Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.01.22

УИХ-ын гишүүд та бүхэн Газрын тосны үйлдвэрийн нэмэлт санхүүжилтийн асуудалд анхаарлаа хандуулна уу!

УИХ-ын гишүүд та бүхэн Газрын тосны үйлдвэрийн нэмэлт санхүүжилтийн асуудалд анхаарлаа хандуулна уу!

Монгол Улс Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө болох 1.2 тэрбум ам.доллароор Дорнод аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тосны үйлдвэр барихаар болж 2018 онд шавыг нь тавьсан. Гэвч газрын тосны үйлдвэр баригдах ажил хойшилсоор, үйлдвэрийн захирал Д.Алтанцэцэг цар тахал, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, өртөг нэмэгдсэн гэх шалтгаануудын улмаас жил бүр төсөвт өртгийг нь Засгийн газар, УИХ-аар оруулж нэмүүлсээр 7 жилийн дараа буюу өнөөдөр төсөвт өртөг нь 1.7 тэрбум ам.доллар хүрчихсэн тул нэмэлт санхүүжилт, зээлийн хэлэлцээр хийх эрхийг сунгах тухай асуудлыг УИХ-аар оруулж батлуулахаар “зүтгүүлж” байна.

Хамгийн сонирхолтой нь Газрын тосны үйлдвэрийн ТЭЦҮ-ийг нь улсын нууцад оруулж, аудитын тайланг Засгийн газрын тогтоолоор нууцад хамааруулсан байдаг учраас юунд ямар зардал гарч байгаа, яагаад төсөв нь нэмэгдээд байгаа хэрнээ ажил нь урагшлахгүй талаар тодорхой хариултыг хэн ч хэлж чадахгүй байгаа юм.

Газрын тосны үйлдвэр барих төслийн нийт өртөг анх 1.2 тэрбум ам.доллараар тооцоологдон эхэлсэн бол өнөөдөр энэ дүн 1.7 тэрбум ам.долларт хүрч, нэмэлт 500 сая ам.долларын зээлийг УИХ-аас баталж өгөх хүсэлт гаргаад байна. Гэвч энэ асуудал олон нийтийн болон УИХ-ын гишүүдийн хүчтэй шүүмжлэлтэй тулгарч байгаа нь анхаарал татаж байна.

Ганц хоёрхон жишээ дурдахад, УИХ-ын гишүүн Б.Ганбат “Ванга шиг хэлье, 3 жилийн дараа Газрын тосны үйлдвэр дуусахгүй, 300 сая доллар нэмье гээд л сууж байх болно” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Рэгдэл ““2028 онд энэ үйлдвэр ашиглалтад орох эсэх нь эргэлзээтэй байна. Газрын тосны үйлдвэрийн нөөцийг нэмэгдүүлэх судалгаанд зориулсан зардлыг одоогоор хаана ч тавиагүй байгаа ч цаашдаа эл зардал, санхүүгийн асуудлыг шийдэж байж нөөцөө нэмэгдүүлэхээс өөр аргагүй нь үнэн” гэв.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Монголчууд газрын тосны үйлдвэрийн төслийг анхнаас нь бүгд дэмжиж байсан. Гэхдээ ямар ч ТЭЗҮ, тооцоо судалгаа, үндэслэгээг нь харахгүйгээр энэ олон зуун сая ам.долларыг батлаад байна гэвэл дараа нь бид хэрэгт орж, хариуцлага хүлээнэ шүү…, Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-г өнгөрсөн таван жилд харсан хүн байна уу?…, УИХ-ын гишүүд Монголын ард түмний өмнөөс дараа нь иргэдийн төлөх зардлын өмнөөс шийдвэр гаргахдаа ТЭЗҮ, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргах ёстой. Тэгэхгүйгээр ухаантай царайтай, гоё ярьсан зүйлийн өмнөөс харанхуй итгэж УИХ-ын гишүүд шийдвэр гаргавал та бид хууль зөрчиж байгаа явдал шүү. Ийм тэнэг арчаагүй байдлыг зогсоох гэж УИХ-ын гишүүд та бид сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээж байгаа шүү…” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Дорнодын 50МВТ-н ДЦС-н өртөг 81 сая $ буюу нэг МВТ нь 1.61 сая $ болсон. Газрын тосны үйлдвэрийн 35МВТ-н ДЦС-ын төсөв 189 сая $ буюу 1МВТ-н өртөг 5.4 сая $ буюу Дорнодынхоос 3.4 дахин илүү үнэтэй байна? Яагаад Мэдэх хүн байхгүй, төрд ер нь мэдэж байгаа юм байна уу? Төслийн анхны өртөг 1.2 тэрбум ам доллар, одоо 1.7 тэрбум болгож нэмэлт зээл авах яаралтай горимын асуудал орж ирээд байна. Гэтэл ТЭЗҮ нь нууцад, бүр аудитын тайланг хүртэл ЗГ-н тогтоолоор нууцын зэрэглэлд авчихсан байдаг юм байна. Ашиглалтад орсон ч тосны түүхий эд байхгүй, ажиллахгүй ч байж мэднэ гэх үгийг сонсоод дотор муухай оргив” гэжээ.

Олон жил яригдан жил бүр төсвөө нэмүүлдэг нь ч ажил нь олигтой урагшилж байгаа нь мэдэгддэггүй Газрын тосны үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), аудитын тайлан зэрэг чухал баримтыг “төрийн нууцад” оруулсан нь тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа, хөрөнгө зардал санхүүжилт үнэн бодитой, эсэхэд итгэх иргэд олон нийтийн итгэлийг бууруулж, эргэлзээ төрүүлэх гол шалтгаан болж байна.

Мөн дээр нь Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсны дараа үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай түүхий эд, газрын тосны хангамж, тээвэрлэлт зэрэг асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь ч одоо болтол тодорхой бус хэвээр байна. Нийлүүлэлтийн баталгаагүй, үнэлгээний нарийвчлалгүй нөхцөлд нэмэлт санхүүжилт баталж өгөх нь эрсдэл дагуулах магадлалтай гэж УИХ-ын зарим гишүүд үзэж байгаа нь үндэслэлтэй юм.

Газрын тосны үйлдвэр барихад зориулан Энэтхэг улсаас 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан. Үүн дээр нэмэлт санхүүжилт болгож өдгөө 500 сая ам.долларын зээл нэмж авах асуудлыг УИХ-аар хэлэлцэж байгаа нь Монгол Улсын өрийн дарамтыг нэмэгдүүлэх төдийгүй татвар төлөгчдийн нуруунд ачаа болох вий гэх болгоомжлолыг төрүүлж байна.

Ийнхүү Газрын тосны үйлдвэрийн нэмэлт хөрөнгө, санхүүжилтийг батлах нь олон эргэлзээтэй асуудлыг араасаа дагуулж, улс оронд санхүүгийн эрсдэлийг бий болгох нөхцөлийг бүрдүүлж байгаа тул УИХ-ын гишүүд та бүхэн энэ асуудалд ул суурьтай хандаж, хэрэв нэмэлт санхүүжилт, зээлжих эрхийг нээж өгөх гэж байгаа бол Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ, байгаль орчины үнэлгээ, аудитын тайлан, дүгнэлт зэрэгтэй нарийвчлан танилцаж, мэдээллийг олон нийтэд ил тод нээлттэй байдлаар танилцуулж, иргэдийн санал шүүмжлэлийг сонсож шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн Газрын тосны үйлдвэрийг 7 жил удирдаж байгаа Д.Алтанцэцэгийн удирдлагын менежментийн асуудлыг ч сөхөн тавьж, энэ хүнийг “дархалж, бүх насаар нь албан тушаалд нь томилчихоогүй” л юм бол эл байгууллагыг шинэ арга барилаар удирдах чадварлаг боловсон хүчнээр солих асуудлыг ч хөндөх нь зүйтэй биз ээ.

Иймийн учир УИХ-ын эрхэм гишүүд та бүхнийг Газрын тосны үйлдвэрийн нэмэлт санхүүжилтийг батлахаас өмнө анхааралтай судалж, асуудалд хариуцлагатай хандахыг уриалж байна.

Ц.Мөнх

Амлалт.мн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)