Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Соёлын ажилтны 5 жил тутмын мөнгөн тэтгэмжийг II улиралд багтаан олгоно

Соёлын ажилтны 5 жил тутмын мөнгөн тэтгэмжийг II улиралд багтаан олгоно

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оноос хэрэгжиж эхэлсэн. Хуульд зааснаар тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгохоор заасан юм.

Сангийн сайд Б.Жавхлан “Төрийн албан хаагчдын цалин хөлсний талаарх нээлттэй хэлэлцүүлэг”-ийн үеэр Соёлын ажилтанд 5 жил тутамд нэг удаа олгох мөнгөн тэтгэмжийг энэ оны II улиралд багтаан олгоно гэж олон нийтэд мэдэгджээ.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номингоос өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны дараа тодрууллаа.

-Соёлын салбарт хичнээн хүн ажиллаж байгаа вэ. Мөн хэд нь таван жил тутамд олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах, үүнд хэдэн төгрөг шаардлагатай байгаа вэ?

-Соёлын яамны харьяа 400 гаруй байгууллагад 7000 гаруй уран бүтээлч ажилладаг. Соёлын тухай хуульд заасан 5 жил тутамд олгох мөнгөн тэтгэмжийг орон нутагт ажиллаж байгаа 2251 соёлын ажилтанд олгоход 9.9 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа. Энэ санхүүжилтийг улсын төсөв, цалингийн сан зэргээс шалтгаалан энэ оны II улиралд багтаан олгохоор ажиллаж байна.

Гэхдээ ганцхан нэг удаагийн тэтгэмж бус соёлын салбарын цалин хөлсийг нийтэд нь нэмэгдүүлэх шаардлагатай. Нэг удаагийн тэтгэмж авах тооноос харахад л орон нутагт ажиллаж байгаа манай уран бүтээлчдийн 50-с дээш хувь нь тухайн орон нутгийнхаа соёл урлагийг хөгжүүлэхийн төлөө 5-с дээш жил буюу тогтвортой ажилласан нь харагдаж байна. Гэтэл яг адилхан нөхцөлд ажиллаж байгаа эмч, цагдаа, багш гээд төрийн үйлчилгээнийхэн үндсэн цалин дээрээ тогтмол урамшуулал, тэтгэмж, нэмэгдэл авдаг. Жишээ нь, аймаг сумдын театрт ажиллаж байсан уран бүтээлчид цалин ахиуг нь бодоод дуу хөгжмийн багш хийхээр боловсролын салбарт орчихдог тохиолдол олон. Одоо салбартаа үлдсэн нь яг л сэтгэл зүрхээрээ зүтгэж байна. Тэгэхээр манай салбарынхны цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлага бол зүй ёсных. Хэдийгээр цалин урамшуулал нь улсын төсөвтэй шууд холбоотой байгаа ч бид гар дээр очих мөнгийг нэмэгдүүлэхийн тулд төсвийн шинэчлэлийг эхлүүлж энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн.

-Өнгөрсөн хугацаанд цалин өссөн үү. Цаашид ямар байдлаар цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжтой байна?

-Соёлын салбарын нийт төсвийн 60 орчим хувь буюу 70 гаруй тэрбум төгрөг нь цалингийн сан байдаг юм. Үүгээр зөвхөн үндсэн цалин л олгодог учраас эрх зүйн зохицуулалтыг сайжруулах замаар цалин хөлсийг нэмэгдүүлэх бодлого баримталсан. Ингээд Соёлын тухай хуульд цалин, нийгмийн баталгааг сайжруулах хэд хэдэн заалт оруулж чадсан.

Жишээ нь, 2022 онд гэхэд цалингийн шатлалтад өөрчлөлт орж, цалингийн санг 10 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ нь төрийн албаны шатлалаас хамаарч цалин 3-12 хувиар өссөн гэсэн үг. Үүн дээр оны өмнөхөн гаргасан Засгийн газрын шийдвэрээр соёлын салбарт 7.6 тэрбум төгрөгийн цалингийн сан нэмэгдсэн нь 1-р сараас эхлээд олгогдож байна.

Ингээд харвал, 2022-2023 оны хооронд соёлын салбарын цалингийн сан 17 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж, шатлалаасаа хамаарч нийтдээ 5-20 хувиар өссөн.

Хоёрдугаарт, Засгийн газар төрийн албаны шинэтгэлийг төсвийн шинэчлэлтэй хамтатган хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд соёлын салбарт гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан нэмэлт санхүүжилтийн бодлого хэрэгжиж, харьяа байгууллагууд жилийн төсвийнхөө 15-20 хувьтай тэнцэх нэмэлт санхүүжилтийг авах бололцоотой болсон. Санхүүжилт нь төсөвт тусгагдсан учраас олгогдоод эхэлнэ. Энэ мөнгийг соёлын ажилтны нийгмийн баталгаа, цалин хөлсний нэмэгдэлд зарцуулах юм. Харьяа байгууллагууд соёлын үйлчилгээ үзүүлж байгаа учраас орлого олно. Түүнийгээ мөн цалингийн нэмэгдэл, урамшуулалд зарцуулах боломжтой. Тийм эрхийг нь харьяа газруудад олгосон.

Гуравдугаарт, Соёлын тухай хуульд мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгохоор заасан. Багш, эмч нар мэргэжлийн зэргийн нэмэгдэл авдаг шиг соёлын салбарынхан ч гэсэн ур чадвар, мэргэжлийн зэргээ үнэлүүлж, нэмэгдэл цалин авна гэсэн үг. Журмыг нь боловсруулж дууссан. Мөн цалингийн нэмэгдлийг Соёлын яам дангаар шийддэггүй учраас энэ асуудлыг Сангийн сайд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарт танилцуулсан. Сайд нар дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Мэргэжлийн зэргийн нэмэгдэлд 7.9 тэрбум төгрөг шаардлагатай байгаа.

-Бусад салбартай харьцуулахад соёлын салбарын цалин хэр зөрүүтэй вэ. Салбарын хэмжээнд цалингийн дунджийг нэмэгдүүлэхэд ямар хугацаа шаардлагатай гэж тооцож байна?

-Яг өнөөдрийн байдлаар бол соёлын салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг бусад салбар болох эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн боловсрол, шинжлэх ухааны салбартай харьцуулахад 12 хувиар бага байна. Тиймээс төсвийн шинэчлэлтэй хамтатган үндсэн цалинг дээрх салбаруудын дундаж түвшинд хүргэхээр зорьж байгаа. Үүнд мөн 13.9 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай.

Ингээд бүтэн зургаар нь харвал, өнгөрсөн хугацаанд хийсэн хуул эрх зүйн орчны хүрээнд болон төсвийн шинэчлэлийн хүрээнд соёлын салбарынхны цалингийн дундаж хэмжээ энэ оноос эхлээд ирэх жилийн төсвийн хүрээнд тасралтгүй нэмэгдээд бусад салбартайгаа яг адилхан болно гэж тооцож байна.

Өнгөрсөн хугацаанд Соёлын яам байгаагүй учраас соёлын ажилтны үнэлэмж, нийгмийн баталгаа нь орхигдчихсон байсан талтай. Яамтай болсон учраас соёлын ажилтнууд маань цалин хөлсөө нэмэгдүүлэх, нийгмийн баталгаагаа шаардаж байгаа нь зөв. Одоо салбарынхантайгаа хамтраад хөдөлмөртөө таарсан, мэргэжлийн онцлогтоо тохирсон цалин, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллаа авах зохицуулалтыг тусгасан Соёлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа асуудлаа ярилцаад, шийдээд явна. Зарим тохиолдолд салбарынхнаасаа дэмжлэг хүснэ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 11 Хаха 1 3 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (4)
  • Boloroo • 1 жил - 202.21.123.56 Хариулах
    Сэтгэлээрээ ажилласаар байтал сэмэрч дууслаа.
  • Зочин • 1 жил - 202.21.123.56 Хариулах
    Орон нутагт ажилладаг соёлын ажилтануудаа ялгаварлан гадуурхдагаа болих хэрэгтэй. Музей, Дэлхийн өвийн захиргаадын ажилтанууд орон нутагт ажилладаг байж яахаараа орон нутгийн нэмэгдэл, 5 жилийн урамшуулалд ордоггүй юм бэ?
  • Зочин • 1 жил - 202.21.123.56 Хариулах
    Нэг байгууллагад 5н жил юмуу хөдөө орон нутгийн соёлын салбар юмуу
  • Зочин • 1 жил - 202.21.123.56 Хариулах
    ЭНЭ НЭГ БАЯН АЙЛЫН ЭРГҮҮ БАЦААН ЗАЙЛААГҮЙ ЮМУУ?