Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Өмнөхөөсөө хоёр дахин бага зардлаар орон нутаг руу нисэх боломж бүрджээ

Өмнөхөөсөө хоёр дахин бага зардлаар орон нутаг руу нисэх боломж бүрджээ

Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн орон нутгийн нислэгийн үнийг 50-70 хувь багасгах боломжтой өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хэлсэн үг итгэхэд бэрх сонсогдож байв. Нийтийн бие засах газар хүртэл 100 төгрөгөө 200 болгож нэмчихээд шатахууны үнийн өсөлт рүү заадаг байхад онгоцны тийзийг эрс хямдруулах нь хэлэхэд амархан, хийхэд хэцүү ажил. Харин энэ үг долоон сарын дараа биеллээ олж, МИАТ-ийн онгоц зургадугаар сарын 30-нд Ховд руу нислээ. МИАТ 15 жилийн дараа дотоодын нислэгээ сэргээж байгаа нь энэ юм.

Өлгий, Ховдоос хот ороод буцах тасалбар хоёр талдаа 1,5-1,7 сая байсан бол 810-902 мянган төгрөг болж хямдарсан байна. Улаангом, Улиастай чиглэлд хоёр талдаа 1,3-1,4 сая төгрөг төлдөг байсан бол 633-852 мянга болсон байна.  Даланзадгад руу  500-617 мянган, Мөрөн рүү 500-680 мянгад, Алтай руу 733-852 мянга, Чойбалсан 537-617 мянган төгрөг болжээ. Орон нутаг руу онгоцоор ирж очих үнэ тариф 2,-2,5 дахин хямдарсан байна. Засгийн газрын ХЭГ-ын харъяаны 1111 төвд орон нутгийн нислэгийн үнэ их байгаа тухай гомдол багагүй ирдэг. ШӨХТГ шалгалт явуулдаг боловч дангаар ноёрхол тогтсон нөхцөл байдлыг сануулах, торгох зэргээр үндсээр нь өөрчилж, үнэ тарифыг нь буулгах боломжгүй.

Нэг удаагийн биш, зөвхөн наадамд зориулсан ч бус байнгын big sale  зарлаж буй энэ “бэлэг”-ийн өртөгт төсвөөс хөнгөлөлт, татаас орж шингээгүй. Цэвэр бизнесийн өрсөлдөөний зарчим үйлчилж байна. Хувийн хоёрхон компани хөдөө, орон нутагт нисч, монополь тогтоосныг задалснаар нислэгийн тасалбарын тариф буурч байна гэсэн үг. Зорчигч цөөн тул “АэроМонголиа” долдугаар сараас бүх нислэгээ, “Хүннү эйр” энэ сарын эцсээр баруун аймгуудын чиглэлээ цуцалсан. Нэг хүнд оногдох газар нутгаар дэлхийд тэргүүлдэг, хүн амын сийрэг суурьшилтай Монголд хот, хөдөөгийн хооронд зорчигсдын дөнгөж 0,1 хувь нь онгоц сонгодог. “Хөвөн үүлсийн дээгүүр, хөхрөх уулсын доогуур” газрын хол, усны уртыг цаг хугацаатай товчлон, хүрэх агаарын замыг  99,99% нь сонгодоггүй нь олон шалтгаантай боловч хамгийн гол нь үнэ тариф.  Газраар цаг хэмнэхгүй ч зардал мөнгө нь хямд учир дийлэнх тохиолдолд машинаар  зорчдог. Өлгий рүү хоёр талдаа 1,7 сая бол Сөүл рүү тийм үнээр очоод ирж болдог. Орон нутгийн нислэгийн зах зээлд хоёрхон компанийн хооронд өрсөлдөөн гэхээр юм байсангүй нь үнэ өсөх үндсэн шалтгаан болж байсан. 89 хувь буюу 10 зорчигчийн 9 нь аймгийн төвийг зорьсон иргэд биш уул уурхайн ажил хэргийнхэн. 11 хувь буюу 10 зорчигчийн 1 нь зуны гурван сард нийслэлээс алслагдсан Ховд, Өлгий, Улаангом руу явах жуулчид. Дотоодын нислэгийн төлбөр Сөүл, Бээжингээс Америк хүрэхэд зарцуулах мөнгөнөөс их болчихоод байдагт өрсөлдөөн үгүйгээс гадна мэдээж түлш шатахууны үнийн өсөлт, валюттай харьцах төгрөгийн ханшны сулрал. “Сод Монгол”, “Шунхлай”, “Монголиа авиашин фүел”, “Эрчис ойл” гэсэн хувь, хувьсгалын 4 компани Оросын “Роснефть”, “Газпром”-оос агаарын хөлгийн ТС-1 түлш импортолдог. “Эрчис ойл” ТӨХК 3,713 төгрөгөөр сумлаж байгаа нь дэлхийн зах зээлийн ханшаас 49%, хилийн үнээс 13% өндөр. “Монголиа авиашин фүел”-ийнх олон улсын зах зээлийн ханшаас 100%, хилийн үнээс 44%-иар илүү байх жишээтэй. Агаарын тээвэрлэгч өөрийн зардлаар онгоц сумлах түлшээ орон нутагт хүргэдэг нь хөдөөгөөс хот руу нисэх үнэ өсөхөд нөлөөлдөг.      

Хувийн компаниудын онгоцны суудал дүүргэлт бага учир ашгаа бодоод нислэгүүдээ цуцалдаг. Засгийн газар хувийн авиа компаниудтай ширээний ард сууж, үнэ тарифаа буулгах боломжийг судалж үзэхийг хүсч, яриа хэлцэл өрнүүлсэн боловч тэд ашиггүй гэж үзжээ. Онгоц нь 70 хувийн суудал дүүргэлттэй байж алдагдалгүй байх тооцоотой. Харин дундач суудал дүүргэлт нь 71 хувь байдаг нь алдагдалтай нислэг олон тохиолддог, хуваариа цуцалдаг нь үүнээс улбаатай. Энэ оны 4-10 дугаар сар хүртэл хугацаанд төлөвлөгдсөн 694 нислэг цуцлагдсан байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МИАТ-д орон нутгийн нислэгээ шинээр сэргээх, хот, хөдөөг  зорихдоо үнэ тарифаа буулгах арга зам олж, эрэл хайгуул хийхийг 2022 оны 11-р сараас үүрэг чиглэл болгосноор судлан тооцоолж эхэлжээ. Эхний ээлжинд 50-70 хувь, хоёр талдаа 2-оос 2,5 дахин хямдруулах боломжтойг судлан тооцоолсон байна. Хувийн цөөн компанийн монополийг задалж, чөлөөт өрсөлдөөн үүсгэж, нэг удаагийн нислэгээс цөм хийх биш тогтмол үйлчилж, тогтвортой ажиллах бодлого зорилт, бизнес төлөвлөгөөний үр дүнгээр үнэ хямдарч эхэлж байна. Эхэлж байна гэдэг нь хямдарсан үнэ ахиад хямдарна. “МИАТ” Өмнөд Африкийн CEM AIR компаниас CRJ-200 онгоц нойтон түрээсээр авч, 8 чиглэлд 7 хоногт 1-3 удаа нисч эхэлсэн. Хуурай түрээсийн онгоц нь 11-р сард ирэхээр нисдэг давтамж нь нэмэгдэж, үнэ нь ахиад буух юм байна. Нойтон түрээс гэдэг нь инженер техникийн зэрэг сервис, үйлчилгээ нь дагалддаг. Хуурай гэдэг нь түрээсээ дагалдах олон төрлийн үйлчилгээ нь шингээгүй, зөвхөн онгоцоо авдаг. Ийм нөхцлөөр авахаар өртөг нь багасна, дагаад үнээ буулгах боломж нэмэгддэг юм байна. Хуурай түрээсээр онгоцоо авахаар нислэгийнх нь тоо давтамж өсч, 7 хоногт 5-7 удаа нисэхээ төлөвлөжээ. Нислэгийн давтамж, зорчигчдын урсгал нэмэгдэхийн хэрээр нэг зорчигчоос авах үнэ тарифаа буулгах боломж бүрдүүлэх тооцоо судалгаа гэсэн үг.

МИАТ-ын 8 чиглэл дэх зуны нислэгийн цагийн хуваарь гарчээ. Ихэвчлэн өглөө, өдрөөр МИАТ нисэх болсон нь баруун аймгуудын чиглэлд үлдсэн “Хүннү Эйр”- шөнийн цагийн хуваарьтай давхцахгүй юм байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МИАТ орон нутгийн нислэгээ сэргээсэн өдөр “Цаашид авиа компаниуд чөлөөтэй өрсөлдөх, энэ салбарт орж ирэхийг дэмжих болно. Аж ахуйн нэгжүүд зах зээлийн давамгай байдал, тусгай зөвшөөрлөө ашиглаж үзүүлж буй үйлчилгээ, нийлүүлу буй бүтээгдэхүүнээ хязгаарладаг, үнийг нь өсгөдөг, зохиомол хомсдол үүсгэдэг үзэгдэл байх ёсгүй” гэж хэлсэн. Хөнгөлөлт, татаасаар биш үнэ тариф, үйлчилгээний чанар, цаг агаарын ноцтой үзэгдлээс бусад үед хуваарьт нислэгээ ягштал мөрддөг соёл зэрэг чөлөөт өрсөлдөөний боломжийг ашиглах нь тодорохой байна. 

2023 онд олон аймагт тэгш ойгоо тэмдэглэх, гадаад, дотоодын жуулчдын урсгал өсч буй оргил үед МИАТ 15 жилийн дараа орон нутгийн нислэгээ сэргээсэн нь дотоодын агаарын тээврийн зах зээлд чөлөөт өрсөлдөөн үүсч, үр шимийг нь иргэд хүртэх хувьсгалын тохироо бүрдлээ. Хөдөө рүү нис! Үнэ нь 2-2,5 дахин хямдарсан. Намар ахиад ч хямдарна. МИАТ нэг зорчигчтой байсан ч хуваариараа ниснэ. 

Б.ЭГШИГ

Эх сурвалж: itoim.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)