Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.04.20

"0-17 насны хүүхдийн шүдэнд цооролтоос хамгаалах фтор түрхэнэ"

"0-17 насны хүүхдийн шүдэнд цооролтоос хамгаалах фтор түрхэнэ"

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2023.03.07/ танилцуулж байна.


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ:

-Насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах, амьсгалын замын өвчин, зүрх судасны өвчин хамгийн эрсдэлтэй гэсэн дүн гарсан. Түүнчлэн шээс бэлгийн замын өвчлөл, дотоод шүүрлийн өвчин, бодисын солилцооны өвчин зонхилох өвчлөл байна.

0-17 насны үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 61.5 хувь нь шүд цоорох өвчлөл ирэлсэн нь хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Ялангуяа 6-17 насны хүүхдийн шүд цоорох өвчний тархалт 83 хувьтай гарсан нь өндөр үзүүлэлт. Энэ бол дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт гэж үзэж байна. Насанд хүрэгчдийн дунд ялангуяа 65-аас дээш насны иргэдийн шүдний өвчлөл 90-ээс дээш хувьтай байна. Мөн жирэмсэн эхчүүдийн шүдний өвчлөл өндөр байна. Нийтдээ 1600 орчим жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд явуулсан судалгаагаар 96 хувь нь шүдний цооролтой гарсан. Засгийн газраас эрт илрүүлэг оношилгоо шинжилгээг явуулсан учраас дээрх дүн мэдээ гарсан гээд орхиж болохгүй. Цаашдаа, эрт илрүүлэг үзлэгийг үргэлжлүүлнэ. Нийт хүн амыг хамруулах ёстой гэж Засгийн газар үэзж буй.

Хоёрдугаарт, эрт илрүүлгийн үр дүнд түшиглээд хоол боловсруулах, амьсгалын зам, зүрх судалсны өвчнийг эмчлэх, урьдчилэн сэргийлэхэд ЭМЯ бодлогоо чиглүүлнэ.

Хүүхдийн шүд цооролтын өвчлөлд онцгой анхаарал хандуулна. Өчигдөр Ерөнхий сайд шүдний эмнэлэг, эмч нартай уулзсан. Улсын хэмжээнд 1624 шүдний эмч ажиллаж байгаа гэх судалгаа бий.

Арван мянган хүнд ногдох шүдний эмчийн тоогоор Монгол Улс дэлхийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй байгаа нь хэрэг. Гэхдээ орон нутагт анхан шатны шүдний тусламж үзүүлэх үйлчилгээ байхгүй гэж болохоор байна.Шүдний 680 эмнэлэг, кабинет үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт 127 төрийн өмчийн оролцоотой эмнэлэг, 553 нь хувийн хэвшлийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Хувийн хэвшлийн эмнэлэг нийт иргэдийн 10-15 хувьд нь үйлчилгээ үзүүлдэг. Төрийн эмнэлэг нийт хүн амын 30 хувьд нь хүрч үйлчилдэг судалгаа бий. Тиймээс нийт хүн амын 50 хувь нь шүдний тусламж үйлчилгээ авч чадахгүй байна. 330 сумаас 30-хан сум нь шүдний эмчтэй, шүдний тоног төхөөрөмжтэй байна байна.

Хүүхдийн шүд цооролтын шалтгаан нь чихэрлэг хүнс, чихэрлэг ундаатай холбоотой байна. ДЭМБ-аас ч гэсэн шүдний цоорлын дээрх шалтгааныг нэрлэсэн. Иймд, Засгийн газраас цаашдаа эрт илрүүлэгт нийт хүн амыг хамруулахаас илүүтэйгээр тодорхой хүн амын бүлэг рүү чиглүүлэх буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, амьжиргааны түвшин доогуур орлоготой өрхийн иргэдэд чиглүүлэх ёстой гэж үзэж байна. Хоёрдугаарт, хүүхдийн шүдний цоорол өндөр буй учраас энэ онд хэд хэдэн арга хэмжээ авна. Ялангуяа сумын анхан шатны эмнэлгүүдэд шүдний тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэхдээ боловсон хүчнээр хангах, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх гэх мэт.

Үүнээс гадна өрхийн эмнэлэг, сумын эмнэлэгт 0-17 насны хүүхдийг шүдний цооролтоос хамгаалах фторт түрхлэгт хамруулах арга хэмжээг авна.

Фторт түрхлэг шүд цооролтоос сэргийлдэг эмнэл зүйн арга байдаг. Шаардагдах санхүүжилтийг ЭМДС-аас шийдвэрлэнэ. Цаашдаа хамгаалалтын ломбо нэвтрүүлэх нь зайлшгүй шаардлагатай. Ирэх 2024 оноос эхлээд "Шүд" төсөл хэрэгжүүлж, нийт хүн амыг амны хөндийн өвчлөлөөс хамгаалах цоорсон шүдийг эмчлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэх хангах чиглэлийг Ерөнхий сайдаас өгсөн. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хууль хаврын чуулганаар өргөн барихаар ажиллаж байна.

Ингэж чадвал өвчилсөн хойно нь биш урьдчилан сэргийлж, бодлогын өөрчлөлт оруулна. Албан тушаал, авлигын хэрэгт нөхөн төлүүлсэн орлого, хураагдсан зөвхөн эх хүүхдийг хамгаалахад, хаврын өвчлөлийг бууруулах, эрхтэн шилжүүлэхэд шаардлагатай байгаа байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн тоног төхөөрөмжийг худалдан авахад дээрх төрлийн орлогыг зарцуулдаг байх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх үүргийг Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарт үүрэг өгсөн.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)