Хотын дарга “уул уурхайн бизнес” явуулж, хотод хөрөнгө босгоно
Үе үеийн хотын дарга нарын Улаанбаатарыг хөгжүүлэх “урагшгүй” мөрөөдөл үргэлжилсээр. Тэдний амласан, хэлсэн бүхэн нь биелдэг байсан бол аль эртнээс л Нийслэлчүүд “диваажин шиг сайхан хотод” амьдарч байх байсан биз. Харамсалтай нь ийм тохиол гарсангүй. “Хийрхэгчдийн” гавихгүй санаануудад “угаагдаж” суусаар л хайран хугацааг элээв бололтой иргэд бид.
Нийслэлийг хөгжүүлэх хүндхэн үүрэг сүүлийн хоёр жилд “хүчит аваргын” нуруунд тохогдсон. Сумъяа аварга энэ амаргүй “ачааг” арай чүү л “дааж” байх шиг байна. Хүслээрээ очсон хүн “зовлонгоо” үүрэхгүй гээд ч яах билээ дээ. Бөхөөр ярьвал мань эр сайн ч бөх, чадалтай ч аварга. Харин улс төрчийн хувьд бол “бядгүй” нэгэн бололтой. Бүр сүүлдээ Улаанбаатарчуудыг уурхайтай болгоно гээд “улайрч” байна. Энэ тухай өдөр тутмын сонинд ярилцлага өгөхдөө хэлж байсан аж.
Ингэхдээ мань эр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, МУЗЗНДНТУ-ийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг тус тус үндэслэл болгон уул уурхайн хайгуул олборлолт явуулж, ашгийг нь нийслэлийн төсөвт нэмэрлэх, санхүүжилт босгохыг зорьжээ.
Тодруулбал, 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутгийн 14944.4 га талбайд ашигт малтмал хайх эрхийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд "Эрдэнэс Монгол" ХХК-д олгож, 110-р тогтоолыг батласан.
Улмаар 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нд ашигт малтмал, газрын тосны газраас Дорноговь аймгийн Улаанбадрах суманд XV-022117 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ны хүртэл гурван жилийн хугацаатай “Эрдэнэс Монгол”-д олгожээ.
Гэтэл 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас Ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий төрийн өмчийн оролцоотой "Эрдэнэс Баянбогд" ХХК-ийг байгуулах 217-р тогтоолыг батласан. Ингэхдээ "Эрдэнэс Баянбогд" ХХК-ийн нийт хувьцааны 34 хувийг төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХХК, үлдэх 66 хувийг "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК эзэмшинэ гэж заасан байна.
Мөн “Ашигт малтмал хайх талбайн солбицол батлах, эрх олгох тухай" Засгийн газрын 110 дугаар тогтоолын 2 дахь заалтын "Эрдэнэс Монгол" ХХК гэснийг "Эрдэнэс Баянбогд" ХХК гэж өөрчилж, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ашигт малтмал хайх, XV-022117 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс Баянбогд" ХХК-д шилжүүлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, бүртгүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Энх-Амгалан) нарт тус тус үүрэг болгосугай гэжээ.
Үүнийг ойлгомжтойгоор дүгнэвэл, “Эрдэнэс Монгол”-д 100 хувь шилжиж байсан нүүрсний ордын лицензийг гэнэтхэн л Улаанбаатар хот хамтран эзэмшихээр болж, үүнийгээ Засгийн газрын тогтоолоор баталгаажуулжээ.
Ингээд Нийслэлчүүд ч юм уу, Нийслэлийн захирагч нь ч юм уу түүхэндээ анх удаагаа өөрийн эзэмшлийн уурхайтай болов.
Улаанбаатарын утаа, түгжрэлийг арилгаж, хот шиг хот болгоход ихээхэн хэмжээний төсөв шаардагдана. Үүнийг бид ойлгож байгаа. Гэхдээ улс доторх улс шиг Нийслэл нь дангаараа уурхай эзэмших гэнэ. Түүнийг л харин “ухахгүй” байгаа юм.
Өнөөг хүртэл Хотын даргаар ажиллаж байсан үе үеийн дарга нарын ухаанаас ийм санаа цухалзаагүй. Гэтэл аварга хүний толгой арай өөр ажилладаг бололтой юм. За тэр яах вэ. Хамгийн гол нь адтай Сумка дарга маань үнэхээр өрөөлийг бодсон уу, эсвэл өөрийгөө “башийлгасан уу” гэдэг нь л анхаарал татаж байна.
Мань хүн цагтаа Уул уурхайн сайд явсан хүн. Арай тэр үедээ амжуулж чадаагүй “хувийн” ажлаа хотын нэрэн дор “гүйцээчихэж” байгаа юм биш биз гэсэн хардлага төрж байна. Тиймгүй л бол ингэж муйхарлахын үндэс үгүйсэн.
Улаанбаатараа хөгжүүлнэ гэж гарч ирсэн хүн уурхай яриад л сууж байх юм. Хуучин ажлаа арай санагалзаагүй л байлтай. Эсвэл хот хөгжүүлэх нь бэрх санагдаад, өөрийгөө “мөнгөжүүлэхээр” шийдсэн юм уу?
Сонирхолтой нь Хотын даргын энэ шийдвэрийг НИТХ-ын төлөөлөгчид дэмжиж гарын үсэг зурсан байгаа юм. Өөрөөр хэлбэл Нийслэлийн иргэд та биднийг төлөөлж сонгогдсон 45 төлөөлөгчийн олонхи нь Дорнод аймгийн Улаанбадрах суманд Нийслэл хотын нэрийн өмнөөс уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг “зөвшөөрсөн” гэсэн үг.
НИТХ-д танилцуулахаар оруулсан “Танилцуулга”-ыг хүргэе.
Дараагийн удаад бид Дорнод аймгийн Улаанбадрах суманд уул уурхайн лиценз эзэмшиж буй Нийслэлийн 66 хувь эзэмшдэг “Эрдэнэс Баянбогд" компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа тухай нэхэн, мэдээлнэ.
Д.Сүрэн
Сануулга.мн