Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

Ш.Ариунболд: Зөвлөлдөх санал асуулгад нийгмийн бүх бүлгийн төлөөлөл оролцож байна

Ш.Ариунболд: Зөвлөлдөх санал асуулгад нийгмийн бүх бүлгийн төлөөлөл оролцож байна

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг болон шийдвэрлэх арга замыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлохоор зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах шийдвэрийг Улсын Их Хурал гаргасан.

Энэ хүрээнд Зөвлөлдөх санал асуулгын эхний шат 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хоёрдугаар сарын 2-ны өдрийг дуустал улс орон даяар явагдаж байна.

Үндэсний статистикийн хороо Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу мэдээлэл цуглуулах, санал асуулгын үр дүнг гаргах, тайлагнах ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа юм.

Зөвлөлдөх санал асуулгын эхний шатны явцын талаар Үндэсний статистикийн хорооны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболдоос тодрууллаа.

– Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах явцад иргэд хэрхэн оролцож, хүлээн авч байна вэ?

– Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Улсын Их Хурал баталж, анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг 2017 онд зохион байгуулж байсан. Бидэнд үндэсний хэмжээнд зөвлөлдөж байсан туршлага бий.

Олон улс орон хэрэглэдэг зөвлөлдөх ардчиллын туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах, нийгэм, эдийн засгийн тодорхой асуудлуудыг хөндөж иргэдээсээ саналыг нь авах, шийдвэр гаргах үйл явцад оролцуулах зорилготой зохион байгуулдаг.

Ийм хэлбэрийн зөвлөлдөх санал асуулгыг засаг захиргааны нэгжүүд хэрэглэсэн туршлагууд ч бий. Энэ удаагийнх бол үндэсний хэмжээнд зөвлөлдөх санал асуулга явуулж буй хоёр дахь судалгаа юм.

– Судалгаанд оролцох иргэдийг хэрхэн сонгосон бэ?

-Зөвлөлдөх санал асуулгад түүврийн судалгааны аргачлалыг ашиглаж байна. Монгол Улсын иргэн нэг бүрээс судалгаа мэдээлэл цуглуулах, бүгдийг нэг дор цуглуулах боломж хязгаарлагдмал тул Монгол Улс төдийгүй бусад улс орнуудын статистикийн болон судалгааны байгууллагууд өргөн дэлгэр ашигладаг арга зүй, судалгааны дээрх аргачлалыг ашиглаж байгаа юм.

Эх олонлог буюу нийт хүн амынхаа тодорхой хэсгийг судалгаанд хамруулаад, үүний тусламжтайгаар нийт хүн амынхаа үзэл бодлыг тодорхойлох боломжтой гэж үзсэн аргачлал юм.

Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулж явуулдаг үндэсний, томоохон судалгаанууд буюу Өрхийн нийгэм, эдийн засаг, Ажиллах хүчний судалгаа гээд бүгд түүвэр судалгааны аргачлалаар хийгддэг.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн оролцох эрхтэй бөгөөд оролцох иргэний тоог зөвлөлдөх санал асуулгын сэдэв, хамрах хүрээг харгалзан Үндэсний статистикийн хорооноос баталсан аргачлалын дагуу Зөвлөлдөх зөвлөл тогтооно” гэж заасан байдаг.

Үүний дагуу статистикийн байгууллага 2023 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр түүврийнхээ арга зүйн хэлэлцүүлгийг холбогдох эрдэмтэн, судлаачдын дунд зохион байгуулаад, аргачлалаа баталсан.

Үүнийгээ Зөвлөлдөх зөвлөлд танилцуулаад, хэчнээн хүнээс мэдээлэл авбал нарийвчлал сайн, алдаа багатай үр дүн гарах боломжтойг тооцоод 1570 түүврийн нэгж сонгогдох боломжтой гэсэн үр дүн гарсан.

Ингээд статистикийн байгууллага эхний шатанд Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийг хамруулан түүврийн анхан шатны 157 нэгж болгон багцалсан.

Түүврийн нэгж тус бүр дэх өрхүүдийн жагсаалтыг гаргаж, энгийн, санамсаргүй түүврийн аргаар 10, 10 өрхийг сонгосон. Эдгээр өрх дундаас сонгуулийн насны иргэдийн жагсаалтыг гарган, мөн л энгийн санамсаргүй түүврийн аргаар 1570 иргэнийг сонгосон. Эдгээр бүх үйл явцыг баримтжуулан ажилладаг. Дээрх байдлаар сонгогдсон 1570 иргэн суурь мэдлэгтээ тулгуурлаж, асуулгад оролцож байна.

– Эхний шатны санал асуулгын явц ямар хувьтай үргэлжилж байна вэ?

– Мэдээлэл цуглуулах үйл явц 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр эхэлсэн бөгөөд 7 хоногийн турш үргэлжилнэ. Нийт сонгогдсон 1570 иргэний мэдээллээ аймаг, дүүргүүдэд хүргүүлсэн. Нийт 30 баг, 77 мэдээлэл цуглуулагч ажиллаж байгаа бөгөөд харьяалах хүмүүсээсээ судалгаагаа авч байна. Яг одоогийн байдлаар ойролцоогоор 96 орчим хувьтай байна.

– Эхний шатны оролцогч нэг бүрээс нүүр тулсан ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулж байгаа. Тэгвэл Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар шат хэрхэн үргэлжлэх вэ?

– Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шат энэ сарын 14, 15-нд Төрийн ордонд үргэлжилнэ. Эхний судалгаанд оролцогчдоос дахин санамсаргүй түүврийн аргаар сонгож, хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтад оролцуулах юм. Эхний шатанд оролцогч суурь мэдлэгтээ тулгуурлаж асуулгад оролцсон бол хоёр дахь шатанд оролцогч бүрээ мэдээллээр хангана.

Асуулгад багтсан асуулттай холбоотой мэдээллүүдийг өгөөд, тухайн иргэдээс дахин санал асуулга авна. Ингэхдээ анхны авсан санал асуулгын цэг, таслалыг ч өөрчлөхгүй. Ийнхүү хоёр удаагийн судалгаагаар гарч буй өөрчлөлтийг хэмжиж, харьцуулж үр дүнгээ гаргах юм.

Ийнхүү Үндэсний статистикийн хороо хоёр шатны санал асуулгын үр дүнгийн тайланг боловсруулаад, Зөвлөлдөх зөвлөлд хүлээлгэн өгнө.

– Зөвлөлдөх санал асуулгад сонгогдон оролцож буй иргэд нийгмийн хэсэг, бүлэг бүрийг төлөөлөх чадвартай эсэхийг иргэд сонирхож байгаа?

-Эхний шатны оролцогчдынхоо мэдээллийг урьдчилсан байдлаар нэгтгэхэд 827 буюу 53 хувь нь эмэгтэй, үлдсэн нь эрэгтэй оролцогчид байна. Боловсролын түвшин нь 30 гаруй хувь нь дээд, мөн хэмжээний хувь нь бүрэн дунд боловсролтой, 15 орчим хувь нь суурь боловсролтой, үлдсэн нь тусгай дунд боловсролтой байгаа юм. Энэ мэтээр хөдөлмөр эрхлэлт, нас, хүйс гэх зэргээр тоон мэдээллийг нэгтгэсэн. Нийгмийн бүх төлөөлөл багтаж байгаа гэж болно. Ташрамд сонирхуулахад, өрхийн мэдээлэлдээ бүртгэлтэй, гадаад улсад ажиллаж, сурч байгаа 11 иргэн сонгогдсоны 4 нь одоогоор судалгаанд оролцсон байна.

– Сонгогдсон иргэдээс ямар асуултуудаар судалгаа, мэдээлэл авч байгааг олон нийт сонирхож байна, харин Үндэсний статистикийн хороо асуултуудыг нууцалж байгаагийн шалтгаан нь юу вэ?

– Зөвлөлдөх зөвлөл боловсруулсан 22 асуултыг Үндэсний статистикийн хороонд хүлээлгэн өгсөн. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11-т “Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд санал авах ажлыг гүйцэтгэх статистикийн байгууллага нь нэг дэх шатны санал асуулгын хуудсаар саналыг нь дахин авна. Энэ хуулийн 11.4.3-т заасан зөвлөлдөх санал асуулгын санал авах хуудас дахь мэдээлэл нууц байна” гэж заасан байдаг. Зөвлөлдөх санал асуулгын зарчмыг хангах, судалгаанд оролцох иргэдийн хувийн байр суурь, мэдээллийг бодитоор авах зорилготой. Асуултууд ил болвол оролцогчид ямар нэг нөлөөлөл үзүүлэх оролдлого гарахыг үгүйсгэхгүй.

Оролцогч нэг бүрийн өөрийнх нь байр суурь, үзэл бодлоор л санал асуулгад оролцуулах үүднээс хоёр дахь шатны судалгаа буюу зөвлөлдөх уулзалт хүртэл санал асуулгын асуултуудын нууцлалыг хангаж ажиллана.

– Судалгаанд оролцсон иргэдэд тодорхой хэмжээний мөнгө олгож байгаа талаар Та тодруулга өгөөч?

– Аливаа төрлийн, томоохон хэмжээний судалгаанд хүнийг оролцуулсны дараа тухай иргэний цаг зав, оролцоонд талархаж зохих хэмжээний мөнгөн төлбөр олгодог.

Төлбөр, урамшуулал гэхээр их том сонсогдох гээд байж магад. Үндэсний статистикийн хороо ч тэр, бусад судалгааны байгууллагуудын нийтлэг хэрэгжүүлдэг энэ жишгийн дагуу улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаарх судалгааны оролцогчдод 10 мянган төгрөг олгож байна. Ингэхдээ судалгаа, мэдээллээ авсны дараа гэдгийг тодруулж хэлье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)