Чимээгүй биш чимээтэйхэн ажилла сайд аа!
Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн гэж хүн бий. Түүнийг олон нийт танихгүй байна. Учир нь сайд маань оноогдсон ажлаа олигтой хийхгүй л байгаа хэрэг л дээ.
Тэрбээр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би түгжрэлийн эсрэг чимээгүй ажиллаж байгаа” гэж. Уг нь эсрэгээрээ ёстой л нэг чимээтэйхэн “үзмээр” байх юм. Чимээтэйхэн “үзэхээс ч” өөр аргагүй болчхоод байгаа шүү дээ, хариуцсан асуудлынх нь тухайд бол.
Түгжрэл нийслэлчүүдийн толгойны өвчин болоод удаж байна. Үе үеийн нийслэлийн удирдлагууд “ялна” гэж ам гарсан. Гэвч хэлсэндээ хүрсэн нь нэг ч алга. Бүр сүүлдээ түгжрэл хариуцсан сайдтай ч боллоо. Одоогоор нэмэр харагдсангүй. Өмнөх сайдууд нь фактласаар таарсан. Өнөөдөр харин тэр алба Р.Эрдэнбүрэнд ногдож ахуй ч тэрбээр таг л...
Жил бүр түгжрэлийг бууруулахад өндөр төсөв хуваарилдаг. Гэвч тэр төсөв хааш урсаад байдаг нь тодорхойгүй. Ядаж л үүнийгээ тодорхой, шилэн болгомоор байгаа юм. Түүнээс л Р.Эрдэнэбүрэн сайдын ажил эхэлмээр сэн.
Чимээгүй сайдууд олон байна аа. Тэр дундаас чимээлж ялгарвал тэр үед л Р.Эрдэнбүрэн танд олон нийт итгэл үзүүлэхсэн. Залуу хүн байна даа, шижигнэмээр. Б.Дэлгэрсайханаасаа л ялгарахгүй байх шиг.
Түгжээг бүрмөсөн тайлахад бэрх түүнд хугацаа орно. Гэхдээ тийм цагт хүрэх нөхцлийг л өнөөдөр бодлогоор бүрдүүлмээр байгаа юм. Тэр үйлд чадлаараа оройлох нь л Түгжрэлийн сайдын чухал үүрэг шүү дээ. Бид чинь түгжээнд хамаг амьдрал, цагаа үрээд дууслаа. Түүгээр ч тогтохгүй улбаалсан олон асуудалд ороогдсоор өнөөтэй золголоо. Олигтой түшээдгүйн л гай. Одоо харин өөрчлөгдмөөр, өөрчилмөөр...
Д.Сүрэн