Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

“Өөдрөг явна шүү, БОЛОР ОО!”

“Өөдрөг явна шүү, БОЛОР ОО!”

   Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаа. 2013 он. “Ай Болор оо, гудамжинд буудалцаан болж байхад чи зам дагуух хананд ороо тавьж байдаг. Хөргөгч, зурагт, шүүгээгээ эндээ тавьчих, сум нэвтэллээ гэхэд эднийг чинь оног. Эсрэг талынхаа хананд ороо байрлуулчих!” гэж БНСУ-ын хошууч, сөнөөгч онгоцны нисгэгч Гү Ми Чой-н зөвлөснөөр энхийг сахиулагч хоёр бүсгүй НҮБ-ын жижигхэн квадрат дахь овор багатай хөнгөн тавилгуудаа тэр оройдоо түчигнүүлэн зөөж оновчтой байрлалыг олов. Удалгүй, “Ай Болор оо, чи ингэж ч болохгүй” гэсээр орж ирэх солонгос бүсгүйн сонор сэрэмжтэйг дээ!. Бүхнийг нягталж боддог нь солонгос хүний чанар гэдгийг Хурандаа Г.Болор санавч тэсэлгүй “Чи байнга л буудуулж үхэх тухай ярих юм, бид хоёр буудуулахгүй!” гэж хэнэггүй монгол зангаараа хэлсэн ч энх тайван бус газарт тэнэсэн суманд ч болов оногдохгүй гэх баталгаа энхийг сахиулагчдад үгүй.

Гэвч “Би бол тангараг өргөсөн цэргийн хүн. Монгол төрийн алтан соёмбо малгай дээр минь залаастай явахад сүлд хийморь өөдөө дээшээ гэдэгт итгэнэ” өөдрөг явахын ерөөл болно.  

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн зарлигаар Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, Хурандаа Ганболдын Болор Бригадын генерал цол хүртлээ. Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй генерал төрсөн нь энэ байв. Тэр бол Цэргийн их сургуулийн анхны эмэгтэй сонсогчоос эхлээд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2010 оноос эхлэн гурван удаа үүрэг гүйцэтгэж, АНУ-ын Агаарын цэргийн команд штабын коллеж, ХБНГУ-ын Олон улсын аюулгүй байдлын төв, Тайландын Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Дайны коллежид Олон улсын харилцаа, цэргийн стратеги судлалын магистрын зэрэг хамгаалсан цэргийн өндөр боловсролтой эмэгтэй.

НҮБ-аас зарласан нээлттэй ажлын байранд дэлхийн олон улсаас цэргийн 1000 гаруй алба хаагч өрсөлдөж, 10-13-хан офицерийг сонгож авахад Хурандаа Г.Болор шалгарч, НҮБ-ын үндсэн ажилтнаар томилогдсоноор манай улсын батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа дэлхийтэй мөр зэрэгцэн явааг баталж, мөрдэс нэгтнүүдээ олон улсын түвшинд үүрэг гүйцэтгэх үүд хаалгыг нээж өгсөн олон анхдагчийн эзэн бол Бригадын генерал Г.Болор.

Монгол Улсын Зэвсэгч хүчин 2017 онд дүрэмт хувцасны загвараа шинэчлэн баталжээ. Тухайн үед эмэгтэй хүн генерал болно чинээ төсөөлөөгүй юү, боломжгүй гэж үзсэнийх үү? эмэгтэй генерал хувцасны загварыг батлаагүй байж. 2022 оны гуравдугаар сарын 18-ны Монгол цэргийн өдөр Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч анхны эмэгтэй Генералыг зарлах болоход “Бөртэ” цэргийн оёдлын үйлдвэрт эмэгтэй генерал хувцасны захиалга мөн анх удаа ирэх нь тэр. Үйлдвэрийн дизайнер, цэргийн хүүхнүүд ширээ тойрон сууж улаан канттай генерал юбка, каракуль захтай өвлийн пальтоны загвар гаргасныг батлуулж, цэргийн хувцасны загварын журамд нөхөж оруулахаар болжээ.

Үйлчин бүсгүйчүүд тэр шөнөдөө анхны эмэгтэй генералдаа хувцас урлах ажилд шалавлан оржээ. Генерал кительний мөрөн дээрх алтан таван хошуу, ханцуйн чимэг алхан хээг уран хатгамалчид ацаг шүдний зөрүүгүй гараа гарган шагласнаар Монгол эмэгтэй генерал хувцасны иж бүрдэл өглөөний таван цагт үйлдвэрээс гарсан байна. Цэргийн их сургуулийн сонсогчоос Генералын алтан таван хошууг гялалзуулах хүртлээ Зэвсэгт хүчний салбарт 28 дахь жилдээ зүтгэж буй Бригадын генерал Ганболдын Болорыг Gogo Cafе ярилцлагын зочноор урилаа.

-Байлдагчийн халаасанд Генералын мөрдэс бий гэдэг. Залуу байлдагч бүсгүйн халаасанд Генералын мөрдэс байсан болов уу?

-Тэр үед миний халаасанд Генералын погон байгаагүй, сэтгэлд ч байгаагүй. /инээв/

-Цэргийн их сургуульд элсэхэд нөлөөлсөн гол хүн нь Таны ээж гэж дуулсан?

-Тийм ээ. Би 1994 онд Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн Химийн сонгоны ангид сурч төгссөн юм. Эмч болох гэж тэр шүү дээ. Гэтэл тэр жил радиогоор “Цэргийн их сургуульд эмэгтэй оюутан элсүүлнэ” гэсэн зар явсныг ээж сонсоод “Миний охин Цэргийн сургуульд орооч” гэлээ. Цэргийн талаар ямар ч ойлголтгүй би бүр гайхаж, “Яагаад?” гэсэн чинь “Хувцас нь үнэхээр гоё, ээжийнх нь мөрөөдөл” гэж үү./инээв/ Би ч ээжийнхээ үгнээс гардаггүй учир “Шалгалтыг нь өгөөд л уначихъя” гэж бодлоо. Шалгалтдаа очтол 100 гаруй гоё гоё охид байна. “Эд нар үнэхээр цэргийн сургуульд орох юм байх даа” гэж бодож билээ. Орос хэл, физик, биеийн тамирын хичээлээр шалгалт авна. Шалгалтууддаа эхнээсээ тэнцэж байлаа. Физикийн шалгалтын эхний гурван тоогоо бодчихлоо. “Дөрөв дэхээ бодвол орчихно шүү дээ” гэж бодоод сүүлийн тоогоо орхиод шалгалтын цаасаа хураалгачихав. 

Тэгсэн намайг Сургалтын албанаас дуудлаа. Очтол нэг настайвтар багш “Миний охин, чи хүнд бодлогуудаа бодчихоод яагаад хамгийн амархныг нь үлдээчихсэн юм бэ. Хүн дарамталсан уу? Ямар учир байна” гэж асуусан. Нулимс урсаад “Би Цэргийн сургуульд ормооргүй байна” гэсэн чинь “Яагаад тэр вэ? Бид сурлага сайтай хүүхдүүдийг шалгаж авч байхад тэгж болохгүй. Миний хүү багшийнхаа дэргэд энэ тоог бодчих” гээд нэг тоо өгөхөд нь бодчихлоо. Багш “Тэр тэр...!” ... гэсээр, Цэргийн сургууль ийм ийм давуу талтай гэж ятгасаар аргагүй сонголт хийлгэсэн дээ. /инээв/ Тэр цагаас хойш ээжийнхээ заасан замаар зэвсэгт хүчний салбарт 28 дахь жилдээ ажиллаж байна. Хэдэн жилийн өмнө манай цэргийн “Соёмбо” сонинд “Анх дургүй орсон, одоо дурлаж явна” гэсэн гарчигтай нийтлэл гарч билээ. Ээж минь алдаагүй юм байна, охиноо зөв таньсан юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (1)
  • зочин • 2 жил - 202.21.123.56 Хариулах
    Сайхан бүсгүй шүү