Л.Оюун-Эрдэнэ: Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор олон нийтэд мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “14 иргэний нийгмийн байгууллага болон 20 орчим өөр байгууллагаас Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Шаардлагын нэг хэсэг нь шударга ёстой холбоотой байна. Хариуцлага алдсан бол хариуцлага тооцохын тулд би өмнөх Засгийн газарт ЗГХЭГ-ын дарга байхдаа амаргүй тэмцлийг эхлүүлсэн. Яг энэ танхимд би "Оюу толгой" компанийг шүүхэд өгөх болсноо мэдэгдэж байв. Тухайн үед би дэлхийн хамгийн том уул уурхайн компани болох Рио Тинтотой хийх хуулийн маргаан үр дүнд хүрэх болов уу гэж эмээж байв. Олон нийт дэмжсэн учир өнөөдөр бид амжилтад хүрч, татварын маргаанаа өөрсдийн талд шийдүүлсэн.
Дараагийн асуудал нь "Эрдэнэт"-ийн 49 хувьтай маргаан юм. Шүүх энэ асуудлыг шийдэх л үлдсэн. Шүүхийн шийдвэрийг бид нүд цавчлахгүй харж байна. Хөгжлийн банкнаас Пүрэвтүвшин гэж хувь хүний данс руу маш их хэмжээний мөнгө шилжсэн байсан.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эргүүлэн авсан ч амар байгаагүй. Олон нийтийн дэмжлэгээр гацсан олон асуудлыг бид шийдсэнээр Хөгжлийн банк хоёр бондын төлбөрөө хийх боломжтой болов. Манай Засгийн газарт энэ банкыг дампууруулах эсвэл олон нийтийн дэмжлэгээр цааш нь авч явах гэсэн хоёр сонголтын өмнө байв.
Манай экспорт нүүрс, зэс, төмрийн хүдрийн худалдаан дээр тогтдог. Хэн эдгээрт хяналтаа тогтооно, тэр хүн төрийг худалдан авах эрсдэлтэй. "ЭТТ" ХК-ийг байгуулснаас хойш олон үйл явдал өрнөсөн. Тэнд хэдэн машин байдаг, хэд нь манай машин байдаг. Энэ хүмүүс нийлэхээрээ ямар хүчтэй болдог, 178 нүүрс худалдах сонгон шалгаруулалтууд шударга болсон уу, оффтэйк гэрээнүүдийг хэн хэрхэн хийв, С зөвшөөрлийг 9000 гаруй машинд өгчээ.
Эдгээрийг хэрхэн олгов, машинуулын дарааллыг нааш цааш болгосон уу? Цагаан хадан дахь бөмбөлгийн зохицуулалтыг хэн хэрхэн хийв? Манайхаас гарч буй нүүрсний агууламж зөрсөн үү, бүртгэлгүй нүүрс гаргасан уу гэдгийг шалгах шаардлага гарсан тул тус компанид онцгой байдал тогтоосон. Гэхдээ ЭТТ-д ажиллах нь Оюутолгой, Эрдэнэтэд ажиллахаас хамгийн амаргүй нь.
Нүүрстэй холбоотой нарийн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж, юу ч биш болгон өнгөрөөх сонирхол байна. Өчигдөр болсон жагсаалд олон хүн энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Бид "Оюутолгой", "Эрдэнэт", Дарханы төмөрлөгийн үйлдвэрт гарсан асуудлыг шийдсэн шиг "ЭТТ"-д үүссэн нөхцөлийг ч мөн шийдэж чадна.
Би Засгийн газрын тэргүүний хувиар энэ хэргийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцах боломжгүй байна. Олон нийт энэ асуудалд биднийг дэмжиж байгаад би талархаж байна. Энэ хэрэг нэгэнт олон нийтийн анхаарлын төвд орсон тул бид шийдэж чадах юм байна гэсэн итгэл надад төрсөн.
Өчигдөр болсон жагсаалыг ЭТТ-н өмнөх удирдлагууд (МОАХ-ынхан) эргүүлэх гэж оролдлоо гэсэн мэдээллийг би авсан. Амь нь тасарч, амьсгаа нь дуусах гэж буй, хүнд байдалд орсон хүмүүс нүүрсний талаар хамгийн их ярьж байна. Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй.
Би Ерөнхий сайдын хувьд олон талаас нь бодсон. Бид 30 жил энэ тогтолцоогоор явлаа. Манай хүн ам ч өсөв. Парламентын төлөөлөх чадвар буурч байна. УИХ ард түмний жижиг парламент байх ёстой. Парламент ард түмний жинхэнэ төлөөллөөс бүрдэх, илүү хүлээн зөвшөөрөгдөх, бага ард түмний үүргээ биелүүлэх, насны бүлгийг, нийгмийн давхаргыг, үндэсний цөөнхийг төлөөлөх учиртай. Энэ үүднээс харвал манай парламент энэ босгыг давахгүй байна.
Энэ байдал удаан үргэлжлэхээр парламент иргэдээс холдож, иргэд парламент биднийг төлөөлөхгүй байна хэмээн бухимддаг.
Манай хойд хөрш дайны байдалтай байна. БНХАУ дэлхийд хэн жанжлах вэ гэсэн өрсөлдөөнд орсон. БНТУ, Энэтхэг гэх мэт шинэ тоглогчид гарч ирж байна. Энэ нөхцөлд бид заримдаа хүнд байдалд ордог. НҮБ-д өгөх саналаас эхлээд олон сорилт бидэнд үе үе тохиолддог.
Иргэд гудамжинд дуу хоолойгоо өргөх биш тэр хүний төлөөлөл парламентад төлөөлөл нь байж ажилладаг тогтолцоо руу бид явах цаг боллоо. Хоёр удаа жагсаал болов. Эдийн засгийн өсөлт -4.3 хувь болсон үед иргэд бухимдах нь аргагүй. Би үүнийг ойлгосон. Өчигдөр болсон жагсаалын дараа би манай парламентын засаглалд, Монгол Улсын нэр хүндэд эрсдэл үүсэж болзошгүй юм байна гэдгийг ойлгов. Бид жагсаалд гал унтраах байдлаар хандаж болохгүй. Мөсөн уулын орой л ил харагддаг. Бид цухуйсан хэсэгт л анхаарлаа хандуулбал урт хугацаандаа алдана” хэмээн мэдэгдлээ.
Уг нь Оюун-эрдэнэ их сайн ажлаад байгаа