Ц.Даваасүрэн: Шинэ Хархорин хот байгуулах ажлыг удирдах, чиглүүлэх үндэсний хороо байгуулна
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛЫН САЙД Ц.ДАВААСҮРЭН:
-Шинэ Хархорин хот байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр хоёр шийдвэр гарлаа. Нэгдүгээрт, энэ ажлыг удирдах, чиглүүлэх үндэсний хороо байгуулна. Үндэсний хороог би ахлаад холбогдох яамдын сайд, дэд сайд нар орно. Салбар хоорондын уялдааг хангасан бүтцээр ажиллана. Мөн шинэ Хархорин хотын захиргааг байгуулж байгаа. Энэ захиргаа байгуулагдсанаар менежмент, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт, мониторинг хийнэ. Өнөөдрийн шатанд Хархорин хот дээр судалгаа хийж байна. Газрын хөрс бүтэц, ус цаг уурын нөлөөлөл, газар хөдлөлтийн судалгааг хийж байна. Энэ геодизийг судалгаа дууссаны дараа байршлыг тогтооно. Үүний дараа инженер, дэд бүтэц, орон зайн төлөвлөлт, зам гээд төлөвлөнө. Төгсгөлд нь ямар байршил дээр ямар байгууламж байх вэ гэдэг төлөвлөлтүүдээ хийнэ. Геодизийн судалгаа хийсний дараа хот төлөвлөлтийн ажлууд руу орно. Өмнөх судалгаануудыг харахад 500 мянган хүн амтай хот байгуулна гэсэн төсөөлөл бий.
-Нийслэлийн гэр хороолол дунд баригдсан орон сууцад ипотекийн зээл олгох боломжтой юу?
–Гэр хорооллын төлөвлөлт бол агаарын бохирдол, түгжрэлд хамгийн их нөлөө үзүүлдэг. Бид гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрхэн шийдэх вэ гэж судалж байна. Нэг талаар хөдөө орон нутагт ипотекийн зээл олголтыг нэмэгдүүлэх чиглэлд ач холбогдол өгнө. Нөгөө талаа шинэ хорооллуудыг бий болгоно. Хоёр төрлийн хорооллыг бий болгоно. Нэг нь өндөр байшин бол нөгөө нь хаус хороолол. Гол хүндрэл нь эрчим хүчний асуудал. Их хүндрэлтэй байгаа. Ойрын хугацаанд Засгийн газар яг ямар шийдлийг түгжрэл дээр гаргах вэ гэдгээ зарлах байх. Бид нар Сэлбийн дагуу хурдны замыг Яармагийн гүүр хүртэл барих асуудлыг судалж байна.
-Дарханы арьс ширний үйлдвэр юу болж байгаа вэ?
-Тэнд төвөгтэй юм байгаа. Хувийн хэвшил, төрийн төсөл хэрэгжсэн. Хөгжлийн банкнаас 18 тэрбумыг авсан. Бас хувийн хэвшлүүдийг оролцуулсан. Нийтдээ тэнд ашиглахад хүндрэлтэй дэд бүтэц хийгээд орхичихсон. Тэрийгээ 44 тэрбум гээд үнэлсэн. Энэ хувийн хэвшлийн түншлэлийг хариуцаж байсан захирлыг одоо АТГ-аас мөнгө угаасан гээд хоричихсон гэж сонссон. Энэ асуудлыг цааш нь үргэлжүүлнэ гэвэл хүндрэлтэй. Цаг алдахын оронд төрийн өмчийн арьс ширний үйлдвэр байгуулъя гэж ажилласан. Энэ ажил эрчимтэй явж байсан ч Эмээлтэд барина гээд ороод ирсэн. Арьс ширний үйлдвэр барина гэхээр гадна, дотны зохион байгуулалттай зогсоох юм. Дотоод гэвэл манай арьс ширний компаниуд. Шууд л хэлье. Тэд нар хямдхан арьс авахыг бодож байна. Арьсны үнэ унаад хог болоод хэвтэж байгаа. Тэд нар үнэгүй арьс авахыг бодож байна. Хэрэв Дарханы арьс ширний цогцолбор ашиглалтад орвол арьс шир үнэд орно. Хүйтэн нөхцлийн арьс ширээр хамгийн үнэтэй, хамгийн удаан эдэлгээтэй хувцас, эдлэлийг хийнэ. Халуун орны арьс ширээр тийм зүйл хийж болохгүй. 1990-ээд оноос хойш үүнийг бодлоготой унагаасан. Яг нөлөөлж байгаа. Хэвлэл мэдээлэл, сошиалаар янз бүрийн юм цацдаг.
-Хамтдаа ярилцаад хийх гарц, гаргалгаа байхгүй юм уу?
-Тэд нар хийж чадахгүй юм байна лээ. Мөнгө угаачихсан нөхдүүд таньдаг хүнтэйгээ уулзаад зөвтгөх гээд байна. 30 жилийн хугацаанд ийм ашигтай бизнесийг хийх нь яасан юм бэ? Энэ үйлдвэр баригдвал гадны томоохон компаниуд манай арьс ширийг булаацалдаад л авна. Тийм орлоготой болохоос нэг хэсэг нь айгаад нөгөө хэсэг нь хямд арьс шир авахыг бодоод байна.
-Сэргээгдэх эрчим хүчний төлбөр Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг төслүүд рүү зарцуулагдах боломж байгаа юу?
-Тэр бол боломжгүй зүйл юм байна лээ. Нийт эрчим хүчний борлуулалтын 28 хувийг эрчим хүчний үйлдвэрлэлийн 7-8 хувийг эзэлж буй сэргээгдэх эрчим хүчид өгч байгаа. Яагаад би нарны станцуудыг хөгжих боломжгүй гэж үзсэн бэ гэхээр нар жаргахаар буюу 6-9 цагийн үед нарны станцууд хэрэг болдоггүй. Тэгсэн мөртлөө гурав дахин их төлбөр авдаг. Тэр төлбөр нь дөрөвдүгээр цахилгаан станцын олж буй борлуулалтын 28 хувийн гуравны нэгийг аваад явчиж байгаа юм. Хэдхэн нарны компани авчиж байгаа юм. Би 11 гэрээг зогсоосон. Харамсалтай нь одоо янз бүрийн лобби хийгээд явж байгаа юм байна лээ. Хэрэв 11 нарны станц ашиглалтад орвол манай эрчим хүч хүнд байдалд орно. Яагаад гэвэл түүнийг зохицуулж чадахгүй. Өөр улсуудад нарны станц зогсвол хийн станц, усан цахилгаан станцаар нөхдөг. Манайд тийм юм байхгүй учир Оросоос авдаг.
Sanuulga.mn