Л.Оюун-Эрдэнийн стратеги: Шилжилтийн үеийн шинэ эдийн засаг
Монгол Улс засаг захиргааны нэгжийн хувьд 21 аймаг, 330 сумдад хуваагддаг. Нийслэл Улаанбаатар хот есөн дүүрэг, 213 хороотой. Аймаг, сум, дүүрэг, хороо бүрээр тооцвол нийт 573 Засаг дарга 3.5 сая хүнийг шийдвэр гаргах түвшинд албан ёсоор төлөөлдөг гэсэн үг. УИХ гишүүд, нийслэл, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийг нэмж тооцвол үүнээс хэд дахин их тоо гарна. Үүнд Улсын Ерөнхийлөгч ч багтана. Нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалтаар нэг жилийн хөгжлийн зураглалаа тооцоолж гаргадаг, захиран зарцуулж ирсэн Монгол Улс хэтэрхий олон дарга дагасан тогтолцоотой, бас улс төрөөс хамааралтай байдаг үндсэн шалтгааны нэг нь энэ.
Аймгаа төлөөлж байгаагийн хувьд Засаг дарга нэг байр суурь илэрхийлнэ. Тойргоос сонгогдсон юм болохоор УИХ-ын гишүүн түүнээс тэс өөр зүйлийг хэлнэ. Аль эсвэл Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээдгээрээ салбарын сайдаас хамаарах асуудал ч гарна. Засаглалын зарчмаараа хэн, хэнд нь хуулиар олгосон эрх нь бий ч улс орны, урт хугацааны хөгжлийг тодорхойлох том төслүүд яагаад явдаггүй, гацаж, гацааж ирсний бодит хариулт ердөө л энэ. Гагцхүү өнгөрсөн 30 жилээс үлдсэн гашуун сургамжаа давтах уу? нэн шинэхэн жим биш замыг тавих уу? гэдэг хоёр сонголтын өмнө ирсэн Монгол Улс системийн өөрчлөлтийг зоригтойгоор эхлүүлсэн нь 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлах Засгийн газрын 481 дүгээр тогтоол байв. Гэхдээ энэхүү тогтоол зөвхөн Засгийн газрын түвшинд албажаагүй. Гэдэг нь УИХ-ын сонгуулийг анх удаа томсгосон тойргоор буюу бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж, үр дүнд нь 126 гишүүнтэй парламентыг сонгосон.
Ингэснээр Монголын улс төрийн ой тоонд хагас жарны турш хадагдсан тойрог шүтсэн уламжлалыг халж, Улаанбаатар, Баруун, Хангайн, Хойд, Төвийн, Говийн, Зүүн гэсэн долоон бүсийн хэмжээнд хөгжлийн бодлого тодорхойлох шинэ “газрын зураг”-тай болсон юм. 2025 оны Төсвийг 21 аймаг, есөн дүүрэгт зориулсан байдлаар бус дээр дурдсанчлан долоон бүс, цаашлаад улсын эрх ашигт хамаатай томоохон төсөл, хөтөлбөрт зарцуулахаар боловсруулж, УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж буй нь үүний илрэл. Үүнтэй зэрэгцээд “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-ыг зохион байгуулах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын хөгжлийн стратегийг тодорхойлох гурван шилжилтэд анхаарал хандуулахаа мэдэгдэв. Тэр нь, хиймэл оюун ухаан, хүний нөөц, ногоон гэсэн гурван шилжилт.
2021 онд Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 43.6 их наяд төгрөг байв. Харин “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлсэн хоёр жилийн хугацаанд буюу 2023 онд 70.4 их наяд төгрөг болж өссөн бол энэ онд 79.2 их наяд төгрөгт хүрнэ гэсэн хүлээлт гарчээ. Тоо хэзээ ч худлаа хэлдэггүй болохоор эл тооцоололд хүрэх нь цаг хугацааны л асуудал юм. Гагцхүү энэ Засгийн газар тэргүүлэх зорилт, Ерөнхий сайдын онцолж буйгаар 2028 онд ДНБ-ий хэмжээг 132.3 их наядад хүргэх тухай. Ингэхийн тулд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж, УИХ-аар батлуулсан 14 мега төслийг хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага Монгол Улсад бий. Мэдээж энэ нь дан ганц Засгийн газар, Ерөнхий сайдын үүрэг биш.
Нийслэл тэргүүтэй долоон бүсээс болон намын жагсаалтаар сонгогдсон 126 гишүүний үүрэг. Эдийн засгийн өсөлтийг тэлэх, тус тусдаа биш том зургаараа бүс нутгийнхаа онцлогт тохирсон хөгжлийн бодлогыг хамтарч, хоршиж тодорхойлох нь шинэ тогтолцооны хамгийн том олон бас дэвшил. Үүнээс гадна технологи, хүний нөөц, ногоон хөгжлийн шилжилтийг зэрэгцүүлэхээ Ерөнхий сайд зарласан нь бас нэгэн шинэ мессеж болов.
“Шилжилтийн үеийн шинэ эдийн засаг” хэмээн индрээс хэлсэн Ерөнхий сайдын тодорхойлолтоор бүсчилсэн хөгжлийн бодлогыг тодорхойлох шинэ хэрэгцээ, шаардлага үүссэн учир эдгээрийг хэрэгжүүлж чадвал хөгжлийг хөөж биш угтаж гүйцэхэд чиглэжээ.
Монгол Улс жилд дунджаар төсвийн хөрөнгө оруулалтаар 450-500 орчим шинэ төсөл эхлүүлж, нийтдээ 1,062 орчимд нь хөрөнгө хуваарилдаг байлаа. Харин 2025 оны төсөвт тусгаснаар 640, үүнээс дэд бүтцийн 38 шинэ төслийг санхүүжүүлэхээр оруулж ирсэн юм. Өөрөөр хэлбэл, төсвийг тэгшитгэн хуваадаг тогтсон хандлагыг халсан нь ирэх жилийн төсвийн онцлог. Бүсчилсэн хөгжлийн реформ ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хууль болж хүчин төгөлдөр мөрдүүлж эхэлнэ гэсэн үг. Нэмээд хиймэл оюун ухаан, хүний нөөц, ногоон шилжилт бүхий “Шилжилтийн үеийн шинэ эдийн засаг”-ийг хөрсөн дээр буулгах нь чухал гэдгийг Ерөнхий сайд өөрөө мэдэгдсэн нь зүгээр ч нэг өөдрөг төсөөлөл биш болов уу. Эсрэгээрээ ДНБ-ий хэмжээг 2028 он гэхэд 132.3 их наядад хүргэх том амлалт гэхээсээ зорилтыг хэрэгжүүлэх хамгийн таатай бөгөөд боломжит тооцоолол байж мэднэ.
Г.Эрхэс