Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийг СЭЛМЭЭР ХЭРЧИХ ДӨХСӨН албан тушаалын ХЭНЭЭ

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийг СЭЛМЭЭР ХЭРЧИХ ДӨХСӨН албан тушаалын ХЭНЭЭ

Чингэлтэй дүүргийн төлөөлөгч Х.Алтаншагай гэгч намын ах нарынхаа “сэлэмний ир, жадны үзүүр” болж явдаг нэгэн гэнэ. Түүний ард УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл байдаг гэх. Тэрбээр Н.Батсүмбэрэл ахдаа Чингэлтэй дүүргийн МАН-ын даргын суудлыг авч өгөхөөр эртнээс зүтгэсэн бөгөөд ихээхэн хүчин чармайлт ч гаргасан гэдэг.

Х.Алтаншагай “Нүүрсний” гэх хэргээр шалтаглан Т.Аюурсайханыг дүүргийн намын даргын суудлаас “зайлуулах” үйлийг манлайлсан. Гэвч Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар түүний хүсэлд хясал болж, намын дарга болон, Н.Батсүмбэрэлд бэлдэж байсан суудлыг нь “булаачихсан”. Харин “азаар” Сү дарга Ногоон автобусны хэрэгт холбогдов. Х.Алтаншагай мэт түүнийг нь дэвэргэж, асуудлыг хөөргөн, эцэст нь Ж.Сүхбаатар, түүгээр ч тогтохгүй Хотын даргыг хүртэл “хийсгэж орхисноор” эцэст нь Н.Батсүмбэрэл хүссэндээ хүрсэн байдаг.

Улмаар Н.Батсүмбэрэл Х.Алтаншагай дүүдээ талархаж, дүүргийн ИТХ-ын даргын суудлыг авч өгнө хэмээн ам гарсан аж. Орон нутгийн сонгууль ч болж, “бялуу хуваах” ажил зохиолын дагуу Н.Батсүмбэрэлд ногдож. Тэр ч амласан ёсоор “дүүгээ” дүүргийн ИТХ-ын даргад зүтгүүлсэн ч өнөөх нь дорвитой дэмжлэг авсангүй, угаас боловсролоор гавихгүй нэгэн тул гологдож л дээ. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл “санаагаа хувиргаж”, Х.Алтаншагайн оронд З.Бямбажавыг дэмжих болж. Энэ нь ч мэдээж Х.Алтаншагайд таалагдсангүй.

Уур бухимдлаа дотроо залгиж явсан Х.Алтаншагай сонгуулийн дараах “ялалтын парти”-ны үеэр хэд гурав татаж, зоригоо чангалаад Н.Батсүмбэрэлийг ёстой л “хийстэл” цохисон гэнэ. Түүгээр ч тогтсонгүй өмнө нь өөрт нь бэлэглэж байсан сэлмийг нь гарган ирж, “ахыгаа” цавчина, хуваана гэж улайрсан гэх. Тэр үед нь Н.Мандуул тэргүүтнүүд ч хамт “найрлаж” байж. Сэлэм хараад л бүгд зуларсан юм байх. Н.Батсүмбэрэл ч “бажгадсан” гэж жигтэйхэн бөгөөд харин ч сэлэм ир муутай байсны ачаар гар нь шалбараад л өнгөрсөн байна.

Удалгүй Х.Алтаншагай ч “ухаан орж”, хийсэн үйлдэлдээ бантаад хэл үгүй арилаад өгсөн гэнэ. Албан тушаалын шуналаас үүдсэн ийм л айхавтар хэрэг Чингэлтэйд өрнөж. Хүний амь эрсдэх шахаж. Дараад л өнгөрсөн сурагтай.

Албан тушаалын хэнээ гэж. Ахйавтар ч юм аа даа. Эрх мэдлийн төлөө сэлэм гялсхийлгэхээс ч буцахгүй нөхөд биднийг засаглаж, биднийг засаглахаар улайрч байх. Нэгэн жишээ нь л энэ Х.Алтаншагай гэгч юм уу даа...  

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 4 Хаха 1 0 Буруу 1 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (2)
  • Зочин • 2 долоо хоног - 103.212.118.188 Хариулах
    Энэ үнэн юм уу
  • Зочин • 3 долоо хоног - 66.181.179.165 Хариулах
    Хүн гүтгэх хуультай шүү нөхдөө!