн сургууль, цэцэрлэг барьсан гэх мэдээллийг ЭРГЭЛТ.МН сайт баримттайгаар мэдээлсэн байсан.
Тэгвэл бид энэ удаад ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнгийн “гурван гал хам” буюу түүний томилгоогоор орон нутаг, эрчим хүчний салбарт ажиллаж, авлига, албан тушаалын “гэмт хэргийг үйлдсэн” байж болзошгүй ХАМААРАЛ БҮХИЙ НӨХДИЙН нь талаар мэдээлэл хүргэж байна.
1. ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнгийн багын найз, сонгуулийн нь менежерээр ажиллаж байсан, өдгөө Увс аймгийн ИТХ-н даргаар ажиллаж буй П.Баттулга. Тэрбээр өмнө нь Баруун бүсийн эрчим хүчний системийн даргаар ажиллаж байхдаа Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт дэвсгэрт байрладаг алтны уурхайн компанид тог татах зөвшөөрөл гаргаж өгсөн албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэг нь өдгөө АТГ-д шалгагдаж эхэлсэн.
2. “Увс хүнс” компанийн захирлаар ажиллаж байсан Л.Мөнхнаран нь ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнгийн сонгуулийнх менежерээр Увс аймгийн Хяргас сумыг хариуцан ажиллаж байсан өдгөө “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байна. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг дэвсгэрт байрлах Зэсийн уурхай руу 60 км зайд Өндөр хүчдэлийн шугамыг тухайн компанийн зардлаар, өөрийн байгууллагын ажилчидаар, 200 сая төгрөгт багтаан татсан хэргээр АТГ-т шалгагдаж эхэлжээ.
Ингэж Эрчим хүчний хууль дүрмийг зөрчин, алс хол газар хулгайгаар, холбогдох яам газрын зөвшөөрөлгүйгээр, өөрийн байгууллагын ажилчидаар хувийн хэвшлийн ажлыг хийлгэж өндөр хүчдэлийн шугам татуулах явцдаа байгууллагын хөрөнгө болох ЛАНД76 автомашиныг онхолдуулан унагаж, төрд хохирол учруулсан байна.

3. М.Мөнхөө нь ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнгийн 2020 онд сонгуулийн менежерээр нь ажиллаад сонгуулийн дараа ЭХЯ-ны харъяа байгууллага болох Увс аймгийн “Чандмань Увс” ОНӨХК-ийн захирлаар томилогдон ажиллаж байгаад Б.Чойжилсүрэнг ЭХ-ны сайдаар томилогдсоны дараа 2022 оны 8 сард нийслэл хотод шилжин ирж, “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн захирлаар ажилласан байдаг. “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн дөрөв дэх жилдээ удирдаж буй М.Мөнхөө өдгөө төрөөс төрсөн хамгийн баян захирлуудын нэг болж, долоон орон сууцанд тухалж, үйлчилгээний гурван барилга эзэмшиж, тансаг зэрэглэлийн Benz S400 хөлөглөж, 700 саяын хадгаламжаа үрж ядаж яваа. Тэгээд болоогүй, М.Мөнхөөгийн төрсөн эгч М.Жаргалсайханы хүү Б.Чинбат “Амгалан дулааны станц” ТӨХК-д ажлын бээлий, амны хаалт, 00-ийн цаас, сэлбэг, сантехникийн материал шахаж, хагартлаа хөлжиж буй тухай ЭРГЭЛТ.МН сайтад мэдээлсэн байна.
Эндээс харахад Эрчим хүчний салбар доголдож байгаагийн цаана үүссэн нөхцөл байдлын тодорхой хэсэг нь сайд Б.Чойжилсүрэнгийн өөрийн нь хамаарал бүхий этгээдийн оролцоотой юм биш биз гэсэн хардлага төрж байна.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...









