Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.01.17

УИХ-ын 126 гишүүн Төрийн ордондоо дангаараа эзэн суух уу?

УИХ-ын 126 гишүүн Төрийн ордондоо дангаараа эзэн суух уу?

 -Монголын төр ард түмэндээ нүүж очно гэв үү?-

Монгол Улсын хүн амын тэн хагас нь нийслэл хотдоо ирээд шавчихсан, ямар ч стандартгүй бетон ширэнгэ болчихсон Улаанбаатар хот, түгжрэл, утааны асуудлаараа хорт хавдрын “эвсэл” болохоор асар их бухимдал “үйлдвэрлэж” байна. Улаанбаатарын энэ зовлон нь ухаантай, зөв бодлоготой, хүндрэл бэрхшээлээс гарах арга замыг сонгосон шийдвэрийг л амжилттай  хэрэгжүүлснээр арилна. Хотод өдөр болгон шахам гарч буй осол аваар, гал, ус, цас мөсний зовлон нь ганц нэг хүнээс болоод нэг шөнө бий болчихоогүй. Төр нь томорч, бодлого нь богинодож, хязгаар нутаг нь хяслан гасланд автсанаас болж нийслэлдээ ирж гачигдал, бэрхшээл шавсаар байж монголчууд “аз жаргалтай” биш яг эсрэг Улаанбаатарыг байгуулчихсан. Энэ зовлонг арилгачих юм бол сайхан аа. Ёстой л улс орны ирээдүйд гэгээ татаад явчихна.

Засгийн газар 2024 оныг бүсчилсэн хөгжлийн жил болгон зарласан. Улс орныхоо онцлог, бүс нутгуудын давуу талыг сонгож хөгжлийн бодлогоо томоор харж эхэллээ. Хэрэгжүүлэх шийдвэрээ ч гаргачихлаа. Үүнтэй холбогдох улс төрийн нэг шийдвэр бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж УИХ 126 гишүүнтэй байхаар хуульчилсан явдал. Тэгвэл ирэх сонгуулиар “орж ирэх” төрийн түшээд Төрийн ордоноос 50 гаруй өрөө гаргаж өг гэж нэхнэ. Ингэхээр Төрийн ордонд Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ гурав төрийн гурван өндөрлөг гээд, сар шинийн ул боовныхоо ард зэрэгцэж байдаг цаг улирах нь ээ. Тэгвэл Төрийн ордонд ямар байгууллага байх ёстой вэ. Төрийн эрх барих дээд байгууллага, УИХ лавтайяа байрлаж таарна. Олон жилийн өмнө УИХ төр, засгийн бусад институциас зайтай байх ёстой гэсэн яриа хөндөгдөж байсан. Кувейт улсын буцалтгүй тусламжаар Парламентын ордон барих асуудал ч цухалзаж, Төрийн эрх барих дээд байгууллага нь ордоноо барих газаргүй болтлоо Улаанбаатар хот газрын луйварт идэгдсэн асуудал ч сөхөгдсөн. Бас тусгаар тогтносон улс орон байтлаа өөр улсын тусламжаар төрийн эрх барих дээд байгууллагынхаа ордныг барих нь бас л маргаан дагуулсан байх. Одоо Төрийн ордоноо УИХ “авах” нь ээ.

Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг хаашаа нүүлгэх юм бол? Энэ асуудлыг Төрийн ордны эрх зүйн байдлын тухай хуультай холбоотойгоор нэлээн нухацтай авч хэлэлцэж шийдвэрлэх байх. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх “сургаар” ҮАБЗ-ийн ажлын алба өөр тийш нүүгээд эхэлчихэж. Улаанбаатар хотын захиргаа ч бас 3 сард багтаж Яармагийн шинэ байрандаа нүүж орох  болсон. Бүсчилсэн хөгжлийг дагаж Төрийн байгууллагуудыг хотоос нүүлгэх тогтоолыг УИХ-ын намрын чуулганы төгсгөлд баталчихлаа. Хөгжлийн цогц бодлого ингэж амь орлоо. Гэхдээ нэг өдөр пирхйтэл нүүлгэхгүй нь тодорхой. Тогтоолд үе шаттай хэрэгжүүлж, гарах зардлыг жил бүрийн төсөвт оруулж байх талаар заасан байна билээ.

“Тан руу нүүж явна” гэдэг шиг олон жил яригдсан бүсчилсэн хөгжлийн асуудал нь төвлөрлийг сааруулах, улс орны хэмжээнд харж бүс нутгийн онцлогуудыг “нээж”, томоор авч үзэх зэрэг олон ажлыг энэ “нүүдэл” дагуулах нь ээ. Монголын төр ард түмэн рүүгээ нүүхээр боллоо. Хархорин хотыг сэргээн  байгуулах ажил, газар нутгийг тусгай хэрэгцээнд авах шийдвэр ч гарчихсан байгаа. УИХ-ын сонгуулийн тойргийг засаг захигааны нэгж болгох хэрэгтэй гэж үзэх судлаачид ч бий. Энэ шийдвэрийн үр дүнд “төрийн олон яамтай, түүх дурсгалын хөшөөтэй” гэж шүлэг дуунд гардаг Улаанбаатар хотын нуруу нэг амарч, шавар хэрмэнд шамбайралдан суух болсон муу зуршлыг гээж утаагүй, түгжрэлгүй, уур бухимдалгүй инээмсэглэсэн сайхан хот, ихэмсэг эрхэмсэг улс орон болох ч юм билүү. Монголын заяа их гэдэг дээ.

Т.Санаа

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)