Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.22

2023 онд хэрэгжих том төслүүд

2023 онд хэрэгжих том төслүүд

Олон улсын байгууллагууд 2023 оныг эдийн засгийн хувьд хүндхэн жил байна гэж дүгнэж буй. Олон улсын валютын сан /ОУВС/-ийн таамгаар 2023 онд эдийн засгийн хүндрэл дэлхийн гурван улс тутмын нэгд нь хүчтэй мэдрэгдэнэ гэж. Мөн энэ онд Дэлхийн эдийн засагт хамгийн нөлөөтэй АНУ, Европын холбоо, БНХАУ-ын эдийн засаг удаашралтай байхыг анхааруулав. Хэдий БНХАУ “Тэг ковид” бодлогоо цуцалж, хэвийн амьдралдаа шилжиж буй ч эсрэгээрээ тус улсад халдварын тархалт нэмэгдэж байгаа нь Хятадын, цаашлаад дэлхийн эдийн засаг саарахад нөлөөлнө гэжээ. Иймээс ОУВС дэлхийн нийт эдийн засгийн өсөлтийг 2.7 хувь болгон бууруулав.

Монгол Улсын эдийн засгийг дөрөв хувь өснө гэж ОУВС таамагласан. Мэдээж урд хөршийн нийгэм, эдийн засгийн байдал нөлөөтэй, мөн томоохон төслүүд эрчимжинэ гэсэн хүлээлтэд үндэслэн ингэж тооцжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ жилийн мэндчилгээндээ “2023 он бол эдийн засгийн өсөлтийн жил байх болно” гэж онцолсон. Монгол Улс, монголчууд дотооддоо өөрсдөөс хамаарах зүйлсээ хийж чадвал дэлхийн эдийн засгийн хүндрэлд бага л өртөнө. Эдийн засгийн өсөлтийг дэмжихэд том төсөл хөтөлбөрүүдээ эхлүүлэх, хөдөлгөх нь нэн чухал. 2023 онд эдийн засгийн өсөлтөд дэм болох ямар,төсөл хөтөлбөрийг хэрэгжихийг эргэн сануулъя.

Оюу толгой гүний уурхайн тогтвортой олборлолт эхэлнэ

Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагаа идэвхжих нь Монголын эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй. 2022 онд Оюу толгой ордын 1300 метрийн гүнд огтлох малталтыг эхлүүлж, хүдэр буулгууруудыг ажиллуулж эхэлсэн. Тэгвэл 2023 оны нэгдүгээр улиралд багтаан гүний уурхайн тогтвортой олборлолтыг эхлүүлэх аж. Энгийнээр тайлбарлабал, 1300 метрийн гүнээс хүдрээ олборлон газрыг гадарга руу зөөж, баяжуулаад экспортод гаргах ажил албан ёсоор эхэлнэ гэсэн үг. Оюу толгой нийт баялгийн 80 хувь нь газрын гүнд бий. Иймд гүний уурхайн хүдрийн тогтвортой олборлолтыг эхлүүлэх нь  Монголын эдийн засаг урт хугацаанд тогтвортой өсөхөд чухал нөлөөтэй юм. Эхний ээлжинд гүний уурхайгаас өдөрт таван мянган тонн хүдэр олборлох бөгөөд 2030 оноос бүрэн хүчин чадалд шилжсэнээр өдөрт 95 мянган тонн хүдэр олборлох боломжтой болно.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл эхэлнэ

2023 онд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн гол дэд бүтцийн ажлууд эхэлнэ. Өнгөрсөн 2022 онд газар чөлөөлөх ажлууд хийгдэж дууссан байна. Төсвөөс шаардлагатай санхүүжилтийг гаргаж, төсөл хэрэгжих бүсэд оршин сууж байсан малчин өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, шаардлагатай нөхөн олговрыг олгожээ. Энэхүү төслийг БНХАУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр барьж байгуулахаар болсон. Нийтдээ 288.5 сая ам.долларын санхүүжилт төлөвлөснөөс “Power Construction Corporation of China”, “Power China Chengdu Engineering Corporation” компани 271.1 сая ам.доллараар барьж байгуулахаар тендерт шалгарсан. Энэ онд төлөвлөсөн ёсоор дэд бүтцийн ажлаа эхлүүлж чадвал 2025 онд гэхэд 90 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орно.

Энэ төсөлтэй зэрэгцээд Тавантолгойн дулааны цахилгаан станцын төсөл эхэлбэл бүр сайн. 2023 онд Тавантолгойн ДЦС-ын төсөл дээр тендер дахин зарлах хүлээлттэй байна.

“Шинэ тойрог зам” төсөл эхэлнэ

Засгийн газраас Нийслэлийн “Шинэ тойрог зам” байгуулах төслийг дэмжиж, энэ ондоо багтаж эхлүүлэхийг даалгасан. Ингэхдээ “Шинэ тойрог зам” төслийн Туул голын эрэг дагуух авто зам, замын байгууламж болон тус авто замыг Улаанбаатар-Хөшигийн хөндийн нисэх буудлын хурдны авто замтай холбох автозам, замын байгууламжийг нэг жилийн дотор барьж байгуулахаар зохион байгуулж, зохих арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод, “Шинэ тойрог зам” төслийн хойд хэсгийг мөн хугацаанд барьж байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарт тус тус даалгалаа. “Шинэ тойрог зам”-ын нийт урт 83 км байна. Урд хэсгийн авто зам нь 31 км, Баянзүрхийн товчоо орчмоос эхэлж Маршалын гүүр, Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, баруун аймаг салдаг тойрог уулзвар хүрнэ. Хойд хэсгийн авто зам нь 52 км, Улаанбаатар-Дархан чиглэлийн замаас Орбит-Найрамдал чиглэлд салах уулзвар, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Цагаандаваа, Улиастайн авто замыг дайран Баянзүрхийн гүүр хүрэх юм. Санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар албан ёсны шийдвэр гараагүй ч ногоон зээл эсвэл бонд босгож хөрөнгө татах төлөвлөгөөтэй байгаа аж.

Төмөр замууд “амь” орж эхэлнэ

Монгол Улс өнгөрсөн гурван жилд 1000 орчим км төмөр замыг барьж байгуулав. Тодруулбал, Тавантолгой-Зүүнбаян 416.1 км, Тавантолгой-Гашуунсухайт 233.6 км, Зүүнбаян-Ханги 226.9 км төмөр замыг ашиглалтад орууллаа. Эдгээрээс хоёр нь шууд урд хөршийн хилийн боомттой холбогдох стратегийн чухал төмөр зам. Хил холболтоо эцэслэн тохироогүйгээс Монголын хилийн зурвастай тулаад буй. 2023 оны эхээр Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг Хятдын Мандал боомтой төмөр замаар холбох ажил эхлэх хүлээлттэй байна. Ингэсээр урд хөрш руу экспортын шинэ гарцтай болно. Мандал боомт нь манай улсын уул уурхайн түүхий эд хүргэдэг Бугат хоттой дөт замаар холбогддог бүс юм.

Аялал жуулчлалын салбар идэвхжиж, казино байгуулна

Монгол Улс энэ жил хамгийн их жуулчин хүлээн авна, жуулчдыг татахын тулд нислэгийн тийзний үнийг бууруулахаас эхлээд олон ажил хийхээр төлөвлөж буй. Мөн намрын чуулганд багтаж УИХ дээр Аялал жуулчлалыг дэмжих хууль болон дагалдах хуулиудыг батална. Жуулчдыг татахын тулд тусгай бүс, казино байгуулахаар төлөвлөж буй. Эхний ээлжинд Хөшигийн хөндийд татваргүй бүс байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтэц татахад шаардлагатай 70 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2023 төсөвт суулгасан. Хөшигийн хөндийд чөлөөт бүсийн зориулалтаар 31 мянган га газрыг улсын хэрэгцээнд авсан. Тэнд казино байгуулах газрыг лиценз эзэмшигч олгохоор төлөвлөж байна. Монгол Улсад казино байгуулах хуулийн этгээд нь хамгийн багадаа 300 сая ам.доллараас багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр зохицуулалтай болно.

Эх сурвалж: IToim.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)