ОХУ-д төрийн эргэлт болох эсвэл Путин нас барахаас нааш дайн дуусахгүй гэв
ОХУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-нд Украинд цэргээ оруулах тушаал өгөхдөө хурдан ялалт байгуулж, түүхэнд бичигдэж, ЗХУ задран унаснаас хойших хамгийн том ялалтыг байгуулж, АНУ-д сургамж өгнө гэж найдаж байсан. Гэхдээ түүний буруу байсан. Дайны улмаас олон зуун мянган хүн амь үрэгдэж, шархадсан. ОХУ-ын арми одоо АНУ тэргүүтэй НАТО-гийн цэргийн эвслийн дэмжлэгтэй хүчирхэг Украинтай тулгарч байна.
Кремлийн ойрын сурвалж "Би томоохон довтолгоо, эсвэл оросууд соёл иргэншсэн ертөнцийг бүхэлд нь ялах магадлалд итгэхгүй байна" гэжээ. Мөн дайн маш удаан үргэлжлэх болно гэж мэдэгджээ. Украины зүүн нутагт Малайзын агаарын тээврийн онгоцыг сөнөөхөд тусалсан хэргээр олон улсын шүүхээс ял сонссон Игорь Гиркин "Бид туйлын парадокс байдалд байна. Үүнийг өөрчлөх боломжгүй. Учир нь, Оросын арми Ерөнхийлөгчийн өөрийн үзэмжээр бүрдүүлсэн чадваргүй удирдлагатай. Гэхдээ Ерөнхийлөгч солигдвол байдал бүүр дордоно” гэжээ. Тулалдааны талбараас гадна Орос барууны хамгийн хатуу хориг арга хэмжээнд өртөж, гэнэтийн өргөн цар хүрээтэй, удаан үргэлжилсэн дайны зардлыг гаргах шаардлагатай болсон.Өнгөрсөн намар эдийн засгийн идэвхтэй 300 мянга гаруй эрэгтэйчүүдийг дайчлах шийдвэр гаргасан нь олон зуун мянган хүнийг Оросоос дүрвэхэд хүргэсэн. Төрийн департаментад ажиллаж байсан RAND корпорацийн мэргэжилтэн Самуэл Чарап "Энэ дайн бол Путины хийж байсан хамгийн муу үр дагавартай үйл ажиллагаа бөгөөд Оросын хувьд энэ бол ЗХУ задарснаас хойших хамгийн алдагдал ихтэй мөрийтэй тоглоом юм” гэжээ.
УРТ ТОГЛООМ
Фронтын шугам 850 км (530 миль) үргэлжилж буй тулалдааны талбараас их зүйл шалтгаална. Аль аль талдаа агаарын давуу тал байхгүй. Хоёулаа их хэмжээний хохирол амссан. Барууны орнууд хэдэн арван тэрбум ам.долларын буу, сум, пуужин, тагнуулын мэдээллээр хангасны дараа илүү дэвшилтэт, урт тусгалын зэвсэг Украинд нийлүүлж байна. Москвад суух Элчин сайд асан, АНУ-ын Тагнуулын Төв Газрын (ТТГ) захирал Уильям Бернс өнгөрсөн хоёрдугаар сарын 2-нд Жоржтауны Гадаад харилцааны сургуульд тавьсан илтгэлдээ "Ирэх зургаан сар миний бодлоор ТТГ-аас хийсэн бидний үнэлгээ маш чухал байх болно. Тулалдааны талбар дахь бодит байдал нь Путины бардам занг шалд нь буулгаж, арми нь урагшилж чадахгүй, харин эзэлсэн газар нутгаа л алдах болно гэдгийг харуулж байна” гэжээ. Түүнчлэн нэрээ нууцлахыг хүссэн өөр нэгэн албан тушаалтан “Оросын элит доторх зарим хүн санал зөрөлдөж, Орос биш барууныхан ялагдана гэж хэлдэг. Харин Ерөнхийлөгч Путин Украинд ялалт байгуулж чадна гэж итгэж байна. Тэр мэдээж дайнд ялагдахгүй. Украин ямар ялалт, ялагдал хүлээхийг Кремль ч, барууныхан ч мэдэхгүй. Иймээс дайн удахгүй дуусна гэж итгэх үндэслэл багатай. Путин нас барах эсвэл төрийн эргэлт хийхгүй л бол эцсээ хүртэл засгийн эрхэнд байх болно, гэхдээ одоо бол аль нь болох магадлал бага байна. Путин дайнд ялж чадахгүй ч ялагдаж чадахгүй гэдгээ мэдэж байгаа” гэжээ.
Эх сурвалж: Yahoo News