Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.04.20

С.Бямбацогт: Австрали, Грек, Унгар, Их Британи руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг оны эхний хагаст багтаан байгуулна

С.Бямбацогт: Австрали, Грек, Унгар, Их Британи руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг оны эхний хагаст багтаан байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2023 онд 50 улстай агаарын хэлэлцээр байгуулах шийдвэр гарчээ.

Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "2021 онд манай улс 30 гаруй улс руу нислэгтэй байсан бол 2023 онд 50 орчим улстай агаарын хэлэлцээр байгуулах зорилт дэвшүүллээ. Үүний хүрээнд Монголын болон гадаадын авиа компаниуд 105 чиглэлд нисэх боломж үүсэх юм. БНСУ руу нислэгийн тоо, багтаамжийг нэмэгдүүллээ. Өдөрт 11 нислэг БНСУ-Монгол хооронд хийгдэнэ. Зөвхөн Сөүл рүү нисдэг байсан бол одоо Бусан, Дэгү хот руу нисэж байна.

Засгийн газрын хуралдаанаар Катар, Кувейт улстай агаарын тээврийн хэлэлцээр байгуулж, гарын үсэг зурах эрхийг өглөө. Ойрхи Дорнодын орнууд болон баруун Азийн орнууд руу шууд нислэг хийж, экспорт, аялал жуулчлалыг нэмэгдүүлнэ. Мөн Австрали, Грек, Унгар, Их Британи руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг оны эхний хагаст багтаан байгуулна. Ингэснээр агаарын тээврийн зангилаа цэгүүд рүү шууд нислэг үйлдэх боломжтой болно. Энэхүү бодлоготой уялдуулан жуулчид татах, аялал жуулчлал хөгжүүлэх ажил үлдээд байна.

Дараах нислэгийн давтамжийг нэмэгдүүлжээ.

  1. Япон-Монгол чиглэлийн нислэгийн давтамж долоо хоногт 26 байсныг 62 болгож нэмэгдүүллээ. Өдөрт 10 нислэг үйлдэх боломжтой.

  2. Монгол-Тайландын хооронд долоо хоногт 10 удаа нисдэг байсан бол 30 болгон нэмэгдүүлэв.

  3. Монгол-Туркийн хооронд нислэгийн давтамж долоо хоногт зургаа байсан бол 34 болголоо. Өдөрт таван нислэг гэсэн үг. Түүнчлэн Туркиш эйрлайнс компани МИАТ ХК-д аяллын дугаар хувааж эзэмших эрх өгсөн. Өөрөөр хэлбэл, МИАТ ХК-аас тийз захиалаад Туркиш эйрлайнсаар дамжин нисэж болно гэсэн үг юм.

  4. Бээжин рүү долоо хоногт 42 удаа нислэг үйлдэх боломжтой боллоо.

    Дөрвөн том онгоц авна

2023 онд агаарын тээврийн компаниуд том оврын дөрвөн онгоц, орон нутгийн нислэгийн хор онгоцыг оруулж ирнэ. МИАТ ХК Боинг 700, Боинг 900 маркийн хоёр том онгоц оруулж ирэх юм. Ингэснээр баруун европын орон, АНУ руу нисэхдээ дундаа буухгүй, шууд нисдэг болох юм.

Нислэгийн томилгоог өгөхдөө сайд үзэмжээр хандаж байна гэдэг асуудал гардаг. Тиймээс нислэгийн томилгоог хийхэд сайд оролцохгүй, зөвхөн батламжилдаг байхаар боллоо. Дотоодын авиа таван компани томилгоог хоорондоо ярилцаад ойлголцсон тохиолдолд томилгоогоо өөрсдөө шийднэ. Үүнийг сайд зөвхөн батламжилна.

Он гарснаас хойш ОХУ-ын гурван авиа компанид нисэх зөвшөөрөл олголоо. Мөн Туркийн MNG airlines компанид ачаа тээврийн нислэг үйлдэх зөвшөөрөл олгов. Мөн карго нислэг нэмэгдэж байна. БНСУ руу нэг кг ачааг долоон доллараар тээвэрлэдэг байсан бол гурав дахин буурч, 2.5 доллар боллоо.

Тийзийн үнэ үнэтэй байгаа асуудал яригддаг. Тийз тийм үнэтэй биш байгаа. Бээжин-Улаанбаатар хооронд 1.2 сая төгрөгөөр, Стамбул-Улаанбаатар чиглэлд хоёр талдаа дөрвөн сая төгрөгөөр нисдэг байсан бол 2.2 сая төгрөгөөр нисэж байна. Сөүлийн чиглэлд 2.5 сая төгрөгөөр нисдэг байсан бол одоо 1.2-1.5 сая төгрөгөөр нисэж байна.

Энэхүү бодлогуудын үр дүнд жилдээ гурван сая зорчигч тээвэрлэх боломжтой. 2022 онд 500 мянга орчим зорчигч тээвэрлэсэн. 2023 онд 1.5 сая хүн тээвэрлэх зорилттой. Цаашид гурван сая хүрэх боломжтой.

Орон нутгийн чиглэлийн нислэгүүд асуудалтай байна. Сэргээх шаардлагатай. Энэ хүрээнд Засгийн газраас тодорхой шийдвэрийг удахгүй гаргана" гэлээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)