Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
Тахилгын ёслолын өмнөх орой аймгийн хийдийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа. Дараа нь туульч “Аргиль цагаан өвгөн” тууль хайллаа.
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам хуврагууд Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа.
Тахилгын өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирлээ.
Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Завхан аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
“Монголчууд эцэг тэнгэр, эх дэлхийгээ хүндлэн дээдэлж, уул ус, ургамал амьтдыг нь хайрлан хамгаалж, эзэн шүтээнд нь сүслэн залбирч, уул овоогоо тахиж ирсэн эртний сайхан уламжлалтай ард түмэн билээ.
Мянга мянган жилийн түүхтэй уул овооны төрийн тахилга бол эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа, үүрэг, хариуцлага бөгөөд улсын үндэс болсон газар нутгаа тамгалан тогтоож, өв соёл, үүх түүх, зан заншлаа ирээдүй хойчдоо өвлүүлэн уламжлуулах өргөн агуулга, өндөр ач холбогдолтой их ёслол юм.
Цаст цагаан Этүгэн уул, оройн чимэг Отгонтэнгэр хайрхан нь Хүннү гүрний үеэс тайж тахиж ирсэн Монгол түмний их шүтээн уул билээ.
Өнө эртний тахилгат Отгонтэнгэр уулын цадиг түүх бол эх байгалиа хамгаалах төрийн бодлого, хууль цааз хийгээд төр, шашны ёслол, байгалиа шүтэн дээдэлдэг ардын ухаан, уламжлалт соёл, зан заншлын цогц илэрхийлэл юм.
Ард иргэдийнхээ ертөнцийг үзэх үзэл, итгэл үнэмшил, байгаль хамгаалах үзэл санааг хүндэтгэн дээдэлж, Отгонтэнгэр хайрхны тахилгын шүтээн цогцолборыг шинэчлэн байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байна.
Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт эрчимтэй явагдаж буй энэ цаг үед байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, усны хомсдол, гамшигт үзэгдлүүдээс урьдчилан сэргийлэхэд дэлхий нийтээрээ анхаарч байна.
ЮНЕСКО-гоос “Уул овоо тахих монгол зан үйл”-ийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэж, энэ төрлийн судалгааг үе шаттай хэвлэн нийтэлж, түгээн дэлгэрүүлж байгааг тэмдэглэн хэлье.
Хүн, байгаль хоёр хүйн холбоотойг танин мэдсэн монголчууд бидний өвөг дээдэс уул, усаа тахин шүтэх уламжлалт зан үйлээрээ дамжуулан байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн үнэт өв соёлд төр онцгой анхаарч ирсэн түүхтэй.
Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч уул ус, овоо тахилга, уламжлалт зан үйлээ судлан шинжлэх үүднээс төрийн тахилгат хайрхдын судалгаа, шинжилгээг хийлгэж, тахилгын уламжлал, зан үйл, дэг ёс, уул усны онцлогийг нь тодруулан судалж, ард олноо сурталчлан таниулж эхэллээ.
Эх дэлхий, эко системийг хамгаалах, цөлжилт, газрын доройтол, шар шороон шуургыг сааруулах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа ард иргэддээ талархал илэрхийлье” гэлээ.
Мөн Отгонтэнгэр хайрхны Очирваань шүтээн, Хөх-Энгэр, Баянзүрх, Цэцэрлэг, Бадархундага, Баянбулаг, Бахдалт Цагаан, Хөх, Хар нуур монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлж, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.









