Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

“Огторгуйн гишүүн” Анандаа

“Огторгуйн гишүүн” Анандаа

Ард түмний амьдрал дорой байна. Бэрх байна. Асуудлууд ар араасаа хөвөрсөөр...

Ажил хийвэл ам тосдоно гэдэг. Гэтэл манайд эсрэгээрээ л байх шиг. Ажиллаад ажиллаад “ахидаггүй” тийм л халагламаар цаг ирж.Тамираа тасартал хөдөлмөрлөсөн нэгэн тал талхны шахуу л мөнгө олж байх жишээний.

Дайны хажуугаар дажин гэгчээр төрд суугаа хэд нь ч нэмэр алга. Төвшрүүлэх бус “самууруулж” байна. Түмний дундаас төрд гарснаа мартаж, “төрхөм рүүгээ” эргээд “нулимж” ч байх шиг.

Тэдний төлөөлөл Ц.Анандбазар гэж нэг нөхөр байна. “Сод Монгол”-ын үүсгэн байгуулагч тэрбээр “сод” ухаантай нэгэн. Гоц гоц юм их яринаа. Голыг нь л харин олохгүй юм даа.

Нүүрсний хулгайн хэрэг ид газар авч байх үеэр “Долдугаар ангиасаа хойш би нүүрсэнд гар хүрээгүй ээ” гээд “мэлзэж” зогссон. Гэтэл саяхан байнгын хорооны хуралдааны үеэр “Приус унасан ажилгүй хүмүүс л АИ92 шатахуун хэрэглэдэг ээ” гээд тоомжиргүй нь аргагүй “ханхалзаж” суух.

Эрхэм гишүүн Ц.Анандбазар эгэл амьдралаас хэр дээш “хөөрсний” бодит жишээ энэ. Түүнийхээр бол ажилгүй, ядуучууд л приус “хөлөглөдөг” бололтой. Ай даа. Юу ч хэлхэв: Ард түмний боломж бололцоо ийм л байна. Хэрэглээндээ тааруулж хэмжээгээрээ “тансаглаж” байгаа нь л энэ. Хөлсөө урсгасных нь шим болохоор сайн муу нь хамаагүй унасан унаа нь хүн бүрд л үнэ цэнтэй. Үүнийг л “огторгуйн” гишүүн Анандаа ойлгох хэрэгтэй.

Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг нь л болж байна уу даа. “Тэжээл” нь ихэдсэний л гор шүү дээ. Ингэж хэлүүлэн барин “Сод Монгол”-оор үйлчлүүлсний хэрэг байгаа ч юм уу. Иргэд өөрсдөө дэнслэнэ биз ээ...

Ер нь сайтар яривал чухам чухам юмс ярьж суугаа Ц.Анандбазар гишүүн өөрөө лриусчдын мөнгөөр л “хөлжсөн” шүү дээ. “Сод Монгол”-оор үйлчлүүлж байгаа иргэдийн дийлэнх нь приус унасан жолооч нар байгаа. Үүнийг захын нэг салбар дээрээс нь илхээн харж болохоор юм.

Хууль батлагч хэр нь хүчирхийлэлд нэр холбогдоно. Худлаа үнэн гэмээ цайруулах гэснийх ч үү шарын шашин ярина. Тэгээд “тэнгэрийн юм донгодно”. Ард түмнээрээ “даажигнана”.Доромжилно: Ийм хүн төр түшиж таарахгүй. Тэнцэхгүй.

Энэ мэт бусдад нь ч төрийн сэнтий зохихгүй ээ...

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)