Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Засгийн газрын онцлох БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД

Засгийн газрын онцлох БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД

МАН Засгийн эрх барьсан 2016 оноос хойш бүтээн байгуулалтын олон ажил эхлүүлсэн ч ихэнх нь ашиглалтад орж амжаагүй байна. Энэ онд зарим томоохон бүтээн байгуулалт нь эхэлж байгаа бол зарим нь он дамнан үргэлжлэх төлөвлөгөөтэй байна.

 

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР 2027 ОНООС БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ГАРГАНА

Газрын тосны үйлдвэр. Энэ нь  асар өндөр өртөгтэй. Төсөв нь 3.1 их наяд төгрөг. Үйлдвэрийн хүчин чадлын ТЭЗҮ-д өөрчлөлт ороогүй. Харин үйлдвэрийг барих ТЭЗҮ-д өөрчлөлт орсон байна. Өнгөрсөн 2022 оны нэгдүгээр сарын 29-нд УИХ Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. БНЭУ-ын 1,236.0 сая ам.долларын зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, дотоодын хэрэгцээг бүрэн хангах үйлдвэр болон дагалдах байгууламжийг шинээр байгуулах юм.

Үйлдвэр 2023 онд ашиглалтад орно гэж албаныхан мэдээлж байв. Жилд 1.5 сая тонн нефть  үйлдвэрлэх хүчин чадалтай. Анх 2024 онд ашиглалтад орно гэж тооцоолж байсан ч хойшилсон. Тус үйлдвэрийн захирал Б.Алтанцэцэг “Газрын тос боловсруулах үйлдвэр” өрөнд орж, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүрсэн талаар ч мэдээлж байлаа.

Газрын тосны үйлдвэрийн анхны санхүүжилтыг Энэтхэгийн талаас  зээлэхээр болсон агаад хэмжээ нь нэг тэрбум ам.доллараар яригдаж байлаа. Улмаар 2019 онд УИХ-аас 1.3 тэрбум ам.доллараар баталсан. Харамсалтай нь, зээл батлагдсан ч цар тахлын нөхцөл байдал үүсэж, бүтээн байгуулалтын ажил саатсан. Улмаар 1.3 тэрбум ам.доллароос 112 сая ам.долларыг л манай тал авч ашигласан аж.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Гэтэл энэ оны нэгдүгээр сараас эхлээд аваагүй зээлийнхээ үндсэн төлбөр, хүүг төлж эхлэх шаардлага үүссэн юм. Тодруулбал, нэгдүгээр улиралд багтааж 64.5 сая ам.долларын үндсэн төлбөрийн асуудал гэрээний дагуу үүсэж эхэлсэн хэрэг. Улмаар зээлээ төлөөгүй тул дараа дараагийн санхүүжилт байхгүй болсон. Дөрвөн хэсэг бүтээн байгуулалтаас эхний бүтээн байгуулалт нь санхүүжилтийн улмаас гацаанд орсон юм. Тиймээс нэгдүгээр сард ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, яамдууд өөр өөрсдийн чиглэлээр үүрэг авч ажилласан. Манай яамны хувьд гэрээнд өөрчлөлт оруулах чиглэлээр Энэтхэг улсын банктай таван сарын хугацаанд хэлэлцээр хийсэн” гэдгийг хэлж байв.

Хэлэлцээрийн үр дүнд 236 сая ам.долларын зээл авахаар болсон. Ирэх 2026 он гэхэд эхний байгууламж ашиглалтад орж, 2027 оноос эхний бүтээгдэхүүнээ гаргана гэж эрх баригчид төлөвлөж байна.

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН АЖИЛ 2024 ОНЫ ЗУН ЭХЭЛНЭ

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцалд БНХАУ-ын 288.5 сая ам.долларын зээлээр 90МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барьж байгуулна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил 2022 онд л эхлэхэд бэлэн болсон талаар албаныхан мэдээлж байсан билээ. Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамнаас гүйцэтгэгч “Пауэр Чайна” /PowerChine/ компанитай 2021 оны есдүгээр сард гэрээ байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр тооцсон. Өөрөөр хэлбэл, 61 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм

Усан цахилгаан станцын үндсэн барилга баригдах Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумын нутаг дэвсгэрт орших 111,2 га газарт одоогоор ямар нэгэн айл өрх, аж ахуйн нэгж байхгүй боловч усан сан бүрэлдэх талбайд 2026 оноос нөлөөлөлд өртөх 270 өрхийн 1251 иргэний газар чөлөөлөх асуудал яригдаж буй. Нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд эдгээр өрхийг 2022-2023 онд шинээр суурьшуулахаар төлөвлөсөн газар нутагт нүүлгэн шилжүүлэх боломжтой аж.

Усан цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг батлуулж, тусгайлсан гэрээ байгуулсан байдаг. Төслийн ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, Байгаль орчин нийгмийн үнэлгээний тайланг боловсруулаад буй.

ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ 2024 ОНД АШИГЛАЛТАД ОРОХ УУ?

Шинэ төв цэвэрлэх байгууламжийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, одоогийн цэвэрлэх байгууламжийн баруун талд био цөөрмийн талбайд барьж эхэлсэн. Нийт санхүүжилтийн 95 хувь буюу 249.6 сая ам.долларыг Хятадын Засгийн газраас, таван хувь буюу 13.1 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас гаргах заалттай.

Уг байгууламж хоногт 250 мянган м/куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадал бүхий дэвшилтэт технологи ашиглан, эрчим хүч ба дулаан гаргаж авснаар үйлдвэрлэлийн дулаан, цахилгааны дотоод хэрэгцээний 34 хувийг хангах аж.

Хэрэв шинэ цэвэрлэх байгууламжийн ашиглалтад орох хугацаа хойшилбол лагийн үнэр 2-3 дахин нэмэгдэх нь гарцаагүй. Учир нь нийслэлийн хүн ам, орон сууцны барилга жил ирэх тутам өсч байгаа.

Цэвэрлэх байгууламжийн ажлын нарийвчилсан зургийг Францын “Артелиа Вил энд Транспорт” компанийн ТЭЗҮ-г үндэслэн БНХАУ-ын Шанхай хотын инженерийн зураг төслийн институт гүйцэтгэж байгааг албаныхан хэлсэн. Харин монгол хэл дээр хөрвүүлэх ажлыг “Сивил инженеринг консалтинг” болон “Криетив монголия” компанийн түншлэл хариуцаж байгаа аж. Бүтээн байгуулалтад ажиллах хүчний хувьд  50-иас доошгүй монголчууд байхаар гэрээндээ тусгасан бол тоног төхөөрөмжийн хувьд 100 хувь Хятадаас татна. Хүний нөөц, тоног төхөөрөмжөөс илүүтэй хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж төв цэвэрлэхээ түргэн ашиглалтад оруулах нь чухал. Барилгын ажил 42 хувьтай явж байгаа. Албаныхан уг бүтээн байгуулалтыг 2023 онд ашиглалтад оруулж, 2024 он хүртэл туршилт хийнэ. Төслийн хүрээнд нийт 35 барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ дэд бүтэц баригдана гэдгийг онцолж байв.

ХӨШИГИЙН ХӨНДИЙД МАЙДАР ХОТЫГ БАРИХ ШИЙДВЭР ГАРГАСАН

2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аар Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод болон Майдар хотыг барих шийдвэр гарсан. Ингэснээр Хөшигийн хөндийд цогцоор нь бүтээн байгуулалт хийх ажлыг төлөвлөөд буй.

Хөшигийн хөндийд 150 мянган хүн амьдрах боломжтой гэсэн урьдчилсан судалгаа гарсан. Тээвэр ложистикийн бизнес, үйлдвэрийн чиглэлийн ажлын байр бий болно. Энэ дагуу хоногт 20 мянган куб бохир усыг цэвэрлэх чадалтай гурван цэвэрлэх байгууламж, таван усан сан түүнийг холбосон шугам сүлжээ, замын сүлжээ, дулааны станц-2, газар доод талын эх үүсвэрийг холбосон олон бүтээн байгуулалтыг хийх талаар албаныхан мэдээлж байв.

ЭС ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭХ ТӨВИЙН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүүн байрны арын хэсгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас 2010 онд энэ байранд эмчилгээ, үйлчилгээ явуулах боломжгүй гээд акт тогтоосны үндсэн дээр барилгыг нураасан. Одоо машины зогсоолоор ашиглаж буй.

Тэр газар дээр өргөтгөлийг барихаар зураг төслийг нь хийж байгаад сүүлд орчин үеийн эмнэлгийн стандартад нийцсэн зураг төслийг БНСУ-ын компаниар гүйцэтгүүлжээ.

Өнгөрсөн 2020 онд сонгуулийн өмнө эмнэлгийн даргаар Т.Мөнхсайхан ажиллаж байхдаа тушаал гаргаж, эмнэлгийн барилгын зураг дээр ТЭЗҮ буюу бүх цогц ажлыг хийж, Засгийн газарт өргөн барьснаар энэ бүтээн байгуулалт 2020-2024 оны МАН-ын хөтөлбөрт багтжээ. Өмнөх жилүүдэд энэ барилгын ажил яригддаг байсан ч гэсэн улсын төсөвт 140 тэрбум төгрөгийг суулгах боломжгүй байсан. Харин энэ жил энэ төрлийн эмчилгээний хэрэгцээ шаардлага их байдаг гэдгийг ойлгож, ар гэрийнхний хүсэлт их байдаг гэдгийг Засгийн газрын түвшинд дэмжсэн гэдгийг эмч нар хэлж байсан юм.

Барилгын ажил 2024 оноос эхлэх төлөвлөгөөтэй. УИХ-ын чуулганаар 2024 оны төсвийг баталж, өвөл дуусч дулаарангуут ажлаа эхэлнэ гэдгийг албаныхан мэдээлсэн. Сангийн яамнаас энэ төслийг гурван жилийн хугацаанд хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Нийт 140 тэрбум төсөвт өртгөөс энэ жил 40 тэрбумыг төсөвт суулгаж байгаа юм.

Эх сурвалж:https://news.mn/

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)