Тайвшрах болоогүй, зудын эрсдэл намжаагүй!
Өнгөрсөн жил малчид хотоо харлуулж, Монголд “эдийн засгийн зуд” нүүрлэв. Малын хорогдлоос үүдсэн махны үнийн өсөлт, зуд дагасан “их нүүдэл” Улаанбаатарт ачаа нэмээд зогсохгүй ажилгүйдэл ядуурлын эрсдлийг ч дагуулсан. Нийт 7.5 сая толгой мал хорогдож нийгэм эдийн засагт нэг их наяд 357 тэрбум төшрөгийн хохирол учирсан гэх тооцоо бий.
Энэ жилийн тухайд эдийн засгийн өсөлт 6 хувьтай байхаар төсөөлж буй. Хэрэв хөдөө аж ахуйн салбар энэ өвөл, хавар зудын гамшигт дахин өртөхгүй бол эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхийг Дэлхийн банк тайландаа дурдсан. Хэрэв Монгол Улсад зуд, үер, нүүрсний экспортын эрсдэл зэрэг нүүрлэвэл эдийн засагт том хүндрэл үүсэхийг сануулсныг анхаарлын гадна орхиж болохгүй сэдэв.
Зудын эрсдэл одоо ч хэвээрээ. Цаг агаарын байгууллагаас зудын одоогийн байдлыг үнэлэхэд 4 аймгийн 10 сум цагаан зудын, 10 аймгийн 40 сум цагаанаар зудархуу нөхцөлд байгаа юм.
Тодруулбал, нийт нутгийн 60 хувь цастай, 40 хувь нь зудын эрсдэлтэй байна. Аймгийн дүнгээр авч үзвэл, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн зарим, Булган, Сэлэнгэ, Дундговийн цөөн сумдын нутгаар нэн их болон их эрсдэлтэй байгаа юм. Харин малчид болон аймгуудын Засаг дарга нарын төлөөлөл дуу нэгтэйгээр “өнтэй сайхан өвөлжиж байна” гэх тайлбар өгч байгаа нь анхаарал татам. Чухам тайвшрах цаг болоогүйг хаа хаанаа ухаармаар. Хувь, хувьсгалгүй урьдчилсан бэлтгэлтэй, сэрэмжтэй баймаар...