Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Улс төрчдөд боломжоо "хулгайлуулсан" ЖДҮ-чид

Улс төрчдөд боломжоо "хулгайлуулсан" ЖДҮ-чид

 

Энэ сарын 20-23-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохиогдож байна. Үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар  “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ ажиллаж байгаа юм.

Жил бүр тогтмол явагддаг энэхүү арга хэмжээнд есөн дүүргийн 140 гаруй ЖДҮҮ эрхлэгч, 2000 гаруй бараа бүтээгдэхүүнтэйгээр оролцож байгааг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн.

Гэвч бодит байдал өөр байлаа.  Үзэсгэлэн худалдааг нүдээрээ үзсэн хүмүүс үнэхээр 140 гаруй аж ахуйн нэгж байгаа эсэхэд нь эргэлзэхүйц дүр зураг ажиглагдаж байв. Армаг тармаг хэдхэн асарт намрын зэврүүн салхинд алгадуулан суугаа ЖДҮҮ эрхлэгчдээ харахад өр өвдөм. ЖДҮҮ-ний салбарын хөгжил Монголд яг ийм “өр өвтгөм” дүр зурагтай байсаар удлаа. Харин бодит байдлыг мэдсээр байж мэдээгүй юм шиг аашлах сайд дарга нар л ЖДҮҮ эрхлэгчдийг биш өөрсдийгөө сурталчилж, үнэний “үгүйсгэл” мэт сүрлэг тайзан дээрээс сүртэй үг хэлж, сүрдэм нээлтээ хийсээр л.

Манай эдийн засаг 90-ээд оноос өссөн ч, хөгжил зөвхөн 2010 оноос хойш эхэлсэн. Энэ хөгжлийг авчирсан ганц салбар бол уул уурхай. Гэхдээ энэ хөгжил ганцхан салбараас хамааралтай учир тогтворгүй, баталгаагүй гэдгийг эдийн засгийн олон ч удаагийн хямрал харуулав. Экспортын 80-90 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарт, хөрөнгө оруулалттай нь зэрэгцүүлэхэд харьцангуй цөөн хүн ажиллаж байна.

Хамгийн олон хүн ажиллаж, хамтдаа нийлж, улс орны эдийн засагт тус бага боловч хувь нэмэр оруулдаг ААН бол жижиг дунд үйлдвэрүүд юм. ЖДҮ бол эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, иргэдийн иргэдийг өөрсдийг нь ажлын байртай болгодог салбар.

Тийм ч учраас ЖДҮ ямар бүтээгдэхүүн, үйчилгээ иргэдэд хүргэж, ямар техник, технологи ашиглаж, хэдэн хүнийг ажлын байраар хангаж байгаа нь  тухайн улсынх хөгжлийн нэг үзүүлэлт болдог.

1990 оноос хойш ЖДҮ-ийг хөгжүүлэх талаар хамгийн их ярьсан ч, 30 жилийн дараа хүлээлтээс илт доогуур хэвээр байна.

Монголбанкны судалгаагаар ЖДҮ бизнес эрхлэгчдэд тулгараад буй хамгийн том хоёр асуудал бол санхүүжилт ба хүний нөөцийн чадавх гэж гарчээ. ЖДҮ-г хөгжүүлэх талаар төр засаг нэрэн дээрээ түмэн бодлого явуулж, тэрбумаар нь төгрөг зарцуулдаг ч, нидэр дээрээ яг хэнд очдог байсныг иргэд олон нийт мэддэг болсон. Гурван хувийн хүүтэй, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг УИХ-ын 76 гишүүн, улс төрд нөлөө бүхий хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүдийн компаниудад олгосон байдаг.

Тэдэнтэй ямар хариуцлага тооцсон нь одоог хүртэл олон нийтэд тодорхой биш хэвээр.  

Нөхцөл байдал ийм байгаагийн тод илрэл нь өнөөдөр Сүхбаатарын талбайд болж буй   Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас зохион байгуулж буй өдөрлөг гэж хэлж болохоор.

 Улс төрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд боломжоо “хулгайлуулсан” ЖДҮ-чид  нэртэй цөөн хэдэн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид тайз нь томдож, талбайд цөөдсөн хэдхэн асарт түүхий самар жимс, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, оймс бээлий, дээл хантааз, арьсан эдлэл, түлхүүрийн оосор төдий төдийхнийг дэлгэн гундуухан суусан, “ичих ухамсараа элгэндээ наасан дарга нар том тайзнаас ЖДҮҮ-чидээ дэмжсээр ирсэн, цаашид ч дэмжинэ” хэмээн  попорсон харагдана. 

Эх сурвалж: Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)