Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнийн сануулгыг Б. Ганхуягт дамжуулж, МАН дахь “Нүүрсчид”-ийн зодоон ширүүсэв үү

Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнийн сануулгыг Б. Ганхуягт дамжуулж, МАН дахь  “Нүүрсчид”-ийн зодоон ширүүсэв үү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд эрх мэдлээ хадгалж, улс төрийн “Хоёрдугаар раунд”-аа хэдийнэ эхэлчихсэн. Нам, төр дэх гомдогсдын тэчьяадал, “Хоёрдугаар ээлжнийхэн”-ийн тэсгэл алдсан хүлээлт, “Ажлаа хий” гэж Төрийн ордныг гороолсон залуусын шаардлага өргөжиж нийгэмд хэзээ мөдгүй тэсрэлт үүсэхийн даваан дээр тэрбээр Засгийн газраа хувь улстөрчийн карьертайгаа хамгаалж үлдэв. АН, ХҮН-ынхныг Үндсэн хуулийн Цэц рүү гүйлгэж, “Давхар дээл”-ийн синдромыг дахин эхлүүлж, МАН дахь фракциудын ашиг сонирхлыг хангасан эрх мэдлийн хуваарилалтыг хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийнхүү танхимдаа сэлгээ хийхээс өмнө МАН-д нүүрсний бизнесийн төлөөх “зодоон” эхэлчихсэн байсан. Энэ нь Хөгжлийн банк тойрсон  дуулианаас үүдэн улам хурцадсан гэхэд хилсдэхгүй. МАН дахь “Тендерийн хаад”-ын нэг бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт. Баруун аймгууд дахь дэд бүтцийн тендерээс түүний үүсгэн байгуулсан “Нью прогресс” групп илүүг хүртэж явснаас биш дутаж хоцорсон түүх үгүй. Хөгжлийн банкны зээлээ төлөхгүй байгаа томоохон зээлдэгчдийн магнайд бичигдсэн С.Бямбацогт гишүүн өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр байнгын хорооны хуралдааны үеэр “Нүүрсний хулгайн асуудал байгаа биз дээ. “Хоёр сая тонн нүүрс хулгай хийчихсэн байна” гэж байгаа юм. Урд нь шалгаад гарч ирдэггүй байсан. “Хоосон машин орж ирсэн, хоосон машин гарсан” гэж бүртгэгддэг. Хэдэн мянган хоосон машин Монгол Улсын хилээр орж, гарсан бүртгэлтэй. Нэг чиргүүлтэй гарсан гэх бүртгэлтэй атлаа хоёр чиргүүл чирээд гарчихсан. Хоёр дахь чиргүүл нь бүртгэлгүйгээр хулгайгаар гарчихсан. Ингээд бүхэл бүтэн хоёр сая тонн нүүрсний хулгай. Үүнд манай тээвэрчид бас холбоотой л байгаа. Хил, гаалийнхан, тээвэрчид бүгд оролцоод л үүнийг хийсэн байх” гэж ихэд бухимдангуй хэлж байв. С.Бямбацогт гишүүн ийнхүү нүүрсний бизнестэй улстөрчдийн эмзэг цэг дээр ганцхан удаа чанга “чимхээд” Хөгжлийн банкны дуулиант хэргээс мултарч, Зам, тээврийн хөгжлийн сайд болж “Давхар дээл” нөмөрсөн.

Харин УИХ-ын гишүүн Г.Дамдинням өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулган дээр “Манай улсын эдийн засаг нүүрснээс хамааралтай. Нүүрсний бизнесийг төрийн өмчит томоохон компани хийж байгаа. Үлдсэнийг нь хувийн компаниуд хийгээд явж байгаа байх. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас сая асуулаа. Манай улс өдөрт хэдэн тонн нүүрс хилээр гаргаж зарж байна вэ. Өдөр бүр 150 мянган тонн нүүрс гаргаж байгаа юм байна. Үүнийг зах зээлийн үнээр нь авч үзвэл өдөрт дунджаар 15-20 сая ам.долларын борлуулалт хийж байна. Энэ мөнгө хааччихаж байгаа юм. “Хааччихаж байгаа юм бэ” гэж асуухаар нэг л хариулт хэлдэг. “Офтейк гэрээгээр урьдчилаад зарчихсан” гэж. Зарим тоо баримтыг харахаар “Эрдэнэт Тавантолгой” төрийн өмчит компанийн ирээдүйн 5-7 жилд борлуулах нүүрсийг аль эрт зараад дуусчихсан гэж ойлгож байна. Хилээр гарч байгаа 15-2З сая ам.долларын орлого аль хэдийнэ дуусчихсан гэсэн үг. Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайдаас асууя. Нүүрсний борлуулалтын орлого хааччихаад байгаа юм бэ. Энэ компанийн өр, авлагын хэмжээ ямар байгаа вэ. Төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдээс энэ жил орлого орж ирэх юм уу. Ам.доллар орж ирэх үү. Байгаа юу. Энэ компаниудаа бид шахаад том том төслүүд, “Улсын нууц” гэдэг хаяг зүүж байгаад төмөр зам руу ч баахан мөнгө хийлгээд офтейк гэрээ гэдэг “юм” хийлгэчих юм. “Нефтийн хоолой барь” гээд офтейк гэрээ хийлгэсэн сураг байна. Дандаа офтейк гэрээнүүд. Офтейк гэрээ гэдэг чинь урьдчилаад хямд үнээр зараад мөнгийг нь аваад ямар нэгэн зүйлд зарцуулж байна гэсэн үг. Энэ аваад зарж байгаа “юмнууд” нь бүгд “Улсын нууц” гэсэн хаягтай. Та нар энэ компанийг шахаж байгаад хэр олон гэрээг ингэж өгүүлээд ямар өрөнд оруулчихсан юм бэ. Энэ компани өрөө хэзээ төлж дуусах вэ. Бидэнд хэдэн сая ам.долларын бодит орлого орж ирэх юм бэ. Тэгж байж ам.долларын ханш тогтворжино” гэлээ. Эрхэм гишүүдийн байр суурь хийгээд Төрийн ордон, тэр дундаа Засгийн газрын хүрээнд үүссэн уур амьсгалаас харвал МАН-д нүүрсний бизнесийн төлөөх дажин хэдийнэ эхэлжээ. Харин энэ бизнес яг одоо аль бүлэглэлийн мэдэлд байдаг вэ. Эрх баригчдын нүүрсний салбар дахь “Мөсөн уул”-ын нэг оройг УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыхан эзэгнэж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг менежерийн үүрэг гүйцэтгэдэг бол нөгөө оройг МАН-ын дээд түвшний дарга нар эзэгнэж байгаа нь нууц биш. Тэр ч бүү хэл “Жэнко” Х.Баттулгатай эрх ашиг нийлсэн бүлэглэл байдаг учраас экс Ерөнхийлөгчид АТГ, цагдаа, хуулийнхан халдаж чаддаггүйг улс төрийн хүрээнийхэн ярьцгаадаг.

Хотын мэр Д.Сумъяабазарын хувь эзэмшдэг Үндэсний хөрөнгө оруулалтын банк “Эрдэнэс Тавантолгой” ХК-д төлөх учиртай 12 тэрбум төгрөгийн өрөө одоо болтол төлөөгүйг Ч.Хүрэлбаатар сайд саяхан мэдэгдсэн. Энэ бол хэдэн жил дамнан төлөхгүй байгаа өр. Өөрөөр хэлбэл, МАН дахь “Хотын фракци”-ийнханд 12 тэрбум төгрөгийн өр юу ч биш. Д.Сумъяабазар тэргүүтэй “Хотын фракци”-ийнхан LRT төсөл болон Улаанбаатар хотын дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх томоохон төслүүд дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ашиг сонирхол нэгдэж, танхимд нь Түгжрэл хариуцсан яамгүй сайдын орон тоог хүртэл нэмүүлж чадлаа. Хөгжлийн банкны асуудлаарх Түр хорооны даргаар Б.Энхбаярыг томилуулж дөнгөлөө. Түүний өмнө “Хотын фракци”-ийн гол төлөөлөл болох Ж.Сүхбаатар Түр хороог даргалж байгаад Түгжрэл хариуцсан сайд болж дэвшсэн нь бас учиртай. Түр хороон дээр хүний, өөрийн намын улстөрчидтэй холбоотой бөөн бөөн өрийн бичиг, хууль, шүүхийн байгууллага дээр бүдэрч мэдэхээр ноцтой фактууд цугларч байгаа нь тодорхой. УИХ-ын Хяналт, шалгалтын тухай хуулиар АТГ, шүүхээс дутахгүй онцгой бүрэн эрхтэй болсон Түр хороог Б.Энхбаяр даргалж байгаа нэртэй ч цаана нь хотын мэр Д.Сумъяабазар, бүр цаашилбал экс Ерөнхийлөгч Х.Баттулга хяналтдаа байлгаж байна. Учир нь Х.Баттулга, Д.Сумъяабазар нар ХХБ-ны ТУЗ-ийн дарга “Сахал” Д.Эрдэнэбилэгтэй ХААН банкны 60 хувь дээр “хамтран ажиллаж”, Монголын банкны системийг гартаа оруулсан тухай мэдээлэл өнгөрсөн өвөл ил болж байв. Тэр ч бүү хэл Монголбанкныхан Д.Сумъяабазарын хувь эзэмшдэг ҮХОБ-ыг төлбөрийн чадваргүйг мэдсээр байж 2022 он гарахаас хэдхэн хоногийн өмнө тус банкинд 14 тэрбум төгрөг зээлснийг УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн нь хүлээн зөвшөөрсөн юм.  

     Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг явуул” гэж Засгийн газрын хуралдааны үеэр гурван ч удаа сануулсан тухай мэдээлэл зарим сайтад гарчээ. Энэ ч бас ортой. Учир нь Б.Ганхуягийн хувьд Т.Аюурсайхан гишүүнтэй ашиг сонирхол нэгтэй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал болсноосоо хойш хийсэн нүүрсний найман гэрээнийх нь цаана МАН-ын нөлөө бүхий дарга байдаг” гэх мэдээлэл цахим орчинд түгж байсан. Тэгэхээр Б.Ганхуягийн хувьд, Төрийн ордноос нүүрсний бизнес, нүүрс тээвэрлэлтийн квотыг хэнд өгөхөөс тушаадаг бүлэглэлүүдийн эрх ашгийг гүйцэлдүүлэгч нэгэн... Тиймээс Засгийн газартаа эрх мэдлийн дахин хуваарилалтыг хийж, Ерөнхий сайд, МАН-ын даргын суудлаа хадгалж үлдсэн Л.Оюун-Эрдэнэ энэ удаад нүүрсний бизнесийг онилсон бололтой. Эх сурвалжийн мэдээлснээр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр (2022.10.25) бага үдийн алдад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд дуудагдсан уу, ямартай ч Төрийн ордонд түүнтэй уулзахаар иржээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан чухам юуны учир Б.Ганхуягтай өрөөндөө уулзсан нь харин нэг их тааж ядаад байх зүйл биш. “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой үүсээд буй улс төрийн нөхцөл байдал, өр, авлага, мөн удирдлагын хувь заяаг ярилцсан болов уу. Нэг ёсондоо, Д.Амарбаясгалан түүнд Д.Оюун-Эрдэнийн сануулгыг дамжуулсан байх магадлалтай.

Б.Ганхуягийн хувьд улс төр дэх ил ноёнтон Т.Аюурсайхан нь энэ удаад хамгаалж авч үлдэх болов уу. ЗГХЭГ-ын дарга асан Ц.Нямдорж болон хүү Н.Анхбаяртай арцалдаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд аав, хүү хоёрт арга хэмжээ авах тухай шаардлагыг өнгөрсөн зун хүргүүлж байсан Т.Аюурсайханыг УИХ-ын дэд даргаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болгож “дэвшүүлсэн” нь бас л сонирхолтой хуваарилалт. Хууль тогтоох дээд байгууллагын дэд даргын албан тушаалыг гүйцэтгэх засаглал дахь сайдын суудлаар сольсон нь юуны учир вэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Б.Ганхуягийг явуул” гэж гурвантаа шаардсан атлаа Т.Аюурсайханыг танхимынхаа сайдаар томилуулдаг нь МАН-д нүүрсний бизнес тойрсон дахин хуваарилалт өрнөж эхэлснийг илтгэх бус уу. “Гашуунсухайтын төмөр замыг 16 жил гацаагаагүй байсан бол хамгийн багадаа 50-60 орчим их наяд төгрөг Монгол Улсад орж ирэх байсан” гэж байнга халагладаг Л.Оюун-Эрдэнэ нүүрсний бизнесийн “ХААН”-аар хэнийг тодруулах бол... Энэхүү ил нэртэй далд бизнесийг гартаа оруулах тулаан МАН-ын дарга нар, тэр дундаа Ерөнхий сайд, Засгийн газрын түвшинд ийнхүү ширүүсэв бололтой. Ажлаа өгөх тухай сануулгыг Ерөнхий сайдаас ээлж дараалан авсан гэх Б.Ганхуяг твиттерт Ч.Хүрэлбаатар сайдад хандан “Уг нь ах зах, эрэмбэ дараалал, ажлын туршлага, нас, намбыг нь хүндэтгээд явах л юм даа. Даанч нэг эр хүн шиг зөвлөөд, хэлээд, загнавал загнаад явахгүй юм даа” гэх тунирхлын үгийг өнөөдөр бичжээ.

 

Эх сурвалж: analiz.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)