АН-ч адил БУРУУТАН
“Арчаагүйн дээд” болсон Ардчилсан намынхан аргаа олохгүй хэвээр, дотооддоо “алалцаж”, дор дороо “хэмлэлдсээр” байна...
“Ирэх сонгуулиар бидэнд итгэ ээ” гээд их л дориунаар “попорч” байгаа тэдний үгийг захын нохой ч тоож сонсохгүй, тосож шиншихгүй байгаа нь эмгэнэл.
Бүр тийн бодит байдлыг мэдэхгүй, мэдрэхгүй нэмж “бархирсаар” байгаа нь хүртэл инээдэм.
МАН найман жил засаг бариад улсыг гундаалаа гэх. Гэтэл Ардчилсан нам энэ хугацаанд сөрөг хүчний үүргээ хэрхэн гүйцэтгэсэн бэ гэдэг нь ч мөн л анхаарал татна.
Улсыг ийн сөхрөөсөн гэмийг МАН үүрэх ч, АН бас эс үйлдлээрээ тэдэнд “тусласан” нь тодорхой. Чухам л “Бид засаглаж байсан бол мандуулна” гэдэг. Гэхдээ тэд засагласан үедээ ч гийгүүлж эс чадсаны “гашуун үнэн” бас бий шүү дээ.
“Хонхны дуу”-н бэлгэдэлтэй хэрнээ “хон хэрээн явдалтай” болоод удсан Ардчилсан намаас одоо бид юу хүлээх вэ?
Талаар нэг тарсан шагай шиг тал талд сайны дүр эсгэж, хүүхэд, нохойн “доог” болж, түмэнд элдэвлэгдэхээс өөрөөр энэ нам гавихаа байсан. Намын даргаа сонгоод “нэгдэнэ” гэсэн ч улам гундаж, эрх баригчдын “халаасны нам” боллоо гэж олонд ёжлуулах болсныг үгүйсгэшгүй.
Үнэндээ тэднээс арай өөр зүтгэл хүлээж байсан ардын итгэл ч шаварт хөлбөрөв өө, хөөрхий. Харваас бүтэхээргүй нөхцөл байдалд бөөн фракцид хуваагдан “бүдчин” байгаа атлаа л “Бүтэн ардчилал” гээд олны “чихэн дээр цэцэг ургуулах”.
Одоо боль оо. Гал тогооны асуудлаа шийдчихээд гадаахыг эмхэлнэ гэж том, том “бүлтэр” та нар минь.
Могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэгчээр муулаад байгаа МАН чинь хэчнээн гундсан ч та нараас илүүгээр түмэнд хүндлэгдэж байгааг хар, ухаар, өөрсдөөсөө ич...
Д.Сүрэн
Sanuulga.mn