Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх “мянгуужингийн үлгэр“ үргэлжилсээр, дарга нар амлалт өгсөөр...
Нийслэлчүүдийн толгойны өвчин болсон нэг томоохон асуудлын нэг бол нийтийн тээврийн чанаргүй, хүрэлцээгүй байдал юм. Дулааны улиралд ч яахав. Хүйтний цагт бол ёстой бэрх.
Нэг чиглэлд харьцангуй цөөн тооны автобус явж байгаагаас шалтгаалж, иргэд олон цагаар гадаа зогсон, цаг хугацаа, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Өглөө оройд автобусны буудлууд дээр зорчигчдын дунд багахан хэмжээний “дайн” өрнөдөг гээд хэлэхэд хилсдэхгүй.
Хүлээлгэн хүлээлгэн ирсэн автобус нь хүн багтахын эцэсгүй дүүрэн. Яаж ийгээд шингэе гэвч ижил хүсэлтэй олны дундаас “сугарна” гэдэг хэцүү. Дараагийнхыг нь хүлээнэ гэдэг бол бүр ч давшгүй даваа. Ийм л дүр зураг хэдэн жил үргэлжилж байна.
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн асуудал “эрт балрын” үеэс л яригдсаар ирсэн. Гэвч манай Нийслэлийн удирдлагуудын ам нь түрүүлж, ажил нь хоцорсоор өнөөдөр дээрдсэн зүйл огтоос алга.
Өнгөрсөн тавдугаар сарын 18-нд болсон Засгийн газрын хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд 1432 автобусыг шинээр захиалахаар төлөвлөсөн. Үүний 591-ийг нь наймдугаар сарын 20-ны дотор оруулж ирнэ. Улмаар энэ ондоо багтааж нийт нийлүүлэлтийг 50 хувьд хүргэнэ” хэмээн сүрхий тод амлалт өгсөн.
Амлалтыг нь чимээлсэн иргэд “Түгжрэлтэй байсан ч ядаж энэ өвөл автобус хүлээн даарч хөрч, чихэлдэж, шахцалдах асуудал гарахгүй нь” хэмээн битүүхэндээ баярлаж байсныг ч нуух юун.
Олны энэ бодлыг бататгасан мэт 11 дүгээр сарын 14-ний өдөр зохиогдсон “Хотын соёл, хотын стандарт” зөвлөгөөний үеэр НЗД-ын захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Хотын стандартын дагуу эхний ээлжийн автобуснууд ороод ирсэн. Цаашид энэ ондоо багтаад 234 автобусыг нэмж авчирна. Засгийн газрын зүгээс Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг иж бүрэн хийх гэж байна” хэмээн итгэлтэйгээр мэдэгдсэн юм.
Үүнийг сонссоны дараа л үнэхээр олон жилийн турш “үлгэр” мэт явсан Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн асуудал энэ жилээс шинэ төвшинд хүрэх нь хэмээн сэтгэл тэнүүн “амьсгалах” багахан итгэл төрөв.
Гэвч бодит дээр нөхцөл байдал шал өөр байгаа хэвээр. Өнөөх сайхан амлалтуудын ард Нийслэлийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудын өөрсдийнхөө “толгойг хамгаалсан” хоосон хийрхэл л нуугдаж байсан бололтой.
Аанай л 2022 оны 11 дүгээр сарын 21-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдааны дараа УИХ-ын гишүүн, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар “Төсвийн эх үүсвэргүй болсон учир төлөвлөсөн автобуснуудаа авч чадахгүй боллоо” гэж хээв нэг мэдэгдэл хийж байх юм.
Тэгээд ч болоогүй. Түүний дараахан Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хуралдаж, ирэх оны нэгдүгээр улиралд багтаан 224 автобус шинээр оруулж ирэхээ зарласан юм.
Иргэдийн тархиар ч ёстой л наадах шиг болов. Дарлаад байна уу, даапаалаад байна уу хэн мэдэх вэ...
Нийтийн тээвэрт багтах эс багтахын дэнчингээр хүйтэн жаварт алгадуулж, хөл гараа хөлдөөх нь халаг юм болж байж л нэг юм иргэд нь унаатайгаа золгодог энэ байдлыг л халчихмаар. Гэтэл “нар үзүүлэхгүй” нь бололтой
Сүүлдээ бүр Засгийн газар, НИТХ болон Нийслэлийн удирдлагууд “увайгаа алдаж”. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Ирэх оны есдүгээр сард багтааж нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийнэ” гэлээ.
Ямар дуусдаггүй ажил, хэрэгждэггүй амлалт вэ? 200-гаадхан автобусандаа уймарч байх хооронд чинь хорвоо хэдэн улирал бүтэн эргэчихлээ шүү дээ..
Хотын хөгжил, улс орны хөгжил нийтийн тээврийн шинэчлэлтэй салшгүй холбоотойг уг нь бүгд гадарлаж л баймаар. “Хөгжсөн хот гэж хүн болгон нь нийтийн тээврээр зорчдог хотыг хэлнэ” гэсэн тодорхойлолт хүртэл байдгийг манай Нийслэлийн удирдлагууд, Сү сайд олоод харчихаасай. Тэгвэл арай өөрийг сэтгэх ч юм шиг...
Ард иргэдээ тоглоом, шоглоом мэт үздэг Нийслэлийн захирагч, Түжрэлийн сайд тэргүүтнүүдийг одоо яалтай. Уулзалт, чуулганд үгэ хэлэхдээ, камерын өмнө сүрхий худал амладаг, хожим хойно амыг нь асуухаар “мэлзэж, аргацаадаг” ийм л түшээд, тийм л төр ардыг засаж байгаа нь дэндүү харамсалтай.
Д.Сүрэн
Sanuulga.mn