Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

САНУУЛЬЯ: ЗАХ ЗЭЭЛД ГАРААД БУЙ КОЙНУУД, БҮХ ТӨРЛИЙН КРИПТОВАЛЮТ НЬ ТӨЛБӨРИЙН ХЭРЭГСЭЛ БОЛОХГҮЙ

САНУУЛЬЯ: ЗАХ ЗЭЭЛД ГАРААД БУЙ КОЙНУУД, БҮХ ТӨРЛИЙН КРИПТОВАЛЮТ НЬ ТӨЛБӨРИЙН ХЭРЭГСЭЛ БОЛОХГҮЙ

2021 оны 9-р сарын 9-ний өдөр Монгол банкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван  Eagle телевизийн  мэдээллийн хөтөлбөрт зочиноор оролцож криптовалютын талаар сэрэмжлүүлэн хэлж байсан мэдээллийг эргэн сануулж байна.

-Сүүлийн үед иргэд криптовалют, койнд ихээр хөрөнгө оруулж байна. Монголбанк энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд зах зээлд гараад буй койнууд, бүх төрлийн криптовалют нь төлбөрийн хэрэгсэл болохгүй. Ард иргэд сүүлийн үед гарч буй койнуудад их хэмжээний хөрөнгө оруулж, худалдан авч байна. Монголбанк энэ тал дээр байнгын САНУУЛГА гаргаж байгаа. Иргэд эдгээр койнууд болон криптовалютыг худалдаж авснаар өөрийн оруулсан хөрөнгөө алдах, зарим тохиолдолд цахим залилан зэрэг санхүүгийн гэмт хэргийн хохирогч болох өндөр эрсдэлтэй гэж үзэж байна. Тиймээс Монголбанк зах зээл дээр зохицуулалтгүй байгаа шинэ төрлийн койн, криптовалютад хөрөнгө оруулахдаа маш болгоомжтой хандаж, эрсдэлээ бүрэн дүүрэн тооцохыг зөвлөж байна.

-Эрсдэл байгаа гэдгийг Монголбанк удаа дараа САНУУЛСАН байна. Гэхдээ зарим нь мөнгө олоод байгаа учраас хүмүүсийг илүү татаад байгаа хандлага байна?

Криптовалют, койны хувьд ямар нэгэн бодит үнэ цэнэ байхгүй. Харин амар хялбар аргаар, хурдан хугацаанд мөнгө олох гэсэн хүмүүсийн сэдэл байна. Энэ олон хүний сэдлийн нийлбэр нь криптовалют, койнд хөрөнгө оруулах иргэдийн сонирхлыг нэмэгдүүлж байгаа. Бодит үнэ цэнэгүй, хийсвэр зүйлд хөрөнгө оруулснаар иргэд оруулсан хөрөнгөө алдах өндөр магадлалтай гэдгийг дахин САНУУЛЖ хэлье.

-Криптовалют нь мөнгө угаалтын хэрэгсэл болж магадгүй байна. Энэ тал дээр иргэд хэрхэн сэрэмжтэй хандах вэ?

-Криптовалют нь блокчэйн буюу тархмал бүртгэлийн технологи дээр үндэслэгдсэн байдаг. Энэ нь дундын зохицуулагчгүйгээр иргэд, ААН хоорондоо мэдээлэл буюу эд хөрөнгө солилцож байгаа арга хэрэгсэл. Зуучлагч байхгүй учраас иргэн, ААН-ийн эд хөрөнгө юунд ашиглагдаж байгаа нь тодорхойгүй бөгөөд үүгээр дамжаад олон улсын хориг арга хэмжээнд хамрагдсан байгууллага, хувь хүн ашиг олж, терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах хэрэгсэл болгож байх өндөр магадлалтай учраас олон улсын Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас /FATF/ виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг байнга зохицуулж, мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлж байх шаардлагыг дэлхий нийтэд тавьж, бүх орнууд мөрдөж байна.

-Иргэд залилуулах зэрэг санхүүгийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлийн тухайд?

-Койн гаргасан иргэн, ААН гэнэт алга болох, серверээ унтраахад л тухайн койныг авсан иргэн дараагийн хүн худалдаж авахгүй бол мөнгөө алдана гэсэн үг. Үүнтэй холбоотой нэг статистик гарсан байсан. Дэлхий дээр гараад буй нийт койнуудын 97 хувь нь АМЖИЛТГҮЙ болж байгаа буюу зах зээлд амьдарч чадахгүй байна. Тэгэхээр 97 хувьд нь хөрөнгө оруулсан иргэн, ААН хөрөнгөө алдаж байгаа гэсэн үг.

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулах гэж байна. Энэ асуудлыг хуулийн хүрээнд зохицуулах шаардлага үүссэн гэж ойлгож болох уу?

-Нэгэнт харилцаа нь үүсээд явж байгаа учраас зохицуулах шаардлагатай байгаа. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд, зах зээлийн харилцаа буюу виртуал хөрөнгийн өөрийнх нь өсөлт бууралтыг бус виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч буюу койныг анх гаргаж байгаа, зуучилж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулна. Тэгэхээр хөрөнгө оруулагчийн эрсдэлийг төр хариуцахгүй бөгөөд хөрөнгө оруулагчид бие дааж шийдвэрээ гаргана. Гол нь энэ хуулиар виртуал хөрөнгө гаргагч, зуучлагч биржүүдийн үйл ажиллагааг зохицуулна гэдгийг онцлон САНУУЛЬЯ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)