Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.05.23

Я.Содбаатарын хүүхдийн цүнх, Сү.Батболдын охины брэнд, Л.Гантөмөрийн охины ээмэг, Ж.Ганбаатарын эхнэрийн даашинз, Д.Амарбаясгалангийн эхнэрийн алтан зүүлт ямар орлогоос гэдгийг бүгд мэдэх ёстой

Я.Содбаатарын хүүхдийн цүнх, Сү.Батболдын охины брэнд, Л.Гантөмөрийн охины ээмэг, Ж.Ганбаатарын эхнэрийн даашинз, Д.Амарбаясгалангийн эхнэрийн алтан зүүлт ямар орлогоос гэдгийг бүгд мэдэх ёстой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүгийнхээ орлогыг нотолно. Нотолуулна ч. Ард түмэнд асуудал үүсгэж байгаад уучлаарай гэж хэлээд, энэхүү орлогоо шалгуулах асуудлаар манлайлна гэчихлээ. Өөрийнхөө орлогыг, өөрийнхөө боломжийг үнэнд нийцэж байгаа эсэхийг өөрөө шалгуулж, өөрөө үзүүлнэ гэж байна. Өөрөө үнэн байж үйлс урагшилна. Илүү няхуур, бүр сэрэмжтэй байх тухай тэр ярилаа. Засгийн газар, Ерөнхий сайд, Хуулийн сайд гар хамжаад үндэслэлгүйгээр баяжигсдын хөрөнгө хураах хуулийг удахгүй, бараг энэ долоо хоногт биз, УИХ-д өргөн барих гэж байгаагаа зарлачихсан. Энэ хуулийн хэрэгжилт, биелэлт , амлалтын өмнө Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ өөр дээрээ жишээ үзүүлж манлайлна гэж байна. 

Тэр жил ковидын үеэр вакцинд иргэдээ уриалж, өөрөө үлгэр үзүүлж байсан шигээ хандлагыг тэр үзүүлж байна.Бугалгадаа тариур зоолгоод “Бүгдээрээ эрүүл үлдэх хэрэгтэй байна” гэж байсан шигээ одоо үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй бүхнийг бүгдээрээ шалгуулцгаая. Би харин өөрөөсөө эхлүүлье гэдэг үгийг зоочихлоо. Монголд амьдралын ялгаа гаажтай гаарсан. Тэнгэр газар шиг болсон. Тэрийгээ шалгуулцгаая гэж байна. 

Монголын баялаг, Монголын газрын хээлийн баялагийг эрхшээн, дээр нь сандайлсан хүмүүсийн үр хүүхэд, эхнэр хүүхэд, садан төрлийн нь хэрэглээ, тансаглал, амьдралын жишгийг үзвэл Л.Оюун-Эрдэнийн хүүгийнхийг хэдэнтээ нугалсан, хэдэнтээ дабльдсан бодит үнэнг Монголын ард түмэн нэвт шувт харж л байгаа. Н.Номтойбаярын хэлсэнчлэн Л. Оюун-Эрдэнийн эрх ямбаны хуримтлал ч тийм бололцоо хүүдээ үзүүлэх боломжтойг үл харгалзан, хүүгийнхээ орлогыг нотлуулж, сиймхий хадаг, сэтэрхий тэвнийг буруу аргын мөнгөөр авч болохгүйг Ерөнхий сайд сануулна гэв. Энэ нь харин ч Салхитын мөнгийг саагиулж, Эрдэнэтийн овоолгыг дохиж, энд тэндгүй газар ухаж, ган зудлуулж туйлсан , Монголын цөөн худагч, овоолгоч, нуурч, тээгэч хүмүүсийн жинхэнэ дүр төрхийг нээх нь гэхээс , урьтаад, улангасаад Л.Оюун-Эрдэнийг ойчуулсугай гэж яарцгаах тодорхой харагдана. 

Х.Нямбаатар манай охины юу өмсөхийг чи заахгүй ээ гээд томорч байна. Тэр үнэн, заахгүй. Гэхдээ юугаар тийм үнэтэй тансаглаж чадаж байна вэ гэдгийг асуух ёстой, асуухыг бол ард түмэн нэгэндээ өдөр шөнөгүй зааж, үлгэрлэх ёстой юм шүү. 

Я.Содбаатарын хүүхдийн цүнх, Сү.Батболдын охины брэнд, Л.Гантөмөрийн охины ээмэг, Ж.Ганбаатарын эхнэрийн даашинз, Д.Амарбаясгалангийн эхнэрийн алтан зүүлтийг ямар учиртай, ямар орлогоор олдсон, ирсэн зүйл бэ гэдгийг бүгдээрээ мэдэх ёстой, мэдэж байх ёстой. Энэ бол Монголын ард түмний эрх ашиг, хянах ёстой хяналт. 

Алтан морь цутгуулчихаад , авлигаар баяжчихаад аавынд сууж байгаа хүмүүсийн сургамж бүгдэд ирэх ёстой. Тэр тусмаа эрх барьж байгаа, төрийг унаж, түмний татвараар цалинжигч түшмэдийг бүгдийг нь шалдалж шалгах ёстой оо. 

Louis Vuitton гэдэг дэлгүүрийг Монголд нээлгэчихээд, хаалгачихсан улс Монголын хэдхэн баян дарга нар, орд овоолго эзэмшигчид шүү. Хэрэглээгээ хангачихаад тэр. Тэдний тансаглалыг бичдэг, уралдан үзүүлдэг хэдэн сэтгүүл байдаг даа, тэдгээрийг нэг шүүгээд үзбэл шалгах хүмүүсийн нэрсийн зэс их амархан гарна даа. 

УИХ-ын гишүүд бүгдээрээ л жар далан мянгын хувцастнууд гэж зарлаж байна. Тиймгүй ээ, үнэн чинь, яг ямар хэрэглээтэй чинь орлогоос чинь яг үүдэж байгаа эсэх мөд шинжлэгдэнэ, шиншлэгдэнэ.                          

Ч.СҮРЭН 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 0 1 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)