Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Мөнгө “завшигч”, нүүрс “тоногчдоо” хэзээ эмхэлж, хэрхэн шийтгэх вэ?

Мөнгө “завшигч”, нүүрс “тоногчдоо” хэзээ эмхэлж, хэрхэн шийтгэх вэ?

Сар шинийн баяр өнөө маргаашгүй болох нь. “Сааль, идээгээ” бэлдэж иргэд “бужигнаж” байна. Хувьцаа ярьж байна. Ногдол ашгаа нэхэж байна. Түүгээрээ тавлаг сайхан “баярлах” гэнэ. Бэлгэдлээ бодож байна. Уламжлалаа хүндэтгэж байна. Зөвөө. Үүнд гажуу зүйл байхгүй. Гэхдээ Монголчууд урдахдаа хэт туйлшраад хойтох заримаа мартдаг талтай. Өнөөх сүр дуулиант нүүрсний хулгайн хэрэг юу болов? Замхрах тийшээгээ л хандаж байна уу даа...

Мартаж болохгүй. Санах л хэрэгтэй. Умартсаныг тань бид эргэн сануулъя.

Өнгөрөгч оны сүүлээр 40 их наядын гэх түүхэнд байгаагүй том хулгай ил болсон. Иргэд ч ийм зүйлийг зүгээр хараад суухыг хүссэнгүй. Төв талбайдаа тэмцлээ илэрхийлж төр засагтаа “ташуур” өгөв. Улмаар иргэдийн шаардлагын дагуу Нүүрсний хулгайн хэрэгт холбоотой гэх 17 хүний нэрийг нийтэд зарласан. Тэдгээрийн дунд долоон УИХ-ын гишүүн багтсан билээ. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд нар МАН-ын бүлгээс “цохогдов”. Харин АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нар нэрлэгдсэн юм.

Нэрс нь зарлагдахтай зэрэгцээд л МАН-ын хэд нэг нэгээрээ тайлбар хийв. Нийлээд ч бас тайлбар хийсэн. Долдугаар ангиасаа хойш нүүрсэнд гар хүрээгүй ээ гээд Ц.Анандбазар “гүрийв”. Зүгээр байхад зүүгээр хатгалаа зөрүүлээд тэвнээр хатгана шүү гэж Ц.Сэргэлэн “шүд зуув”. Б.Баттөмөр бүр өөрөөс нь но илэрвэл гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх ухааны юм болсон. Ш.Раднаасэд, Н,Наранбаатар нар ч буруугүй ээ гээд л “мэлзэв”. Дарга нарын өрөөгөөр орж гардаггүй, мөрөөрөө л байдаг “даруухан” хэдийгээ “золигт гаргалаа” гэж тэд учирласан. Энэ нь ортой ч байж болох.

А.Адъяасүрэн гишүүн ч бас зүгээр суухыг хүссэнгүй. Ам нээв. Нүүрс хулгайгаар хил гаргах эрх мэдэл надад үгүй ээ гээд тайлбар хийж байсан. Харин УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ л албан ёсоор мэдээлэл хийж, өөрийгөө “өмөөрсөнгүй”. Бодит байдалтай эвлэрснийх үү эсвэл “больё оо хө болох л байлгүй” гээд хойш суусных уу ямартай ч ажин түжин л байсан.

Ер нь хараад байхад энэ хэд дундаас арай нэг “зартай” нь Д.Бат-Эрдэнэ байгаа юм.

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ бол аатай ч адтай ч эр. Өмнөговийг “атгандаа хураадаг” л  гэнэ билээ. Гадаадад 100 саяын усан онгоцтой сураг ч дуулдсан. Хэвлэлүүдээр нэг хэсэг л шуугисан.  Бүр жижиг “Таван толгой”-гоос нүүрсэн мөргөцөг хулгайлж, нууцаар их хэмжээний олборлолт хийсэн хэрэгт ч нэр холбогдож байсан. Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн “Таван толгой транс” компани орон нутгийн жижиг “Таван толгой” компанийн 49 хувийг эзэмшдэг. 51 хувийг орон нутаг эзэмшдэг нэртэй ч хөшигний ард Д.Бат-Эрдэнэ бүрэн эрхшээлдээ оруулсныг Монголчууд мэднэ. Ийм учраас л нүүрсэн мөргөцөг хулгайлах нь “амар ажил” байсан хэрэг. Баримтууд нь ил болчихсон. Гэтэл эл асуудал өдийг хүртэл нэг тийш болоогүй л байна.

Бүр эрхэм гишүүн Д.Бат-Эрдэнэ нэг хэргээс “ангижраагүй” байж дахин нэгтэй “зууралдчихлаа”.  Үнэн, мөнийг нь хууль, хяналтынхан тогтооно. Гэхдээ муйхраар бодоход эртнээсээ л мөргөцөг хулгайлж “гаршсан” хүн эл 40 их наядын хэрэгт холбоогүй байна гэж байшгүй л “ухагдах”.

Элдэв дуулианд дарагдаж, ард түмний ой тойноос “арчигдах” дөхөж буй бас нэг томоохон хэрэг бол гэрээ “банк болгогч” С.Батдөлийн хэрэг. 10 тэрбум төгрөгийг цаас мэт гэртээ хураасан байсныг нь улсаараа харсан. Үзсэн. Өөрөө бол үл хөдлөхийн орлого гээд л гүрийж байгаа юм. Гэхдээ тийм байх боломжгүйг учир  мэдэх захын нэгэн нь нотлоод өгнө шүү дээ.

С.Батдөл ганцхан сар л саатуулагдсан. Одоо тэр хугацаа нь бараг дуусч байна. Цаашид хэрхэх, ямар хариуцлага хүлээх нь одоогоор тодорхой бус. Хянаж байна, Шалгаж байна л гэх. Тэрбум тэрбумаар нь мөнгө завшсан хүнд гэмтэй нь дүйх ялыг өгөх хэрэгтэй. Тэгж чадахгүй л бол Монголын хууль, шүүхийнхний “тар нь танигдах” биз.

Ямартай ч ард түмэн эл хэргүүдийг мартахгүй байхад арга нь олдоно. Шударга шүүхийг бид бүтээнэ. Шаардана. Шударга ёсыг ч бид тогтооно...  

Д.Сүрэн

Sanuulga.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)