Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.04.20

Т.Доржханд: Хөгжлийн банкэы шүүх хурлыг нээлттэй хийх ёстой, энэ бол төрийн нууцтай холбоотой асуудал огт биш

Т.Доржханд: Хөгжлийн банкэы шүүх хурлыг нээлттэй хийх ёстой, энэ бол төрийн нууцтай холбоотой асуудал огт биш

Хөгжлийн банкны гэх хэрэгт яллагдагчаар татагдсан 80 хүний шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд маргааш болно. Үүнтэй холбогдуулан ХҮН нам болон УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ. ХҮН нам шүүх хурал хаалттай болох гэж байгааг эсэргүүцэж буй юм. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Яллагдагчийн өмгөөлөгчдөөс шүүх хурал дээр хувь хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой бичлэг үзүүлэх учир хаалттай явуулж өгөх хүсэлтийг гаргасан байна. Түүнийг нь шүүх дэмжсэн учир шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулах гэж байгаа юм. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Хуулиараа хаалттай хуралдаж болно. Гэхдээ үнэхээр хувь хүний эмзэг мэдээлэл байгаа бол хэсэгчилсэн байдлаар хаалттай хийх боломж нь бий. Хаалттай хуралдсан тохиолдолд ял завших, наймаалцах боломж өгөх вий. Улс төрийн нөлөө бүхий хүмүүс холбогдсон гэмт хэрэг шүү дээ. Шүүх хурлыг нээлттэй хийх ёстой. Энэ бол төрийн нууцтай холбоотой асуудал огт биш.  

Мөн УИХ-ын хянан шалгах түр хороо сонсголоороо маш олон нотлох баримтыг дэлгэсэн. Үүнийг шүүхийн байгууллага нягтлах ёстой. Бидний гаргасан нотлох баримтыг ашиглаж буй эсэхийг УИХ-ын гишүүний хувьд бас хармаар байна.

Хуульч Г.Батхүү: Шүүх хурлыг нээлттэй хийснээр хэн буруутай вэ, хэн буруугүй вэ гэдгийг ялгаж өгдөг. Шүүх хурлыг хаалттай хийх нь хүний эрхийг зөрчих, буруутай хүмүүс ял завших, буруугүй хүмүүс хэлмэгдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн нээлттэй хийснээр шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлдэг. Хөгжлийн банкны хэргээр 40 хүн ял авч, 40 хүн цагаадлаа гэж үзье. Хаалттай хийчихвэл хэн яагаад цагаадаж, хэн яагаад ял авав гэдэг хариуг бид олж чадахгүй. Нээлттэй явуулсан тохиолдолд энэ хүн албан тушаалаа ингэж ашиглажээ, энэ нь ийм нотлох баримтаар батлагдсан юм байна, тиймээс таван жилийн ял оноож байгаа юм байна гэж мэднэ. Шүүхэд итгэх итгэлийг сайжруулахын тулд нээлттэй явуулах ёстой. Хуулийн хувьд боломж нь бий. 

Нийт 40 орчим өмгөөлөгч шүүх хурлыг хаалттай явуулах саналыг гаргасан. Үүнийг шүүх үндэслэлтэй байна гэж үзээд хаалттай явуулахаар шийдвэрлэсэн. Шүүх хуралдааныг хаалттай хийх хэд хэдэн үндэслэл бий. Төрийн болон албаны, байгууллагын нууц, хувь хүний эмзэг мэдээлэл, насанд хүрээгүй хүүхдийн асуудал хэлэлцэх бол хаалттай явуулна. Гэхдээ шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай хийх үү, хэсэгчлэн хаалттай хийх үү гэдгийг сонгох боломжтой. Үнэхээр нууц материал байгаа бол тэр хэсгээ хаалттай явуулаад үлдсэн хэсгийг нь нээлттэй явуулах боломжтой.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)