Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Ерөнхий сайд Цэцэд хандаж, яамдыг орон нутгууд руу нүүлгэнэ

Ерөнхий сайд Цэцэд хандаж, яамдыг орон нутгууд руу нүүлгэнэ

"Хөдөөгийн сэргэлт" үндэсний чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцохдоо Улаанбаатар хот дахь төрийн байгууллагын төвлөрлийг сааруулна гэдгийг хэлсэн.

Тодруулбал, яамдыг хөдөө орон нутгууд руу шилжүүлнэ гэдэг асуудлыг хөндсөн юм. Гэхдээ Үндсэн хуульд төрийн захиргааны төв байгууллагууд Улаанбаатар хотод байрлана гэж заасан байдаг учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж, яамдыг хөдөө орон нутаг руу нүүлгэх боломжтой болно. Тэгвэл Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд хандаж төрийн захиргааны байгууллага гэж аль алийг хэлэх вэ гэдэг тайлбар авах юм байна. Хэрвээ Цэц яамдыг төрийн захиргааны төв байгууллага гэж үзвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хөндөнө гэсэн юм.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ “Төрийн байгууллагын төвлөрлийг сааруулж, орон нутагт үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгоно. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой компани Улаанбаатар хотод төв оффис нь ажиллаад Өмнөговь аймагт олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Энэ компани заавал Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж, 400, 500 ажилтантай оффис байгуулж ажиллах шаардлагатай юу. Та бүхэн Өмнөговьдоо очиж, уурхай дээрээ төвлөрч ажилла гэдэг зарчмын өөрчлөлтийг хийх нь зөв гэж үзэж байна.

Энэ мэтчилэнгээр яам, тамгын газраас эхлээд орон нутагт шилжиж ажиллах боломжийг бүрдүүлнэ. Төрийн захиргааны төв байгууллагууд оршиж буй хотын нийслэл гэнэ гэсэн Үндсэн хуулийн заалттай. Гэхдээ үүнийг хуульч бүхэн өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Төрийн захиргааны төв байгууллага гэдэг бол УИХ, Засгийн газар, Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц гэсэн түвшинд ойлгоно харин Засгийн газрын яамдыг төрийн захиргааны төв байгууллага гэж үзэхгүй. Тиймээс яамд орон нутагт үйл ажиллагаа явуулах нь Үндсэн хуулийн заалттай зөрчилдөхгүй гэж нэг хэсэг нь үзэж байна. Харин нөгөө хэсэг нь Засгийн газар яамдаас бүрдэж байгаа. Засгийн газар төрийн захиргааны төв байгууллага юм бол яамд хотод байрлах ёстой гэж тайлбарлаж байна. Тиймээс Ерөнхий сайд үүнийг Үндсэн хуулийн цэцэд өргөн барьж хагалуулна. Энэ асуудал дээр Үндсэн хуулийн цэц нэг мөр тайлбарлах хэрэгцээ шаардлага байна. Хэрвээ төрийн захиргааны төв байгууллага гэдэгт бүгд орно гэдэг тайлбарыг Цэц өгвөл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх санаачилга явахыг үгүйсгэхгүй” гэсэн юм.

Эх сурвалж: IToim.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)