“Хүүхдийн төлөө сан” яав, мөнгө нь хаашаа урсаж байна вэ?
Хүүхэд нас сайхан. Хүрч очих галт тэрэг байдаг ч болоосой гэж бид мөрөөддөг. Байдаг бол бүгд л балчир үе рүүгээ тэмүүлнэ дээ. Даанч боломжгүй юм. Тиймээс хүн бүрийн эргэж очихыг хүсдэг, танхил заяагаа “эдэлж” яваа хүүхэд багачуудаа бид бурхан мэт хайрладаг. Халамжилдаг. Гар таталгүй ивээдэг. Эрхлүүлдэг.
Төр засаг маань хүртэл тэд хэдэн төгрөгөөр дэм, тусаа үзүүлдэг. Үзүүлэхгүй гээд ч яахав. Үр хойч, хөгжил, ирээдүй нь юм чинь. Хүссэн хүсээгүй л энэрэнгүйн “шийр заах“ нь тодорхой. Хүүхдийн төлөө гэх хэд гурван ажил нь олны амаар овоо сайшаагдах янзтай болохоор нь “оодорч”, “Хүүхдийн төлөө сан” гэгчийг хүртэл байгуулсан. Санаачилга нь сайшаамаар ч “саваагүй” л ажил болох шиг боллоо энэ нь. Сануулъя та бүхэнд...
Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Хүүхдийн төлөө сан” байгуулахаар тогтсон. Санаачлага гаргасан автор дээр нь Соёлын яам нэрлэгддэг. Улмаар “Хүүхдийн төлөө фонд” ТББ-ыг Соёлын дэд сайд М.Батбаяр, дуулиан, шуугианаас нэр нь салдаггүй “Херо энтертайнмент"-ийн найруулагч Б.Баатар тэргүүтэй нөхөд байгуулсан юм.
Ингээд хуримтлал үүсгэх зорилгоор “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг зохиож, 2.2 тэрбум төгрөгийг босгосон байдаг. Үүний нэг тэрбумыг нь тухайн үеийн Засгийн газраас “бэлэглэсэн“ бол үлдсэнийг нь ард түмний хандив бүрдүүлжээ. Хүүхдийн төлөө гэх үгээр “бамбайлсан” болохоор Монголчууд ч гар татахыг хүссэнгүй. Сайныг сэтгэж, хормын зуурт л сангийн мөнгийг тэрбум гаруй төгрөгөөр арвижуулаатхав.
Хүүхдийн төлөө фондод цугласан эл мөнгөөр Чингэлтэй дүүргийн V хороонд байрлах 1.1 га газар буюу бидний хэлж заншсанаар Тасганы овоон дээр хүүхдүүдэд зориулсан зургаан давхар номын сан, дөрвөн давхар Хүүхэлдэйн театр барина хэмээн тухайн үеийн ХНХ-ын сайд Д.Ариунзаяа мэдэгдэж байлаа.
Эл явдлаас хойш даруй хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Тийм байтал Тасганы овоон дээр Хүүхэлдэйн театр, номын сан алга. Том том “буудаж” байсан сайд нь ч бас алга. Оронд нь харин бурхан багшийн хөшөөний будилаан тарьсан шав л үзэгдэх. Сангийн мөнгө, сайхан амлалтууд чухам хаачив...
Уг нь бол тоглолтоос цугласан хандивын мөнгө хэл ам, дуулиан шуугиан дагуулж, дуншин байж 2021 оны 10 дугаар сард ХНХЯ-ны дэргэдэх Хүүхдийн төлөө сангынхаа дансанд орсон байдаг. Орох орохдоо бүр анх байснаасаа нэмэгдээд орж. Ард түмний л буян шүү дээ. Үүнийг нь ч Д.Ариунзаяа сайд цахим хуудсаараа дамжуулан баталгаажуулж байсан.
Гэтэл сангийн дансны мөнгөн дүн нэмэгдэхтэй зэрэгцээд сайд дарга нарын санаа ч өөрчлөгдсөн байдаг. Бүтээн байгуулалтын ажлууд нь товлосон хугацаандаа эхлэхгүй болохоор нь хэвлэл мэдээллийн байгууллагынхан эрэл, хайгуулд гарч эхлэв. Д.Ариунзаяа сайд тэргүүтнүүдээс ам асуутал өөдөөс нь харин “ангайлгасан” хариулт өгөөд эхлэх нь тэр.
Холбогдох байгууллагынхны зүгээс “Анхнаасаа л номын сан, Хүүхэлдэйн театр барина гэж төлөвлөөгүй. Урлаг соёлынхон л тийм цуу тараасан хэрэг. Энэ мөнгөөр олон улсын тэмцээн, уралдаанд амжилт гаргасан хүүхдүүдийг шагнаж урамшуулна. Мөн тэмцээн уралдаанд явах зардлыг нь “ивээн тэтгэнэ”. Шаардлгатай бол бүтээн байгуулалтын ажил болоод, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зарцуулна. Сангийн мөнгийг зарцуулах журамд тэгж тусгасан” хэмээн мэдэгдсэн юм.
Юу вэ та минь. Шагнал урамшуулалд цац гэж талх, хоолныхоо мөнгөнөөс хумслан байж Монголчууд “тахил” өргөсөн болж таарч байна уу энэ чинь. Харамсмаар. Халагламаар. Уг нь түмний хандиваар биш төр өөрийнхөө мөнгөөр л тэр асуудлаа шийдэх нь зүйд нийцэхээр бодогдох...
Байг гэхэд ядаж сангийн мөнгийг хэрхэн зарцуулсан тайлангаа нийтэд ил болгох хэрэгтэй. Тэгж байж л багахан ч болтугай шударга ёс “үнэртэнэ”.
Ер нь хүүхдийн нэр барин, сан байгуулж, сайхан юм ярьж иргэдээ “молигоддог” ийм төр Монголоос өөр хаана байдаг вэ? Харъя.
Одоо бүр сүүлдээ Хүүхдийн төлөө сангийн асуудал мартагдаж байна. Болохгүй. Үр хойчсоо дэлхийн стандартын номын сан, театртай болгохоор зорьж эхлүүлсэн ажлынхаа эцсийг бид үзэх хэрэгтэй. Сайд дарга нарыг “боргоё”. Сангийн мөнгийг ч мөшгөе...
Д.Сүрэн
Sanuulga.mn