Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.10.16

АНУ-ын шүүх тагнуул хийсэн хятад инженерт 8 жилийн ял оноов

АНУ-ын шүүх тагнуул хийсэн хятад инженерт 8 жилийн ял оноов

АНУ-ын шүүх тус улсын инженерүүд болон эрдэмтдийн талаар мэдээлэл цуглуулж, тагнуул хийж байсан хятад инженерт өнгөрсөн Лхагва гаригт найман жилийн хорих ял оноожээ. Өдгөө 31 настай Жи Чаокун 2013 онд Иллинойсын Технологийн дээд сургуульд цахилгааны инженер мэргэжлээр суралцахаар АНУ-д ирсэн байна. Улмаар АНУ-ын армийн нөөцөд цэргийн алба хаажээ. Сургуулиа төгсөөд жилийн дараа буюу 2016 онд Жи армийн хөтөлбөрт хамрагдсан аж. Хөтөлбөрт хамрагдах өргөдөлдөө тэр сүүлийн долоон жилийн хугацаанд гадаадын засгийн газартай ямар ч холбоо бариагүй гэж худал мэдүүлжээ.

Түүнийг өнгөрсөн оны есдүгээр сард БНХАУ-ын Төрийн аюулгүй байдлын яамны төлөөлөгчөөр хууль бусаар ажиллаж, АНУ-ын армид худал мэдээлэл өгсөн хэргээр буруутгасан байна. Тэр 2018 онд өөрийгөө Хятадын Аюулгүй байдлын яамны төлөөлөгч гэж танилцуулж байжээ. Энэ хуурамч албан тушаалаараа далимдуулж АНУ-ын хууль сахиулах албаны нууц ажилтантай хэд хэдэн удаа уулзсан аж.

АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлснээр, Жи Чаокун Хятадын тагнуулаар элсүүлэх боломжтой хүмүүсийн намтар мэдээллийг цааш нь өгөх үүрэгтэй байсан. Энэ хүмүүсийн дунд АНУ-д инженер, эрдэмтэн мэргэжлээр ажиллаж байсан Хятадын иргэд байсан бөгөөд тэдний зарим нь АНУ-ын батлан хамгаалахын компаниудад ажиллаж байжээ.

Түүнийг Хятадын Аюулгүй байдлын яамны Жянсу муж дахь салбарын дэд захирал Сюй Янжүний заавраар ажиллаж байсныг тогтоосон байна. Сюй Янжүн нь өнгөрсөн жил АНУ-ын нисэх, сансар судлалын хэд хэдэн компанийн худалдааны нууцыг хулгайлахыг завдсан хэргээр 20 жилийн ял авчээ.

Эх сурвалж: CNN

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)