АН "шал арчсаны" гэмийг хэн үүрэх вэ!
Дараагийн 4 жилд нийслэлийг МАН удирдахаар боллоо. Тэд орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулав. Нийслэлд 40 суудал авлаа. Бардам байна, нэг ёсондоо бахдам байна.
Харин АН эсрэгээрээ гутамшигт байдалд оров. Нийслэлд тавхан суудал авсныг нь үүнээс өөр үгээр илэрхийлэх нөхцөл үгүй. Том ялагдал амслаа. Өнөөгийн АН-ыг иргэд хэрхэн үнэлж буйн тод илрэл ч боллоо.
Хотын дарга Х.Нямбаатар хэлсэн. АН баахан “шизотой бацаанууд” нэр дэвшүүллээ гэж. Түүний хэлсэн нь оргүй биш байв. АН-ынхан бодлого ярьсангүй. Хэн бүхэн олоод харчихаж чадах асуудал ярьж, “амаа билүүдсээр”, шаварт ойчив. Тэдний ялагдлын шалтгаан илт, тодорхой.
Басхүү хачирхалтай нь АН-ын дарга Лу.Гантөмөр нэр дэвшигчдээ огтхон ч дэмжсэнгүй. Тэдэнд итгэхгүй байгаа мэт хандлага харуулж, нам бүгсээр сонгуулийн ард гарав. Уг нь намын дарга хүн ингэж авирлаж боломгүй л. Худлаа үнэн залуусаа дэмжих л байлаа. Гэвч тэр тэгсэнгүй. Тиймээс ялагдлын нэгээхэн том гэмийг Лу.Гантөмөр үүрэх нь нот.
Х.Баттулга байна. Тэр ч бас өөрийгөө л дөвийлгөн гүйгээд байснаас өрөөл бусдад дэм өгсөнгүй. Намаа бодсонгүй, хуншгүй л аашласан.
Ингээд эцэст АН өнөөгийн нөхцөлд хүрээд байна. Сонгуулийн дараах мэдэгдэлдээ АН-ынхан сэтгэл ханасан аятай үгс унагаж байна билээ. Бараг л ялсан дайны. Үгүй дээ. АН-ынхан МАН-ынханд алхам тутамдаа мадлуулж байна. Өөдийн заяа алга. Хэзээ мандах юм бол доо энэ нам. Халаг гэж...
Д.Сүрэн