Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Явганаар хальтирч, гэмтсэн иргэдийн хохирлыг Нийслэл хариуцах уу?

Явганаар хальтирч, гэмтсэн иргэдийн хохирлыг Нийслэл хариуцах уу?

Өнгөрсөн ням гарагт Улаанбаатар хотод орсон цасны “ачаар” Нийслэлийн иргэд “тэнцвэрийн урлаг”-ийг дээд зэргээр эзэмшиж байна. Улаанбаатарын гудамж талбай, зам харгуй, явган хүний гарцууд бүхэлдээ мөсөн бүрхүүлээр хучигдаж, иргэд “уран гулгалтын бэлтгэл хийсээр” хэд хоногийг үдлээ.

Өдгөө Улаанбаатар хот байгуулагдсаны 383, НИТХ үүссэний 30 жилийн ой тохиож буй. Гэвч нийслэл хот минь  багахан байгалийн үзэгдэлд л “сөхрөх” хэмжээнд байгааг харахад сэтгэл эмзэглэнэ.

Нийслэлийн удирдлага, дарга сайдууд нь Яармагийн шинэ оффистоо чуулж, Улаанбаатараа нийслэл шиг нийслэл болгочихсон юм шиг аашлан, хий магтаалаар биесээ хөөргөж суухад жирийн иргэд нь халтирч  унахгүйн тулд “тэмцэж”, мөсөн  зам  дээр “пингвин” алхаагаар паацганаж явна.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх чиглэлд хийж буй ажлын талаар Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг ярихдаа “Өнгөрсөн амралтын өдрүүдээр хот тохижилтын 400 гаруй алба хаагч, ажилчин 40 гаруй техник хэрэгсэлтэй 48 цагийн турш ажиллаж, төв магистрал замын цасыг цэвэрлэж, хүлээсэн үүргээ биелүүлж ажиллалаа. Улаанбаатар хотын хэмжээнд манай байгууллага 195 тонн бодис, 42 тонн давс зарцуулж, замын халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээг аваад байна.

Давс, бодис цацдаг машины тоог цаашид ч нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээг авч, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдийнх шиг их хэмжээний цас орсон тохиолдолд есөн удаагийн нөөц бий. Дүүргүүдэд мөн давс, бодисын нөөц хангалттай байгаа” гэжээ.

Хэдий албаны хүний амнаас ийм үг гарч байгаа ч бодит байдал дээр шал өөр дүр зураг ажиглагдана. Гудамж талбайд цаг агаарын хүнд нөхцөлд ажиллаж байдаг ТҮК-ын ажилчид л  хүрзнийхээ ишээр хөлдүү мөс нүдэж харагдах. Тэр зориулалтын машин техникүүд хаана яваад, хотыг “мөсөн гамшгаас” гэтэлгэж байгаа юм бол бүү мэд...

Явган хүний зам, талбайг хэрхэн цэвэрлэж байгааг Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад “Нийслэл болон дүүргүүдийн хот тохижилтын ажилчид сүүлийн 48 цаг тасралтгүй ажиллаж, зам талбай цэвэрлэж байна. Холбогдох газраас шаардлагатай арга хэмжээг авч, хүн хүчээ дайчлан ажиллаж байгаа ч бүх замыг цэвэрлэх, тэр дундаа явган хүний замд анхаарах боломж хомс, цаг хугацааны хувьд давчуу байна” гэжээ.

Нийслэлд иргэд автобус, унааны буудал хүртэл явганаар зорчдог. Гэтэл явган хүний замыг цэвэрлэхэд анхаарахгүй байгаа нь сонирхол татам. Иргэнээ “хайрладаг” төрийн бодлого ийм байдаг бололтой.

Ойчоод боссон иргэдийн төрхнөөс өнөөгийн хотын хөгжлийн нүүр царайг тольдож болох бол сүртэй ой тэмдэглэж байгаа “сүрдэм” дарга нарын бахдам царай юу илэрхийлнэм бэ?

Иргэд нь эрсдэл дунд “амь дүйж”, “томчууд” нь харин тоомжиргүй загнан, бие биедээ ойн медаль гардуулж, “эрхлэлддэг” ийм ёс Монголоос өөр хаана ч байхгүй.

Явганаас хальтирч гэмтсэн иргэдийн хохирлыг Нийслэл хариуцах ёстой. Гэтэл “хальтарч унаснаа гэрэл зургаар баталгаажуул” гэх тэнэглэлээр иргэдийг доромжилж, аж ахуйн нэгж, байгууллагуудаар бамбай хийн хариуцлагаас бултаж байгаа нь манай “аваргуудын” үе дамжсан "арга заль" гэлтэй...

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)