Х.Болорчулуун: Өвөлжилт хүндрэх аймгуудад 3.9 тэрбум төгрөг төсөвлөсөн
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсож байна. Энэ үеэр Х.Болорчулуун сайдын өгсөн мэдээллийг тоймлон хүргэе.
-Гамшгаас хамгаалах хуулиар орон нутаг өөрөө зудын эрсдэлээс хамгаалж, нөөц бүрдүүлэх учиртай. Хүндэрсэн онцгой нөхцөлд Шадар сайд хариуцаж, хөрөнгө мөнгийг гаргана. Энэ жил онцгой нөхцөлд хэрэглэх 3.9 тэрбум төгрөг төсөвлөсөн.
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар гадаадын зээл тусламжаар дараах төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна.
- Азийн хөгжлийн банкны 46.25 сая долларын санхүүжилттэй "Уур амьгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжиж, маркетингийн үр ашгийг дээшлүүлэх замаар өрхийн жижиг хүнсний ногоо эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, усалгаатай хөдөө аж ахуй төслийг 2020-2026 онд.
- Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж болох 3.5 сая доллараар хүнсний ногооны үйлдвэрлэл, үйлдвэрлэгчдийг дэмжихэд чиглэсэн дуслын усалгааны технологи нэвтрүүлэх, хүлэмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах төслийг 2018-2023 онд.
- Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төсөл. Хувийн хэвшилд хөрөнгө оруулах замаар хөдөөгийн хөгжлийг дэмжиж, ажлын байр бий болгох Азийн хөгжлийн банкнаас 50 сая долларын хөнгөлөлттэй заал авсан. Энэхүү төслийг 2016-2021 онд хэрэгжүүлсэн бөгөөд зээлийн эргэн төлөлт 100 хувь, муу зээлдэгч байхгүй. Зээлийн олголт үргэлжилж байна. Төслийн хугацаанд ноос ноолуур, арьс шир, жимс жимсгэнэ, оёдол, мах сүү, зөгий, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг 45 ААН-д 106.8 тэрбумын зээл олгожээ. Зээлд хамрагдсан 2318 ажлын байр бий болгож, шинэ технологи нэвтрүүлэн олон улсын зах зээлийн стандартыг хангаж ажилласан.
- Дэлхийн банкны 30 сая долларын санхүүжилтээр малын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөлд шуурхайн арга хэмжээ хэрэгжүүлэх төслийг 2020-2025 онд хэрэгжүүлж байна.
- Жижиг, дунд үйлдвэрлэлийн экспортыг цар тахлын үед дэмжих төслийг 2020-2023 онд Дэлхийн банкна 20 сая долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна.
- НҮБ-ын есөн сая долларын санхүүжилтээр хөдөөгийн орлого багатай иргэдийн амьжиргааг сайжруулах төслийг 2018-2023 онд хэрэгжүүлнэ.
- ЖАЙКА-ийн санхүүжилтээр ЖДҮ хөгжүүлэх, эдийн засгийн өсөлт дэмжих, байгаль орчин хамгаалах зээлийн төсөл. Төсөл 2006 онд эхэлж, 2010 хүртэл нэгдүгээр үе шатанд 2.9 тэрбум иен, хоёрдугаар шат 2011-2015 онд таван тэрбум иенээр санхүүжсэн байна. Эргэн төлөлтийн санд хуримтлагдсан эх үүсвэрийг буцаан зээлдүүлж, тогтвортой үргэлжлүүлж байна.
-Ерөнхийлөгчийн санаачилгаар ирэх таван жилд гол нэрийн таван 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд 2023 онд гадаадын зээл тусламжийн эх үүсвэр 190 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнээс одоо салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдээс 65.7 тэрбум төгрөгийн арга хэмжээг санхүүжүүлнэ.
Эх сурвалж: IToim.mn