Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.05

Авсантайгаа адилаар ӨГЧ чадах уу...

Авсантайгаа адилаар ӨГЧ чадах уу...

Нийслэлийн удирдлагууд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2-5 дахин нэмэгдүүлэхээр болсон нь олон нийтийн бухимдлыг өдөөгөөд байна. Энэ нь иргэдийн нуруун дээр том ачаа болж очих нь мэдээж. Приус автомашин унадаг иргэн л гэхэд жилд 244.000 төгрөгийн татварыг төлөх нь байна. Хатуухан сонсогдож байгаа биз.

За яах вэ, татвар нэмж болно. Усыг нь уувал ёсыг нь дагана гэгчээр энэ улс орны иргэн болсны хувьд хууль дүрэмд захирагдаж, зохих ёсны хураамж татварыг нь төлөлгүй л яахав. Иргэн хүний үүрэг хойно. Гэхдээ иргэд бидний ийн махран төлсөн татварын хариуг эрх баригчид, нийслэлийн удирдлагууд хэрхэн барьж чадах вэ? Иргэддээ юуг өгч, юуг амлах вэ, энэ л хамгийн гол асуудал.

Өндөр татвар төлж байгаа юм чинь иргэд бид эргээд нийслэлийн удирдлагуудад өндөр шаардлага тавих эрхтэй. Түгжрэлийн асуудлыг шийдэж чадах уу, том том бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, замын чанар сайжрах уу, сайжруулах уу...

Зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлж, шинэ шинэ гүүр, гарцууд, шилдэг санаачлагуудаар хотоо “тоноглох” уу. Жолооч нарт стресс бухимдал, түгжрэлгүйгээр зорчих ӨНДӨР боломжийг олгож чадах уу. Хэрэв тэгж чадах аваас тийн үр дүнд хүрэхээр чармайх болвоос иргэд бид татвар нэмэх шийдвэрийг чинь таатайгаар хүлээн авья. Эс бөгөөс харин тэмцье.

Хуруу хумсаа хугалан байж олсон хэдэн төгрөгөө татварт хураалгаж, үр дүнгүй ирээдүйн төлөө өнөөдөр бид хөлсөө урсгамааргүй байна. Ард түмэн өнөөг хүртэл улстөрчдөд найдаж, илүү сайхан болгоно гэсэн сэтгэлээр итгэлээ хэмлүүлсээр ирсэн. Эцэст нь одоо бүгд хэрсүүжжээ. Өгсөнтэйгөө адилыг авахаар шаарддаг, хэлдэг, ярьдаг, дуугардаг болж.

Нийслэлчүүдийн, нийгмийн энэ дуу хоолойг Хотын дарга Х.Нямбаатартан ялангуяа нэн гүнээр ойлгомоор байгаа юм. Таныг зун, намаржин сольсон бордюр, мөн өнөөх сүржин бондынхоо өрийг татварын орлогоор дарчих гээд л улайрч байна гэж иргэд хардаж байна. Одоо нэг дорвитойхон тайлбар өгч, татвар нэмэхийнхээ үндэслэлийг ард түмэндээ тайлагна аа. Тэгэхгүй аваас нийслэлчүүд ихээхэн бухимдалтай байна. Тэр бухимдлын нүргээн нэг л өдөр таныг суудлаас чинь ховхолж ч мэдэхээр байна...   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)