Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Сүрьеэгийн вакцин андуурч хийсэн хэргийн хариуцлагыг хэн хүлээх вэ?

Сүрьеэгийн вакцин андуурч хийсэн хэргийн хариуцлагыг хэн хүлээх вэ?

Эрүүл мэндийн сайд шинээр томилогдохтой зэрэгцээд эл салбарынхан ч бас фактлаад амжив. Фактлах фактлахдаа зүй бус, хариуцлагагүй үйлдэл гаргаж. Есийн есөн хүний амь насыг эрсдэлд оруулж, сэтгэл санаагаар нь хохироожээ. Одоогоор хүний амь эрсдээгүй нь л зол болов. Гэхдээ хариуцлага гэх зүйл яригдах нь дамжиггүй. Буруутан нь зохих шийтгэлээ хүртэнэ. Маргаангүй. Харин тэр мөч хэзээ вэ? гэдэг л анхаарал татаж байна. Чухам хэн үүний “нүгэлийг үүрэх” вэ?

Үйл явдлыг эргэн сануулъя.

Сүхбаатар аймагт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-26-нд нохойд хазуулсан хэмээн эмнэлэгт хандсан 8-56 насны есөн иргэнд галзуугийн эсрэг вакцины оронд сүрьеэгийн эсрэг “БЦЖ” вакциныг өндөр тунгаар, андуурч тарьсан ноцтой хэрэг гарчээ. Үйл явдлын талаарх үнэн зөв бодит мэдээллийг газар дээрээс нь Sanuulga.mn сайт сурвалжлан хүргэсэн.

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Мөнхзулаас тодруулга авахад ”Эдгээр хүмүүст өндөр тунгаар тарилга хийсэн нь үнэн. Эмнэлгийн ажилчид маш их ачаалалтай, стресстэй ажилладаг нь ийм алдаа гаргах үндэс болсон байх. Сүрьеэгийн вакцин тариулсан хүмүүсээс гуравынх нь бие хүндэвтэр байгаа. Гэхдээ хэдий өндөр тунгаар вакцин хийлгэсэн ч амь насанд нь аюул учруулахуйц эрсдэл үүсэхгүй” хэмээсэн юм. Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг бидэнд утсаар мэдээлэл өгөхдөө үүнийг үгүйсгэсэн. Өндөр тунтай вакцин иргэдийн амь насанд халтай байж болно гэдгийг тэрбээр онцолжээ.

Эх сурвалжуудын мэдээлэл ийнхүү зөрөлдөж байгаа юм. Иргэдийн амь насанд халтай, халгүй. Гэхдээ халтай гэдэг нь угаас ойлгомжтой болсон. Мэргэжлийн эмч нар ч захаасаа үүнийг хэлээд өгч байгаа. Эв эрүүл хүний биед сүрьеэгийн халдвар автоматаар үүсгэх дайны аюултай үйлдэл энэ мөн гэдгийг ч бас сануулж байгаа. 

Хүний амь эрсдэж болох байж. Гэхдээ үүнийг няцаасан мэдээлэл хийх нь хариуцлага хүлээх нэгэнд нь тустай. Зөөлрүүлж байгаа юм. Нүхээ ухаж байгаа юм.

Хав дарах дөхсөн. Хав дараад өнгөрсөн бол хэдхэн хүний биш хэдэн зуу, хэдэн мянга, цаашлаад Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц асуудал тэндээс “ургах” байлаа. Ургаж байж ч мэднэ. Тиймээс тэдгээр иргэдийг сайтар шинжилж, цаашид үүсэж болох эрсдлийг тооцоолох нь чухал. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанартай авах ёстой.

Эл үйл явдалтай холбоотойгоор шинэ сайд нь ард түмнээсээ уучлал хүсэж зогсоно билээ. Шинэков учир түүнд буруу байхгүй. Аргагүй. Гэхдээ энэ салбарыг илүү төгөлдөржүүлэх үүрэг одооноос түүнд салшгүйгээр ногдсон. Тэгэхээр ахин ийн зогсох эрх байхгүй гэсэн үг. Хэргийн буруутнуудыг ол. Хариуцлага хүлээлгэ. Чин шударгаар. Чимбайгаар.

Яриагаар нь бол эмч, сувилагч нарт л алдаа үүрүүлээд орхих янзтай байна билээ. Энэ удаад тийм байж болно. Гэхдээ томоос том завхрал “толгойд” байдаг шүү сайдаа...Үүнийг л саначих хэрэгтэй...

Ер нь Эрүүл мэндийн салбар болохгүй байна. Саяхан тулгар эх төрөх эмнэлгийн гадаа машиндаа амаржсан хэрэг гарсан. Түүний дуун намжаагүй байхад л дахин ийм явдал боллоо. Алтан гартнуудад итгэх үндэс огтоосоо алга. Асуудал ч  тасрахаа байж. Энд алдаа байнаа гэдэг нь илтээ харагдаж байна. Харагдсаар ч удлаа. Тиймээс шинэчлэл хэрэгтэй.

Тэр шинэчлэлийн эхлэл нь Сүхбаатарын ”дуулианы” шударга шийдэл байг. Шударга ёс ямагт магнайд гэдэг. Бид итгэж байна. Харж байна...

Д.Сүрэн

Sanuulga.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)