Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Эмч биш ч эрүүл мэндийн салбарын “бизнестэй” Эрүүл мэндийн шинэ сайд

Эмч биш ч эрүүл мэндийн салбарын “бизнестэй” Эрүүл мэндийн шинэ сайд

Өнөөдөр улс төрийн тавцан “доргиотой” байна. МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Хуйгаар нь хамж, сайдуудаа сольж байна. Дан дээлтэй хуучин сайдуудаа төрхөмд нь буцааж байна. Давхар дээлтэй шинэ сайдуудад эрх ямба тарааж байна. Ажил сайжруулах нэрээр агаар сэлгэж  байгаа  ч зарим нь өмнөхөөсөө дордож, Ерөнхий сайд эрх мэдэлтэйгээ үлдэхийн тулд нам доторхи фракциудын төлөөлөлдөө найр дэлгэж байна.

Шинэ сайдуудын дунд салбарын туршлагатай, мэдлэг чадвартай хүн цөөн харагдана. Хүсэж хүсэж хүссэн алдраараа “хүзүүгээ ороолгосон”  нэг нь ч байна. Хүүе энэ үү дээ гээд уулга алдмаар өөр нэг нь бас байна. Тэдгээрийн нэг нь Эрүүл мэндийн сайдаар томилогдож буй эмч биш ч эрүүл мэндийн салбарын “бизнестэй” байсан С.Чинзориг гишүүн.

Учир юун гэвээс УИХ-ын гишүүн, Эрүүл мэндэд горилогч С.Чинзоригийн хамааралтай байсан “Сүвэн уул” ХХК эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэрбээр эл компаниа өөрийн “хам”, амьдаа Ч.Чинзориг гэгчтэй хамтран эзэмшдэг байсан аж. Ч.Чинзориг нь ЭМЯ-нд хурган дарга хийж байгаад хариуцлага алдаж “хөөгдсөн” элдэвтэй эр гэнэ билээ.

Амьдаа нар нийлж байсан цаг үедээ хэнд ч дийлддэггүй байсан бололтой. Хоёр Чинзо  “Сүвэн уул” ХХК-аараа дамжуулж өмнө нь ЭМЯ-наас зарласан тендерүүдийг ёстой л “хүүлэх” шиг болдог байж. Одоо нэг нь сайд болох нь. Ийм зүйл байж болох уу, төр ёсонд нийцэх үү.

Эрүүл мэндийн салбарын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, тоног төхөөрөмж оруулж ирдэг компанийн хувьцаа эзэмшигч байсан, туслахаа ажилуулдаг байсан хүн өнөөдөр энэ салбарын сайд болохыг эрх ашгийн зөрчил гэхгүй юм бол юуг эрх ашгийн зөрчил гэх вэ?

Гэвч өнөөдөр Ерөнхий сайдад шинэ сайдын эрх ашгийн зөрчлөөс илүү нам доторхи фракциуддаа эрх ямба олгож, тэдний эсэргүүцлийг бууруулах нь л юу юунаас илүү чухал байгаа бололтой.

Тайлбар байхгүй.

Тендерийн мэдээллийн үргэлжлэлийг энд дарж үзнэ үү

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)