Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.05.30

Ц.Мөнхцэцэг: Улс төрийг бохир мөнгөний урсгалаас цэвэрлэх цаг ирсэн

Ц.Мөнхцэцэг: Улс төрийг бохир мөнгөний урсгалаас цэвэрлэх цаг ирсэн

УИХ-ын ирэх хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийн төслийг  хэлэлцэх товтой байна. Энэ хуулийн шинэчлэлийн талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа


-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг та ахалж байна. Хэр ахицтай байна вэ?

-Улс төрийн намын гишүүдийн 50 гаруй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг хэр нь шийдвэр гаргах түвшин буюу УИХ, Засгийн газар, ИТХ, улс төрийн намын удирдлагад тэдний төлөөлөл хангалтгүй байна. Ардчилсан хувьсгалаас хойш 32 жилийн хугацаанд энэ жил анх удаа аймгийн Засаг даргаар эмэгтэй хүн томилогдлоо.Улс төрийн намуудын удирдах бүтцэд ч эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй. Тийм болохоор л Дэлхийн эдийн засгийн форумаас эрхлэн гаргадаг Дэлхийн жендэрийн  зөрүүтэй байдлын 2020 оны тайланд Монгол Улс 153 орноос 71 дугаар байранд орох жишээтэй. Манай улс эрүүл мэнд, амьдрах чадвар, эдийн засгийн оролцоо, боломж үзүүлэлтүүдээр эхний 40 улс дотор багтсан ч Улс төрийн эрх мэдэл гэсэн үзүүлэлт нь хамгийн тааруу, 120 дугаар байрт явж байгаа юм.

Улс төр судлаач Т.Ундарьяа “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд  Монголын нийгэмд ерөөсөө эрх мэдэлд хүрсэн, мөнгөтэй эрчүүд л бодлого тодорхойлж ирсэн, тиймээс хүүхдийн, эмэгтэйчүүдийн,  жендерийн, хүний эрхийн маш  олон асуудал орхигдсон, гээгдсэн” хэмээж байсан. Би үүнтэй санал нэг байгаа.

Намууд улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох институт байх ёстой.

Улс төрийн намын тухай хууль 2005 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 20 орчим жил өнгөрч  байна. Гэтэл өнөөдрийн түвшинд харахаар улс төрийн намын орчин  өөрчлөгдөж,  сонгууль дахь хөрөнгө, мөнгөний нөлөөлөл өсч,  хөрөнгө мөнгөтэй хүмүүст улс төрийн нам нь гарааны давуу байдлыг үүсгэж байна. Үүнээс гадна улс төрийн нам нь ашиг хонжоо олох, албан тушаал ахих боломж гэж үзэх сэтгэлгээг бий болгосон байна. Нам дагасан бизнес, намыг дагаж төрийн эх сурвалжийг өөртөө ашигтай байдлаар ашиглах орчин бүрдсэн гэж үзэж байгаа. Тиймээс бид өнгөрсөн 30 жилийн алдаагаа засахын тулд нэн тэргүүнд улс төрийн намын орчныг олон улсын түвшинд хүргэх ёстой.

Энэ алдааг засаж залруулахгүйгээр яваад байх юм бол нийгэмд өөрчлөлт шинэчлэл ирэх хугацаа алсарсаар л байх болно. Улс төр зөвхөн мөнгөтэй эрчүүдийн өрсөлддөг талбар болчихвол мэдлэг чадвартай залуус, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд бусад төлөөллүүдийн орох үүд хаалга хаагдсаар л байна. Сонгуульд өрсөлдөх нь өндөр зардалтай байгаа өнөөгийн нөхцөлд эмэгтэй нэр дэвшигчдэд ихээхэн бэрхшээл тулгардаг нь нууц биш. Зарим улс төрийн намууд нэр дэвшигчээсээ дэнчин хэмээх мөнгө татдаг. Тухайлбал, 2020 оны УИХ-ын сонгуульд АН нэр дэвших хүсэлтэй хүмүүсээс  100 сая төгрөгийн дэнчин татсанаараа шүүмжлэлд өртөж, нэр дэвших хүсэлтэй, мэдлэг чадвартай залуучууд, эмэгтэйчүүдийнхээ боломжийг хаасан шүү дээ.

Өнөөдөр бид туулж ирсэн нийгмээ эргэн харж, эргэлтийн шинэчлэл хийх цаг иржээ. Тиймээс хууль эрх зүйн шинэчлэлийг хойш таталгүй, цаг алдалгүй хийж, эрүүл “хөрс” бүрдүүлэх нь чухал байна. Үүнд Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, цаашлаад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал зэрэг хамаарна.

 

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)