Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

​Б.Тэлмүүн: Банкин дахь дансны орлого, гүйлгээнээс татвар авна гэдэг ор үндэслэлгүй

​Б.Тэлмүүн: Банкин дахь дансны орлого, гүйлгээнээс татвар авна гэдэг ор үндэслэлгүй

Олон нийтийн цахим сүлжээгээр арван сая төгрөгөөс дээш дансны гүйлгээ, орлогоос татвар авахаар болсон гэх мэдээлэл тархсан. Үүнтэй холбогдуулан Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн IToim.mn сайтад тодруулга өгчээ..

Тэрбээр “Улсын их хурлаас Монгол Улсын 2023 оны төсвийн хуулийг дагалдуулан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэхүү хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор олон нийтийн сүлжээнд буруу, ташаа мэдээлэл түгээсэн байна. Хуулийн өөрчлөлтөөр ирэх оноос сарын арван сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой иргэдийн ажил олгогчоос суутгадаг татварын тухайд энэ асуудал яригдаж байгаа. Сард арван саяас дээш цалингийн орлоготой хүмүүсийн хувьд арван саяас давсан хэсэгт нь 15 хувийн татвар ногдуулахаар хуулийн өөрчлөлт орсон.

Олон нийтийн сүлжээнд иргэдийн банкны дансны орлого, гүйлгээнээс авна гэх өөр утгатай тайлбар явж байгаа нь ор үндэслэлгүй. Банкны гүйлгээнээс татвар авах тухай хууль байдаггүй. Ийм хууль хаана ч яригдаагүй. Хуулийн босгыг тогтоохдоо нэлээд тооцоо судалгаа хийсэн. Нийт иргэдийн 99.9 хувь нь энэ татварт хамаарагдахгүй. Дэлхий дээр ХХОАТ-ын системийг ашиглаж байгаа 160 гаруй улс байдгаас шаталсан татварын тогтолцоогүй 7-8 улс л байдаг. Тэрний нэг нь Монгол Улс. Ийм агуулгаар шаталсан татварын тогтолцоонд шилжих хэрэгтэй гээд Татварын тухай хуулийг УИХ-аас баталсан.

Сарын арван сая төгрөгөөс дээш цалин авдаг Монгол Улсын иргэд, гадаадын этгээдүүд байгаа. Эдгээрт банк санхүүгийн байгууллага, уул уурхайн салбарт удирдах албан тушаал хашдаг иргэд, гадаадын өндөр цалинтай техникийн ажилчид дээр хамаарч, яридана. Дийлэнх иргэд сарын арван саяас доош орлоготой байдаг. Үүнд хувиараа бизнес эрхлэгчдийн бизнесийн орлого хамаарахгүй. Мөн хадгаламжийн хүү буюу банкнаас орж ирж буй хүүгийн орлого хамаарахгүй. Зөвхөн ажил олгогчоос ажилтанд олгодог хөдөлмөр эрхлэлтийн орлогын хүрээнд яригдах асуудал” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)