Ч.Мөнхтуяа: Нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх чиглэлд эргэлт гарч байна
Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяатай нисэхийн салбарын өнөөгийн байдал, либералчлал, иргэний нисэхийн цаашдын хөгжлийн талаар ярилцлаа.
-Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд ЗТХЯ-наас иргэний нисэхийн тал дээр чухам ямар бодлого баримталж байгаа юм бол. Өнөөдрийн байдлаар манай улс хэдэн улс руу олон улсын нислэг үйлдэх боломжтой байна вэ?
-Олон улсын нислэг нь Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн хүрээнд зохицуулагддаг. Монгол Улсын Засгийн газар Европын холбооны 20, Ази тивийн 18 улс, Африк тивийн нэг, нийт 39 улсын Засгийн газартай агаарын харилцааны хоёр талт хэлэлцээр байгуулсан. Эдгээрээс Европ тивд 41, Ази тивд 54 цэг буюу нислэг гүйцэтгэх хотыг нэр зааж тохирсон байна. Үүнээс гадна хэлэлцээр бүхий эдгээр улсын олон улсын нисэх буудал бүхий хотыг сонгож нислэг гүйцэтгэх зохицуулалт бүрдсэн. Одоогийн байдлаар 22 чиглэлд олон улсын хуваарьт нислэг гүйцэтгэж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан олон улсын нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгээ нэмэгдүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дотоодын нислэгийг сэргээж, жуулчдын аюулгүй, тав, тухтай байдлыг ханган зорчигч урсгалыг татах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
-Шинэ Сэргэлтийн Бодлогод Агаарын тээврийн либералчлалыг тусгасан. Энэ нь манай улсад ямар ач холбогдолтой вэ?
-Агаарын тээврийн либералчлал гэдэг нь энгийнээр бол агаарын тээврийн зах зээлийн чөлөөтэй байдал юм. Манайхан үүнийг зөвхөн зорчигч урсгал ихтэй байгаа Турк, Солонгосын зах зээлийг өргөжүүлэх гэж ойлгож байгаа нь буруу. Агаарын харилцааны хэлэлцээрээр хоёр тал ижил тэнцүү, тэгш шударга боломжоор хангагдаж тухайн зах зээлд үйл ажиллагаа явуулах зарчим баримтладаг. Дэлхийн агаарын тээврийн салбарт тэргүүлэгч улс орнуудын хувьд нислэгийн аюулгүй ажиллагааны зохих шаардлага хангаж л байвал чөлөөтэй хоёр, гуравдагч талын оролцоотой нислэг гүйцэтгэх “нээлттэй” зарчмыг баримтлана. Агаарын тээвэр даяарчлагдсан салбар, дэлхий даяар буюу Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 193 гишүүн орны хувьд нэгдсэн стандарттай учраас нисгэгч, инженер нь ижил төрлийн агаарын хөлгийн нисгэгчээр аль ч улс оронд ажиллах боломжтой. Монгол Улсад агаарын тээвэр үүсэж, хөгжөөд 97 жилийн нүүр үзэж байна. Энэ бол харьцангуй урт түүх.
Өргөн уудам газар нутагтай манай орны хувьд агаарын тээврийн салбар өргөн сүлжээнд хөгжих хэрэгцээ шаардлага байгаа ч хараахан санасан хэмжээнд эрчтэй хөгжиж чадахгүй өнөөг хүрсэн. Мэдээж үүнд олон шалтгаан бий. Бид агаарын хөлөг үйлдвэрлэгч улс биш ч Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээрт нэгдэж, дотоодын хууль тогтоомжид зохих өөрчлөлт оруулснаар иргэний нисэхэд ашиглах агаарын хөлгийн татварын асуудлыг шийдвэрлэсэн. Гэвч засаж сайжруулах, татварын орчныг сайжруулах ажлууд хүлээгдэж байгаа.
Мөн манайд агаарын хөлгийн шатахууны хамаарал, үнийн дарамтыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгаа. Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах ажил нэг үе зогсонги байдалд орсон ч саяхнаас овоо ахицтай дэмжигдээд явж байна.
Ер нь нисэхийн салбарыг өргөн хүрээнд хөгжүүлэх эрх зүй, бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн зохицуулалт, зохион байгуулалтын талаар хийх ажил чамгүй их байгаа. Юун түрүүнд 1999 онд батлагдсан Иргэний нисэхийн тухай хуулиа шинэчлэх ажлыг хийж байна. Хуулийн шинэчлэлтийн ажил 2009 оноос яригдаж, үзэл баримтлал нь батлагдаж ирсэн ч өнөөг хүртэл эцэслээгүй байсан. Харин Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тээврийн, тэр дундаа иргэний нисэхийн салбарын хуулийн шинэчлэлийг эрчимжүүлж, ойрын үед батлуулахаар ажиллаж байна.
Манайтай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан 39 орны хувьд дэлхийн хэмжээний томоохон агаарын тээвэрлэгчид нислэг гүйцэтгэх боломж бүрэн нээлттэй. Тухайлбал АНЭУ-ын 4, Сингапурын 6, ОХУ-аас 9 тээвэрлэгч, Солонгосын 6 гээд 16 улсын 47 тээвэрлэгч Монгол Улсын нутаг дэвсгэрт хуваарьт нислэг гүйцэтгэхээр томилогдсон, Монголын талаас 5 агаарын тээвэрлэгч 19 улсын 42 хотын чиглэлд нислэг гүйцэтгэх боломжтой байгаа. Гэхдээ одоогоор 10 улстай байгуулсан хэлэлцээр идэвхтэй хэрэгжиж байна гэхээр зах зээлийн зорчигч урсгал хангалтгүй байнаа л гэсэн үг.
Монгол Улсын агаарын тээврийн зорчигч урсгалын зах зээлийг “бойжуулна” гэж ярьдаг. Энэ ажлыг “МИАТ” ТӨХК бойжуулж, босгож ирсэн. Эрхүү, Улаан-Үүд, Хөх хот, Москва, Бээжин, Сөүл, Истанбул, Хонг Конг, Берлин, Франкфурт, Токио, Осакао, Алма-Ата, Бусан, Бангкок гээд 20 гаруй чиглэлд нислэг эхлүүлж, нээсэн. Хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчид маань сүүлийн 10 гаруй жилд шинээр Манжуур, Хайлаар, Харбин, Эрээн, Будапешт, Астана, Бишкек, Парис гээд нислэгийн чиглэл нээсэн. Цаашид энэ чиглэлийн нислэгүүд улам тогтворжоод өргөжөөд явах төлөвтэй байна.
–Нээлттэй тэнгэрийн хэлэлцээр байгуулна гэж яриад байдаг. Энэ талаар тодруулбал?
-Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-ын Засгийн газар бусад улс орны Засгийн газартай байгуулдаг Агаарын тээврийн хэлэлцээрийн зарчим нь “нээлттэй зах зээл” буюу агаарын тээвэрлэгчийг томилох, нислэгийн багтаамж, давтамж, ашиглах агаарын хөлгийн тухайд хязгаарлалтгүй, тээвэрлэлтийн тарифыг хоёр талын Засгийн газар хоёулаа зөвшөөрөөгүй тохиолдолд л зөвшөөрөхгүй байх “хоёул үл зөвшөөрөх” зарчим буюу бусад нөхцөлд чөлөөтэй тогтоон мөрдөх, хоёр тал “ижил тэнцүү, шударга боломжоор хангагдах” явдал юм. Гэхдээ тэр бүхнээс гадна өрсөлдөөний зарчмыг илүү чухалчилдаг хэлэлцээр юм. Юун түрүүнд АНУ-ын нутаг дэвсгэрт нислэг гүйцэтгэх агаарын тээвэрлэгчид болон тухайн агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвшөөрөл олгож буй Иргэний нисэхийн ерөнхий газар, нислэг гүйцэтгэх нисэх буудал тус улсын аюулгүй ажиллагааны шаардлага хангах тусгай аудит шалгалтад хамрагдаж, нислэгийн бэлтгэл ажил хангана гээд тодорхой цаг хугацаа шаардагдах ажлуудаа бид эхлүүлээд явж байгаа.
АНУ нь 130 улстай, түүний дотор Европын холбоотой Агаарын тээврийн хэлэлцээр байгуулсан. Эдгээрийн 27 улс нь Монгол Улсын Засгийн газартай хоёр талын хэлэлцээртэй байна. АНУ-ын Засгийн газартай Агаарын тээврийн хэлэлцээр байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд байна. Ойрын үед энэ хэлэлцээрийг байгуулснаар АНУ-ын нутаг дэвсгэрт шууд нислэг гүйцэтгэхээс гадна гуравдагч улсын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэлт хийж нислэг гүйцэтгэх чөлөөтэй зохицуулалт бүрдэнэ. 2024 оны эх гэхэд бид АНУ-руу шууд нислэгтэй болчихно. Энэ бол маш олон хүний хүлээлт болсон асуудал шүү дээ.
–Олон улсын нислэгийн томилгооны тухайд?
-Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн хүрээнд олон улсын хуваарьт нислэг гүйцэтгэх томилгоо олгодог. Агаарын тээвэрлэгчийн өмчийн эзэмшлийн 51-ээс доошгүй хувь нь тухайн улсын иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байх, үйл ажиллагаа, нь аюулгүй ажиллагааны стандарт шаардлагыг хангасан гэдгийг Иргэний нисэхийн удирдах газраас нь баталгаажуулж зохих зөвшөөрөл олгосон байх, нислэгийн тийз борлуулах сүлжээ, олон улсын нислэгийн даатгал, нисэн очих нисэх буудлын үйлчилгээ гээд олон тооны ажил, үйлчилгээг зохицуулж байж Засгийн газраасаа томилогдож, нислэг гүйцэтгэх боломж бүрддэг.
Манай улс олон улсын нислэг гүйцэтгэх 5 агаарын тээвэрлэгчтэй. “МИАТ” ТӨХК-ийн тухайд зорчигч тээврийн 22, ачаа тээврийн 13 чиглэлд, “Аэро Монголиа” ХХК нь зорчигч тээврийн 13 чиглэлд, “Хүннү Эйр” ХХК нь зорчигч тээврийн 18 чиглэлд, “Изинис Эйрвэйз” ХХК нь зорчигч тээврийн 7, ачаа тээврийн 7 чиглэлд, “Монголиан Эйрвэйз Карго” ХХК нь зорчигч тээврийн 5 чиглэлд, ачаа тээврийн 10 чиглэлд тус тус томилгоог авсан. Эдгээр агаарын тээвэрлэгчид зорчигч тээврийн 15 агаарын хөлөгтэй, “МИАТ” ТӨХК-ийн нислэг гүйцэтгэж буй Франкфурт, Гуанжоугаас бусад чиглэлд дотоодын бусад агаарын тээвэрлэгчид томилогдсон.
2022 оны эхний 10 сарын байдлаар олон улсад нийт 490 мянган зорчигч тээвэрлэсэн. Энэ нь 2019 оны мөн үед 1,026,331 зорчигч тээвэрлэж байсантай харьцуулахад 52%-аар буурсан. Сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байсан агаарын тээврийн салбар дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас буурсан ч одоо эргээд сэргэж байна. Агаарын тээврийн үзүүлэлт 2024 он гэхэд 2019 оны түвшинд хүрэх Олон улсын иргэний нисэхийн байгууллагын прогноз гарсан. Манай орны хувьд 2021 оны таван сараас агаарын хилээ нээж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг 2021 оны долдугаар сарын 5-ны өдрөөс эхлүүлснээр энэ онд агаарын тээвэр сэргэж эхэллээ. Хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчдийн хувьд ч агаарын тээврийн сэргэлт, өргөжүүлэх хэрэгцээ шаардлага, олон улсын нислэгийн томилгоо авах, нислэгээ сэргээх эрмэлзэл өсч байна. Энэ оны 11 болон 12 дугаар сард зорчигч тээврийн 252, 180 суудалтай өргөн биетэй А330, А320 агаарын хөлгөөр парк нэмэгдсэн. Энэ бол ЗТХ-ийн сайд томилгоог ил тод, нээлттэй, агаарын тээвэрлэгчдийнхээ оролцоо зөвшилцлийг хангасан бодлого баримталсны бодит үр дүн гэж харж байгаа.
Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг сайжруулж, 4С ангиллын буюу одоо манайд ашиглаж буй Боинг-737 маягийн агаарын хөлөг хүлээн авах боломжтой болгохоор тусгасан. Орон нутгийн Мөрөн, Ховд, Даланзадгад, Чойбалсан, Улаангомын нисэх буудлуудаас Орос, Турк, Казахтсан, Чех болон бусад 13 улс руу нислэг гүйцэтгэхээр агаарын харилцааны хэлэлцээрт тусган тохирсон, гагцхүү өргөн биетэй агаарын хөлөг хүлээн авах хүчин чадал хүрэлцэхгүй тул олон улсын нислэг гүйцэтгэдэггүй юм.
Эдгээр нисэх буудал нь Иргэний нисэхийн ерөнхий газраас татаасаар үйл ажиллагаа явуулж байгаа. Агаарын тээвэрлэгчид, ялангуяа олон улсын нислэг гүйцэтгэдэг хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчид өөрийн гэсэн үндсэн нисэх буудлаас үйл ажиллагаагаа явуулах сонирхол эрмэлзэлтэй байдаг. Энэ нь ч ирээдүйтэй. Гэхдээ агаарын тээвэрт дэмжлэг болохуйц, аюулгүй ажиллагааны өндөр стандарт, тусгай зөвшөөрөл шаарддаг, хөрөнгө санхүү, хүний нөөц хэрэгцээтэй, нисэх буудлын үйл ажиллагаа эрхлэх шаардлагатай болно. Гэвч эрх зүйн хувьд нээж, төрийн оролцоог багасгаж, бодлогоор дэмжээд явахад сонирхогч талууд оролцоод явах боломжтой гэж харж байна.
Агаарын тээврийн салбар их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг, хөрөнгө оруулалтын шууд өгөөж багатай салбар шүү дээ. Хэдэн жилийн өмнө тэрбумтан Билл Гейтсээс бизнесээ өргөжүүлж, агаарын тээврийн салбарт оролцохгүй юу гэхэд “Тэгж саятан болтлоо доошлоод яах вэ” гэсэн шог яриа байдаг. Тэгэхээр өндөр стандарттай, өргөн хүрээг хамардаг, хөрөнгө оруулалт, мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөц гээд илүү мэргэжлийн, тусгай, өндөр шаардлага бүхий салбар гэж ойлгож болно.
Японы “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Монгол Улсын Хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Чойбалсан” нисэх буудлыг олон улсын 4С ангиллын болгон хүчин чадал, ашиглалтыг сайжруулах төслийн нисэхийн бус орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийж байгаа. Энэ судалгааны дүн нь Чойбалсан төдийгүй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хүчин чадлыг нь сайжруулах бусад нисэх буудлуудад ч онцгой ач холбогдолтой байх болно.
–Тэгвэл Монгол Улсад зочлох жилд бид нисэхийн салбартаа юу хийх боломжтой вэ?
–Монгол Улсад зочлох жил болгон зарласнаар агаарын тээврийг шинэ түвшинд гаргах, олон улсын нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх, илүү хурдацтай хөгжих боломж бүрдэж байна. Орон нутгийн олон улсын статустай нисэх буудлуудыг нээлттэй нисэх буудал болгон зарлах, жуулчин тээврийн нислэгийн зөвшөөрлийг чөлөөтэй олгох, улирлын хамааралгүйгээр аялал жуулчлалыг хөгжүүлэхэд агаарын тээврийн оролцоог нэмэгдүүлэх гээд хөрөнгө мөнгө шаардахгүй хийх боломжтой ажлуудаа зохицуулна. Орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг сайжруулах төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх боломжтой. Нисэх буудлын өнөөгийн хүчин чадалд тохирсон нислэгийн зохицуулалт, цагийн хуваарийн менежмент хийх, аль болох шууд, олон нислэг гүйцэтгэх зохицуулалт хийж хэрэгжүүлнэ.
Мөрөн, Ховд, Чойбалсан, Даланзадгадын нисэх буудлууд дунд оврын агаарын хөлгөөр хийх олон улсын нислэг хүлээн авах боломжтой. Эдгээр нисэх буудалд орон нутгийн жуулчин тээврийн нислэгийг эрчимжүүлэхээр агаарын тээвэрлэгчид нислэгийн цагийн хуваариа гаргаад, агаарын хөлгийн паркаа нэмэгдүүлэхээр дор бүртээ л судлаад төлөвлөөд явж байгаа. Эхнээсээ багтаамж томтой агаарын хөлөг оруулж ирээд нислэгийн сүлжээгээ өргөүүлэхээр ажиллаж байна.
Жуулчин тээврийн нислэгт дэмжлэг хэрэгтэй. Дэлхий даяар жуулчны нислэгт татаас олгож, эргээд аялал жуулчлалын салбарын орлогоосоо агаарын тээврийг дэмждэг тогтолцоо бүрдсэн. ОХУ, БНТУ, БНХАУ гээд жуулчны урсгал хаана их байна тэнд хямд тарифаар аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ үзүүлж чадаж байна. Богино хугацаанд ихийг үзэж, тухтай амраад, аялаад буцах багц аяллыг түлхүү бий болгох, үүнд агаарын тээврийн үйлчилгээ нь хамтдаа ороод явах зохицуулалт бүрдүүлэх шаардлагатай.
Монгол Улс 1 сая жуулчин хүлээн авахад хуваарьт нислэгээр бүгдийг тээвэрлэн ирэх боломжгүй. Нийт ирж буй зорчигчдын 30 гаруй хувь жуулчин ангилалд байх магадлалтай. Тэгэхээр 1 сая жуулчин хүлээн авахын тулд хуваарьт нислэгээр тал нь ирлээ гэж үзэхэд 250 суудалтай онгоцоор 2000 нислэг хийж байж цаана нь үлдэж буй 500 мянган жуулчныг хүлээн авна. Зуны 6-9 сард өдөрт зөвхөн жуулчны чартер нислэг 16-17 удаа хийнэ. Үүнээс хэдийг нь орон нутагт тээвэрлэх вэ, 10 мянган жуулчин тээвэрлэхэд сард 50, өдөрт 1-2 нислэг хийх хэрэгцээ гарна. Энэ бүхнийг эртнээс зохицуулаад явахад болохоор байна.
Манай аялал жуулчлалынхан эрх зүйн шинэчлэлтээ хийгээд тур оператор, аяллын агент гээд салбарын гол оролцогчдоо зах зээлд ажиллах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх эрх зүйн таатай зохицуулалт бүрдүүлэх гээд эрчимтэй ажиллаж байгаа. Монгол Улсад зочлох ирэх 3 жилийг угтаж одооноос аялал жуулчлал, агаарын тээврийн салбарынхан маань илүү эрч хүчтэй, цаг хугацаатай уралдан ажиллаж, жуулчдыг татах, тээвэрлэх бэлтгэлээ хангах хэрэгтэй байна. Түүний тулд ч зүтгэж ажиллаж байна.
-Орон нутгийн нислэгт ямар асуудал тулгарч байна вэ. Иргэдийн зүгээс онгоцны тийз хэт үнэтэй, нислэг тогтмол биш байна зэрэг гомдол ирдэг. Цаашид сэргэх боломжтой юу?
-2022 оны эхний 10 сарын байдлаар орон нутагт агаарын тээврээр 275,5 мянган зорчигч үйлчлүүлсэн. Үүнээс 240 мянга нь уул уурхайн захиалгат нислэгийн зорчигч, ердөө 35,5 мянга нь хуваарьт нислэгийн буюу нийт зорчигчийн 11%-ийг эзэлж байна. Энэ нь 2019 оны мөн үеэс 81 мянган зорчигчоор буурсан үзүүлэлт. Орон нутгийн нислэгийн дундаж суудал ашиглалт 60 орчим хувьтай, нийт зардлын 46 хувийг шатахууны зардал эзэлж байгаа нь тийзний үнэ өсөхөд нөлөөлж буй гол хүчин зүйл болж байна. Орон нутгийн нэг аяллын зардал 48-50 суудалтай агаарын хөлгөөр тооцоход дунджаар 25-53 сая төгрөг байдаг. Агаарын хөлгийн шатахууны зардал нь 2022 оны эхний хагас жилд 48%-аар өсөж 4,900,000₮ болсон бөгөөд 8 дугаар сард мөн 13%-аас өсөн 5,550,000₮ болж тонн тутамд 2,250,000₮-өөр нэмэгдсэн байх жишээтэй. Агаарын тээвэрлэгчдийн нийт зардлын 35-46%-ийг агаарын хөлгийн шатахууны зардал эзэлж буй нь тийзийн үнэ нэмэгдэхэд нөлөөлж байна. Агаарын хөлгийн шатахууныг өмнөд хөршөөс импортлох боломжийг бүрдүүлж, агаарын хөлгийн шатахууны үнийг Монгол Улсад тогтвортой байлгах, хямд үнийн сонголтыг бий болгохоор зорьж байгаа. Агаарын хөлгийн шатахууны үнийг тогтворжуулахад төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай. Иргэний нисэхийн ерөнхий газраас хийсэн судалгаагаар шатахууны үнийг 30%-иар бууруулахад тийзийн үнэ 5-14%-аар буурах боломж бүрдэхээр байгаа юм. .
Хувийн хэвшлийн нуруун дээр явж байгаа орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээнд төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Агаарын тээвэр, нисэх буудлын үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, орон нутагт агаарын хөлгийн шатахууны хангалтыг Улаанбаатарт байгаа үнээр нийлүүлэх, орон нутгийн иргэдийн амьжиргаанд нийцсэн үнэ тарифаар агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх гээд төрийн дэмжлэг шаардлагатай байна. Авто замын сүлжээ сайжирснаар агаарын тээвэр авто тээврийн үйлчилгээтэй өрсөлдөхөд хүрч, агаарын тээврээр өндөр настан, эмнэлгийн тусламж шаардлагатай цөөн тооны иргэд л зорчих болсон. Уурхайгүй аймагт орон нутгийн нислэг хийхэд ялангуяа өвлийн улиралд зорчигч урсгалгүй болсноор нислэгээ зогсоохоос аргагүйд хүрсэн. Баруун 5 аймагт үндсэндээ цөөн тооны нислэгийг зорчигч урсгалыг харгалзан хийж байгаа. 2023 онд орон нутгийн нислэгт татаас олгох замаар агаарын тээврийг тогтворжуулах, орон нутгийн хуваарьт нислэгийн үйлчилгээ, орон нутгийн нисэх буудлын үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, агаарын хөлгийн шатахууны үнийг бууруулах зохицуулалтыг бүрдүүлэх гээд бодлого, зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр тийзийн үнийг бууруулах, орон нутгийн нислэгийг тогтворжуулах боломж бүрдэнэ.
Өнөөдрийн байдлаар агаарын тээврийн байгууллагууд алдагдалтай ажиллаж байгаагаас шалтгаалан аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа улсад төлж чаддаггүй. Тэгвэл Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр орон нутгийн агаарын тээврээр үйлчлүүлэх зорчигч урсгал нэмэгдэж, агаарын тээврийн байгууллагуудын ашигт ажиллагаа сайжирч, борлуулалтын орлого нэмэгдэн цаашид аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг улсын төсөвт төвлөрүүлэх боломж бүрдэнэ.
Дээрх шийдлүүдийн хүрээнд шатахууны үнийг дүнг 30%-аар бууруулах, дотоодын агаарын тээврийн НӨАТ-ыг чөлөөлж зорчигчдод 3 тэрбум гаруй төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэх, агаарын тээвэрлэгчдэд татаас өгснөөр орон нутгийн 9 чиглэлд нислэгийг тогтворжуулж, тариф бууруулах боломжтой бүрдэх юм.
Юутай ч манай ЗТХЯ орон нутгийн нислэгийн чиглэлийг хэрхэн нэмэгдүүлж, онгоцны тийзийг яаж хумдруулах вэ гэдэг гарц шийдлээ олчихсон. Одоо энэ шийдлээ УИХ-аар дэмжүүлчихвэл ард түмний амьдралд хүрсэн, хүссэн шийдвэр болно. Агаарын тээврийн либералчлал амилж, Монголд Зочлох жилийн зорилтыг ханган биелүүлэх бодит бололцоо бүрдэнэ.