Буудуулсныхаа дараа ангийнхныгаа аюулгүй газарт хүргэсэн багш олны талархлыг хүлээж байна
АНУ-ын Виржиниа мужид зургаан настай хүү ээжийнхээ гэртээ хадгалж байсан бууг ангидаа авчирч, гал нээснээр багшийгаа цээжинд нь оносон хэрэг гарчээ.
Абигаил Звернер бага сургуульд хичээл заадаг 25 настай багш юм. Түүний буудуулсныхаа дараа хийсэн үйлдэл нь олон нийтэд “баатарлаг” хэмээн шагшигдах шалтгаан болжээ.
Бууны сум Абигаил Звернер багшийн гарыг нэвтлэн цээжин тус газар нь оносон байна. Гэсэн хэдий ч тэрбээр буудуулсныхаа дараа өөрийгөө үл хайхран ангийнхаа хүүхдүүдийг аюулгүй газарт хүргэжээ.
Түүнийг өөрийгөө умартсан үйлдлээрээ олон хүүхдийн амь аварсныг Цагдаагийн дарга Дрю Скотт эл хэргийн талаар олон нийтэд мэдээлэх үедээ онцолсон байна.
Түүнчлэн “Багш ангийн хүүхдүүдээ аюулгүйгээр өөр анги руу явуулж, өөрөө хамгийн сүүлд өрөөнөөс гарсан. Ангидаа галт зэвсэг авчирсан хүүгийн үйлдэл багшийг оноод зогссон. Үүнээс ч илүү муу зүйл тохиолдож болох байсан” гэжээ.
Хүүгийн ээж галт зэвсгийг хууль ёсны дагуу худалдаж авсан болохыг албаныхан тодотгов.
Цагдаа нарыг сургууль дээр ирэхэд зургаан настай хүүг тэнхимийн нэгэн багш нь өрөөнд саатуулж байжээ. Одоогоор хүүхдийг эмчилгээнд явуулж буй бөгөөд 96 цагийн дотор түүнийг шүүгчийн өмнө аваачих ёстой бөгөөд, шүүх хэрхэн шийдэх нь тодорхой биш талаар Цагдаагийн дарга Дрю Скотт мэдээлжээ.
Абигаил Звернер багш сургуулийнхаа ойролцоох эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа аж. Тэрбээр цагдаагийнхан болон бусад албаныхан эмнэлэгт ирэхэд зөвхөн “Манай сурагчид ямархуу байна вэ. Та бүхэнд мэдэж байгаа зүйл байна уу” хэмээн давтан давтан асуужээ.
Эх сурвалж: Today