Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хамгийн хүнд хэцүүг үүрч, давсан Засгийн газар

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хамгийн хүнд хэцүүг үүрч, давсан Засгийн газар

2021 оны 1 дүгээр сарын 19-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох шийдвэрээ гаргалаа. Улс орны хөгжил, хөдөлгөөн тэг зогсолтын байдалд орчихоод байсан цар тахлын хүндрэлтэй тэр үед Засгийн газрыг толгойлох эр зориг хэнээс ч гарахааргүй байв. Зоримог, хүндрэл бэрхшээлээс шантрахгүй зүтгэх Ерөнхий сайд хэрэгтэй байлаа. Энэ үед Ерөнхий сайд болох хүн түүнээс өөр алга гэж улс төрийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүн бол Л.Оюун-Эрдэнэ байлаа. Болох ёстой зүйл болдгоороо болов. Түүний ЗГХЭГ-ын дарга, Монгол улсын сайдаар ажиллаж байсан туршлага нь ч давуу тал байв. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай төсөв, гадаад орчин хаалттай, цар тахлын айдас түгшүүр дунд орчихсон улс орныг тэр хүлээж авав. Тэгээд хамгийн түрүүнд цар тахлын хүндрэлийг богино хугацаанд давж гарах зорилт тавилаа. Ерөнхий сайд болоод сар ч болоогүй байхдаа Энэтхэгээс 150 мянган тун вакцин авах асуудлыг шийдэв. Өөрөө түрүүлж вакцин тариулан олон нийтийг үлгэрлэж, нийгмийн сэтгэлзүйг өөрчлөв. Эдийн засгаа сэргээх, дундаж давхаргыг дэмжих бодлогыг эрчимжүүлэв.

Ингэхийн тулд шударга ёсыг тогтоох нь чухал байв. Танил тал хардаг байдлыг халж, цахим засаглалыг нэвтрүүлэв. Нэгэнт шинэ цаг үе юм чинь шинэ байх ёстой. Бас шуурхай байх ёстой. Засгийн газар өдөр болгон хуралдаж, тулгамдсан асуудлуудыг хойш тавихгүй шийдэж байв. 2021 оны 12 дугаар сард МАН-ын 30 дугаар Их хурлаар намын дарга боллоо. Шинэ Сэргэлтийн бодлогоо тунхаглав. Хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, боомтын сэргэлт зэрэг бодлогууд ирээдүйдээ итгэх итгэл авчирлаа. Бараг хоёрхон боомтоор гадагшаа харилцаж ирсэн байдлыг өөрчилж, хоёр хөрштэйгээ 5 боомтоор идэвхтэй харилцдаг болов. Импортыг биш экспортыг нэмэгдүүлэв. Зарим үед өдөрт дөч тавин машин нүүрс гаргадаг байсан бол хэдэн мянган машинаар тоологдох экспорт хийгддэг болов. Рио Тинтотой хэлцэлцээрийн ширээнд сууж, Дубайн гэрээг өөрчилж, Оюу толгойн далд уурхайн ажлыг эхлүүллээ. 2021 онд 2,9 тэрбум доллараар хэмжигдэж байсан олборлолт 2028 он гэхэд 12 тэрбум доллар болж нэмэгдэх төлөв гарлаа. Бондын өрүүд ар араасаа нэхэгдэх аюул тулгарлаа. Тэр хэцүү үед “Хөгжлийн банкыг татан буулгахгүй, дампууруулахгүй” гэсэн “зөрүүд” үгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. 66 зээлдэгчийн чанаргүй зээл болох , 1,8 их наяд төгрөгийн зээлийг төлүүлэх ажилд орлоо. Нийт зээлийн 57 хувь нь чанаргүй ангилалд багтаж байв. Зээлдэгчдийн нэрсийг зарлалаа. Зөвхөн Хөгжлийн банкны асуудлаар Засгийн газар 30-аад удаа хуралдаж байв. Зээлийг төлөхгүй гэж авдаг байсан жишгийг даруй өөрчлөв. Зээлийг төлөх гэж авдаг хариуцлага тогтлооо.

Иргэдийн эрүүл мэндэд бодитой анхаарсан ажил эхлүүллээ. Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил хэвшил болов. Соёлын салбарт соёлын бүтээлч үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэл болголоо. Авлигатай нам харгалзахгүй тэмцэнэ гэдгээ ч зарлав. Шүүхийг худалдаж авдаг, ял завшдаг жишиг нуран уналаа. Хариуцлага, шударга ёс Л.Оюн-Эрдэний Засгийн газрын гол трэнд болов. 5Ш ажиллагаа тодорхой үр дүнгээ өгч, улс орон, нийтийн алба, нийгэм хариуцлагатай болж шинэчлэгдэж байна. Одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүсчилсэн хөгжилийн их үйлсэд бүх хүчээ төвлөрүүлж байна. Бүсүүд давуу талаа тодорхойлж, үйл ажиллагааныхаа зургийг зурж эхэллээ. Хүндрэл бэрхшээлийг давж гарсан Засгийн газарт хөгжил дэвшлийн төлөө ажиллах үүрэг ч албан ёсоор оногдож байна уу гэмээр бодол төрөх ажээ.

​​​​​​Т.Санаа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 2 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)