Г.Өнөрбаяр: Төлсөн НДШ-ээ орон сууц авахад зарцуулдаг болно
Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлтэй холбогдуулан ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр сэтгүүлчдийн асуултад хариулж, хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө.
-Иргэдийн дансанд орж буй бүх орлогоос НДШ суутгана гэсэн байсан. Энэ үнэн үү. Мөн тэтгэврийн хэмжээг бодох хувь 45 байсныг 40 болгож байгаа юм уу. Ер нь Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл юугаараа онцлог вэ?
-Энэ удаагийн хуулийн төсөл иргэдэд, даатгуулагчдад маш ашигтай гэдгийг эхэнд хэлье. Иргэд, олон нийт, ажил олгогчдын хүсэж байсан бүх зохицуулалт энэ төсөлд орсон. Таны ярьж буй хоёр зүйлд андуурал болжээ. Тиймээс тайлбарлая.
Нэгд, иргэдийн бүх орлогоос НДШ авна гэсэн зүйл байхгүй. Дэлхий дахинд ч, одоогийн хуульд ч, бидний өргөн барьсан хуулийн төсөлд ч байхгүй. Өргөн барьсан хуулийн төсөлд нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөх бодлого орж ирсэн. Хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд, олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих бодлого юм. Энэ бодлогыг хэрэгжүүлэхдээ одоогийн хуульд заасан настай холбоотой, шимтгэлтэй холбоотой, орлоготой холбоотой асуудал хэвээр үлдсэн. Одоогийн хуульд цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авдаг. Яг энэ чигээрээ л үлдэнэ. Бүх төрлийн орлогоос шимтгэл авна гэсэн ойлголт нь буруу бөгөөд андуурал болсон.
Хоёрт, тэтгэвэр тооцох аргачлал яригдаж байна. Хуулийн төслөөр илүү шударга, иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх бодлогын хувилбарыг санал болгосон. 45 хувийг 40 болгосон гэдэг асуудал яригдаж байна. Энэ бол 1979 оноос хойш төрсөн хүмүүст хамааралгүй. Учир нь, энэ хүмүүс өөр бодолтоор тэтгэврээ тогтоолгодог. Хуулийн төсөлд зааснаар олон жил ажилласан хүмүүсийн тэтгэвэр өндөр бодогдоно.
-Тэтгэврийн санг цөлмөчихдөг асуудал бий. Хуулийн төслөөр энэ мөнгийг арилжааны банкны дансанд байршуулна гээд байгаа нь үнэн үү?
-Тэтгэврийн сангийн хөрөнгийг Монголбанкны үнэт цаас, Засгийн газрын үнэт цаас, арилжааны банкинд байршуулах гэсэн гурван арга бий. Хуулийн төслөөр энэ аргыг дөрөв болгон өөрчилнө. Энэ нь төрийн санд байршуулах арга юм. Гэхдээ энэ нь эрэмбэ дараатай. Нэгд, Засгийн газрын үнэт цаас. Хоёрт, Монголбанкны үнэт цаас. Гуравт, төв төрийн сан. Дөрөвт, арилжааны банкинд байршуулах. Арилжааны банкинд байршуулахдаа тодорхой шалгууртай болно. Үүнд, тухайн банкны өөрийн хөрөнгө эсвэл системийн ач холбогдол бүхий зэрэг нөхцөлийг Монголбанктай ярилцаж байгаад оруулсан. НДС-ийн мөнгө бол даатгуулагчдын, ажил олгогдын мөнгө. Тиймээс найдвартай байх асуудал хамгийн чухал учир төв төрийн санд байршуулах заалтыг нэмсэн.
-НДШ төлсөн ч эргээд үр ашгийг нь хүртэж чаддаггүй. Даатгуулагчдад чиглэсэн ямар заалт орж байгаа вэ?
-Өмнө нь тогтолцооны өөрчлөлт хийх гэж байгаа гэдгээ хэлсэн. 1979 оноос хойш төрсөн хүмүүс НДШ ямар хэмжээгээр төлсөн, түүнтэйгээ дүйцэхүйц тэтгэвэр авах боломжийг нээж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг мөнгөжүүлье, мөнгөжүүлсэн тохиолдолд өвлүүлэх боломж нээгдэнэ. Өвлөгдөхөөс гадна НДШ-ийн мөнгийг боловсрол, эрүүл мэнд, орон сууц худалдан авахдаа зарцуулахыг хуулийн төслөөр нээж байна. Хуулийн төсөлтэй хамтатган хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог оруулсан. Ингэснээр ажил олгогч, даатгуулагчид нийгмийн даатгалын санд шимтгэл төлөхөөс гадна өөрөө хувийн тэтгэврийн сангуудад шимтгэл төлөх боломж нээгдэнэ. Үүнд СЗХ, Монголбанк ажиллах талаар оруулсан.
-Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог тайлбарлавал?
-Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн боловч эрх үүсээгүй хүмүүс байдаг. Энэ хүмүүс халамжийн сангаас тэтгэврээ аваад нэгдүгээр давхарга болно. Хоёрдугаар давхарга нь төлсөн шимтгэл, ажилласан жилтэй уялдаатай тэтгэвэр. Гуравдугаар давхарга нь хувийн нэмэлт тэтгэврийн сан буюу хувийн тэтгэврийн сангуудад нийгмийн даатгалын шимтгэл төлөөд тэндээсээ тэтгэвэр авах боломж юм. Үүнийг олон давхаргат тэтгэврийн тогтолцоо гэж нэрлэж байгаа юм.
Эх сурвалж: IToim.mn