Хаврын чуулганаар Цэцийн шинэ хоёр гишүүн томилно
УИХ-ын хаврын чуулганаар Цэцийн хоёр гишүүнийг шинээр томилох бололтой. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дууссан бол Цэцийн дарга Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа энэ оны зургадгаар сард дуусна. Тиймээс хугацаа дууссан Цэцийн гишүүдийн оронд шинэ хүн томилох ёстой.
Цэцийн дарга Н.Чинбатыг Улсын дээд шүүхийн санал болгосноор 2017 оны зургадугаар сарын 9-нд дахин томилж байсан бөгөөд тэрээр 2019 оны арванхоёрдугаар сарын 2-нд Цэцийн даргаар сонгогдон ажиллаж байгаа.
Харин Д.Одбаярын хувьд Их хурлаас санал болгосноор 2016 оны арваннэгдүгээр сарын 17-нд томилогдсон. Тиймээс Улсын дээд шүүхээс нэг, Их хурлаас нэг хүнийг Цэцийн гишүүнд санал болгон томилуулна.
Тэгвэл Цэцийн гишүүн болох уралдаан улс төрийн хүрээнд эхлээд уджээ. УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа, УИХ-ын гишүүн асан Д.Лүнджээжанцан Цэцийн гишүүн болно гэсэн мэдээлэл бий. Тэрээр 2020 оны Их хурлын сонгуульд нэр дэвшээгүй бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа ба гуравдугаар сард Их хурлын даргын ахлах зөвлөхийн ажлаа өгнө гэдгээ өөрөө хэлж байв. Үүнээс харахад ч түүний дараагийн албан тушаал нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүн байх бололтой. Д.Лүнджаажанцан 1992 оноос хойш болсон Их хурлын 5 сонгуульд нэр дэвшин сонгогдсон бол, 2012 онд намын жагсаалтаар Их хурлын гишүүн болон ажиллаж байсан билээ. Мөн 1992 оны Үндсэн хууль, 2000, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд гар бие оролцон ажиллаж байв. Өөрөөр хэлбэл, Д.Лүндээжанцан зөвлөх 1992 оноос хойш 31 жилийн хугацаанд төрд өндөр, дээд албан тушаал хашсан нэгэн.
Мөн Н.Энхбаяр Цэцийн гишүүн болох мөрөөдөлтэй яваа гэх. МАХН МАН-тай нэгдсэнээс хойш Н.Энхбаяр ямар нэгэн албан тушаалд томилогдоогүй. Түүнийг ҮАБЗ-ийн зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар томилох санал тавьсан ч тэрээр энэ албан тушаалыг “голсон” гэдэг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга, хийж явсан, нэг үед улсын “хаан” байсан хүнд хүрээлэнгийн захирал гэдэг мэдээж жижигдэнэ. Тэгвэл Н.Энхбаярын хүссэн албан тушаал нь Цэцийн гишүүн гэх. Гэхдээ Цэцийн гишүүн хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, эрүүгийн ял шийтгэлгүй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэн байна гэж Цэцийн тухай хуульд заасан. Тиймээс Н.Энхбаяр Цэцийн гишүүн болох босгыг давж чадахгүй. Тодруулбал, тэрээр эрүүгийн хуулиар ял, шийтгэл авч байсан учраас Цэцийн гишүүн болох боломжгүй юм.
Ямартаа ч тэрээр хуулийн шаардлага хангасан, хангаагүй олон хүн Цэцийн гишүүн болохоор МАН-ын дарга нарыг эргүүлдэж эхэлжээ.
Монгол Улсын Цэцийн тухай хуульд:
-
Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.
-
Цэцийн гишүүнээр томилох хүний тухай Улсын Их Хуралд санал болгохдоо Улсын Их Хурлын дарга зохих байнгын хороодын санал дүгнэлтийг үндэслэн захирамж, Ерөнхийлөгч захирамж, Улсын Дээд шүүх гишүүдийнхээ олонхийн саналыг үндэслэн зохих шийдвэр гаргана.
-
Санал болгосон хүнийг Улсын Их Хурал Цэцийн гишүүнээр томилохоос татгалзсан бол санал оруулсан байгууллага, албан тушаалтан долоо хоногийн дотор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар өөр хүний нэр дэвшүүлнэ.
-
Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа арван дөрвөн хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг Улсын Их Хурал гуч хоногийн дотор шийдвэрлэнэ.
-
Цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно. Цэцийн гишүүн Засаг захиргаа, нам-улс төрийн болон худалдааны үйл ажиллагаа эрхэлж, үйлдвэрчний эвлэлийн удирдах ажил хийж болохгүй.
-
Цэцийн гишүүн Улсын Их Хурлын гишүүнд буюу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлбэл тухайн сонгуулийн дүн гартал Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ.
Эх сурвалж: IToim.mn