Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.10.17

Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав

Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав

2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын хүрээнд Засгийн газраас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар танилцууллаа.Аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд бэлтгэх өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлтийг эрчимжүүлж, 2025 оны аравдугаар сард багтаан бүрэн хангахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

Мөн эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаандаа хэрэгжүүлэх, олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээний ашиглалтын хэвийн нөхцөл, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэлийг ханган ажиллахтай холбоотой шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг салбарын сайд нарт даалгалаа.

Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив 

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Уг хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон БНКУ-д ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол Улсын иргэд Казахстан улсаас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж, тухайн хүний нийгмийн баталгаа сайжрах юм. Гадаад харилцааны яамны мэдээллээр 2023 оны байдлаар БНКУ-д Монгол Улсын 8036 иргэн оршин сууж байгаагаас 3115 нь албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллээр Монгол Улсад БНКУ-ын 564 иргэн оршин сууж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)