Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Л.Баярмандал: Ирэх онд шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж тооцоолж байгаа

Л.Баярмандал: Ирэх онд шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж тооцоолж байгаа

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал  цаг үеийн асуудлаар  мэдээлэл өглөө.

Тэрбээр “Манай улсын шатахууны хэрэглээний гол нийлүүлэгч ОХУ, тэр дундаа Ангарскийн үйлдвэр.

 Гал үндсэн үйлдвэрт биш туслах төхөөрөмжид нь гарсан юм билээ. Тэгэхээр үйл ажиллагаанд нь саатал учраагүй гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Мэдээж эрсдэл байгаа. Тиймээс бид газрын тосны үйлдвэрээ хурдан шуурхай барих хэрэгтэй.

Бид шатахууны хэрэглээнийхээ 95 хувийг ОХУ-аас авдаг. Үлдсэн таван хувийг БНХАУ-аас авдаг. Хятадаас авч болох ч үнэ өндөр байдаг. Хятадаас авч байгаа шатахуун, түлш евро 5 стандарттай байдаг. Мөн тээврийн үнэ өндөр учраас илүү үнэтэй л болно гэсэн үг.

Шатахууны нөөцийг төрөл бүрээр нь гаргаж байгаа. Аж ахуйн нэгжүүдтэйгээ нөөц бүрдүүлэх гэрээ хийж ажилладаг. АИ92, АИ95 болон онгоцны түлшний 30-45 хоногийн нөөцтэй байна.

Сүүлийн үед дизель түлшин дээр асуудал гаргасан. Энэ нь ОХУ-ын дотоод байдалтай холбоотой. Дайнтай холбоотойгоор хувийн үйлдвэрүүдийн түлш борлуулах эрхийг хаасан. Манай улс дизель түлшний хэрэглээнийхээ 30-40 хувийг хувийн компаниудаас авдаг байсан. Энэ нь тасалдахаар хүндрэл үүссэн.

Тиймээс бид Роснефть компанитай нийлүүлэлтээ нэмэгдүүлэх гэрээ хэлэлцээр хийсэн. Эхнээсээ дизель түлш оруулж ирж байна. Энэ сарын 27-ны шөнө Толгойт өртөөн дээр 42 вагон ирсэн. Салаа замууд дээр тавигдаад, ачигдаад явж байна. Энэ дээр бид Улаанбаатар төмөр замынхантай хамтарч ажиллаж байгаа. Хүлээлтгүйгээр вагонуудыг буулгаж өгөх тал дээр дэмжлэг үзүүлээд явж байна.

Роснефтьтэй бид эхний ээлжид 83 мянган тонн дизель түлш авч тогтворжуулъя гэсэн гэрээ хэлэлцээр хийсэн. Энэ бол зөвхөн ирэх сарын хэрэглээ. Манай улсад өдөрт 50 вагон оруулж ирж байж нийлүүлэлт хэвийн явдаг. 35-40 вагон орж ирж байсан учраас асуудал гарсан. Ирэх 7 хоногоос 50-иас дээш вагон оруулж ирэхээр хомсдол арилна гэж үзэж байгаа. Хэрвээ хувийн компаниуд дезель түлшээ нийлүүлж чадахгүй бол Роснефть нийлүүлнэ гэдгээ хэлсэн.

Одоо бол манай улс зах зээлийн үнээс хямд шатахуун авч байгаа. Роснефть компанитай хийсэн гэрээний дагуу ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс нэг тонныг 815 ам.доллараар авахаар болж байгаа. Гурван сарын дотор үнэ буурах юм уу нэмэгдвэл үнийг дахиж ярилцана. Гурван сарын дотор үнэд өөрчлөлт орохгүй бол энэ үнээрээ авна гэсэн үг. Тиймээс ирэх жил одоо байгаагаасаа үнэ өсөхгүй байх гэж тооцоолж байгаа” гэдгийг хэллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)