Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.01.14

ЕРӨНХИЙ САЙД АА, ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ 420 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ГОЛСОН Д.СУМЪЯАБАЗАРЫГ ОГЦРУУЛ

ЕРӨНХИЙ САЙД АА, ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ 420 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ГОЛСОН Д.СУМЪЯАБАЗАРЫГ ОГЦРУУЛ

УИХ өнгөрсөн хавар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр, төрийн байгууллагууд цалингаас өөр зардал гаргахгүй байгаа гэдэг. Харин МАН эрх барьж буй энэ үед АН-ын дарга С.Эрдэнэ Баянгол дүүргийг “Эрдэнэ вангийн дүүрэг” болтол нь эзэрхийлсэн шиг нийслэлийн удирдлагыг “Сонгинохайрханы вант улс” шиг болгосон хүн бол Д.Сумъяабазар. Нийслэлийн МАН-ын даргын хувьд орон нутгийн 2020 оны сонгуульд намаа ялуулсан гавьяаг эдэлж, УИХ-д өөрийг нь дахин сонгосон сонгинохайрханчуудын сонголт дээр “гишгэж” нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болсон бөх. Д.Сумъяабазар УИХ-ын гишүүний мандатаа ийнхүү хотын мэрийн суудлаар сольж, УИХ-ын гишүүд хийгээд зарим сайдын багц төсвөөс ч илүү төсвийг захиран зарцуулах эрхтэй болсон. Зөвхөн түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээнд 2021 онд 420 тэрбум төгрөг төсөвлүүлсэн. Харин энэхүү төсвийг юун зарцуулсан, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад ямар бодлого хэрэгжүүлж, арга хэмжээ авсан бэ гэдэг нь тодорхой бус. Ард иргэдийн хэл амнаас айсандаа тэр үү “Түгжрэл бууруулах зориулалт бүхий 420 тэрбум төгрөгөөс 270 тэрбумыг нь зарцуулаад дууссан шүү” гэдэг мэдээллийг л хэвлэлийн төлөөлөгчөөрөө сошиалд бичүүлж, хариуцсан ажилтнаар нь яриулсан төдий. Харин өөрөө ногоон зүлэг, хашаа хайс, гараж нурааж, буулгасан гэх мэт яг үнэндээ дүүргүүдийн хийдэг ажлуудаар л рекламдаж суугаа. Хэдийгээр Д.Сумъяабазар хувийнхаа ПР-т ихэд анхаарч, “Эрдэнэт”-ийн 49 хувийнхны медиагаар зөвлүүлж, хэвлэл мэдээллийн албаа Сургалт-судалгаа-олон нийттэй харилцах газар болгож өргөжүүлсэн ч ядаж Э.Бат-Үүлийн дайнд үнэлэгдэх оноог сошиал болон ард иргэдээс авч чадсангүй. Хотын захиргаа нь хов жив, хэрүүл шуугиан ихтэй, харин Д.Сумъяабазар гэдэг дарга нь хийж гавьсан ажилгүй хоёр жил ийнхүү өнгөрч байна.

            Үе үеийн хотын удирдлагуудын толгойн өвчин болсон сэдэв бол түгжрэл. Энэ ганцхан Д.Сумъяабазарын үед ч болоод байгаа гамшиг биш. М.Энхболд тэргүүтэй нөхөд Улаанбаатар хотын газрыг наймаалцаж, Б.Чойжилсүрэн, С.Нямдаваа зэрэг барилгын бизнес эрхлэгчид нь цементэн ширэнгэ барьж, хот гээч нь хүн амын төвлөрлөөс болж даац хэтэрсэн нь үнэн. Харин Д.Сумъяабазар улсын төсөвт 420 тэрбумыг зөвхөн түгжрэлийг бууруулахад тусгуулж чадсан ч ямар ч арга хэмжээ авсангүй. Гэсэн атал 2023 оны улсын төсөвт дахиад 420 тэрбум төгрөг тусгуулснаа сэтгүүлчдэд ярихдаа “Түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг хүрэлцэхгүй” гэж голжээ. Үүний цаана харин олон нийтийг бухимдуулаад байгаа LRT, дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлэх нэрийдлээр түгжрэлээр бизнес хийх санаархал байгаа юм биш биз...? Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сард “Түгжрэлийг бууруулах төсвийг 586 тэрбум төгрөг болгож нэмнэ” гэсэн ч улсын төсвийн төсөлд 420 тэрбум төгрөг хэвээр орж иржээ. Харин энэ төсвөөс гадна түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатарын захиран зарцуулах эрх бүхий төсөв гэж тусдаа бий. Нэг ёсондоо, Л.Оюун-Эрдэнэ кабинетдаа сэлгээ хийсэн биш Д.Сумъяабазар өөр рүүгээ чиглэсэн “гал”-тай сэдвээс холдож Ж.Сүхбаатараар бамбай хийж чадсан. Түгжрэл хариуцсан сайдын төсөв гэж байхад нийслэлийн төсөвт дахиад 420 тэрбум төгрөгийг түгжрэлийг бууруулахад төсөвлөх нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн хэрэг биш үү, Ерөнхий сайд аа. Түгжрэл бууруулах 420 тэрбум төгрөг гэдэг бага мөнгө биш. Гэтэл хувь эзэмшдэг банк нь өр ширэндээ баригдсан Д.Сумъяабазар татвар төлөгчдийн энэ мөнгийг голж байна. Тиймээс ажлаа хийж чадахгүй байгаа наад бөхөө огцруул. Д.Сумъяабазарыг магтахаас өөр гавьтай ажил хийдэггүй Сургалт-судалгаа-олон нийттэй харилцах газрыг нь ч бас татан буулга. Засгийн газрын хэвлэлийн албанаас ч данхгар бүтэцтэй буюу 30 хүн “Хангарьд” ордныг эзэгнэж, татвар төлөгчдийн мөнгөөр Д.Сумъяабазарыг хэвлэл, сошиалаар магтаж, өрөөлийг муулах троллуудыг санхүүжүүлдэг нь нууц биш болсон шүү дээ. Эрх баригчид энэ тухай эрхбиш мэддэг байлгүй дээ.

Эх сурвалж: analiz.mn

Д.Гал

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)