10,000 программист бэлтгэх төсөл хэрэгжиж эхэлсэн, энэ үйл явдал юу болов???
2020 оны 5 сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, дэлхийд өрсөлдөх чадвартай “10,000 программист” бэлтгэх төслийг нээж, сургалтын үйл ажиллагааг эхлүүлж байсан.
Энэ үеэр тухайн үед Хотын даргаар ажиллаж байсан С.Амарсайхан хэлэхдээ
“Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, Мэдээлэл технологийн салбартай хөл нийлүүлэн алхахгүйгээр бид дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжгүй эрин зуунд амьдарч байна. Тийм учраас бид бүхэн өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын 65 хувийг эзэлж байгаа залуучууддаа сурах боломжийг бүрдүүлэхээр 10,000 программист төслийг эхлүүлж байна. Мөн Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд болон дүүргүүдэд залууст зориулсан инновацын төвүүдийг байгуулж эхэлсэн. Технологид хил хязгаар гэж байхгүй.
Технологи, ухаалаг шийдэлгүйгээр Улаанбаатар хот цаашид хөгжих боломжгүй. Замын хөдөлгөөнийхөө төлөвлөлт, зохицуулалт, хяналтаас эхлээд иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэргийг бууруулах гээд олон салбарт технологийн ухаалаг шийдлийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа учраас энэхүү төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Өнөөдөр КОВИД-19 цар тахлын улмаас улс орон бүр өөр өөрийн гэсэн дэглэм, хорио цээрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ нь магадгүй олон залууст илүү хөгжих боломжийг олгож байгаа. Гэртээ утсаа бариад, сошиалаар аялах биш сургалтад хамрагдан код бичиж, шинэ программ зохион олны хүртээл болгон өөрийгөө хөгжүүлэх боломжийг хөл хорионы нөхцөл байдал бий болгож байна. Ингээд сургалтад хамрагдаж эхэлж байгаа залуустаа амжилт хүсье” гэж байв.
Эдгээр программист бэлтгэгдсэн эсэх асуудлаар бид эргэн сурвалжлах болно.
Тухайн арга хэмжээний нээлтийн видеог хүргэе.